Автобусны яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүллээ

Автобусны яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүллээ

 

Бүгд найрамдах Солонгос улсын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газар хамтран нийтийн тээврийн яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч дарга Д.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын дарга болон БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын болон “Котра Улаанбаатар” байгууллагын төлөөлөл оролцлоо.

Агаарын чанарыг сайжруулах хийгээд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлд хамтран ажиллах хүрээнд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг нэвтрүүлж байгаа юм. “Серакомб” компани нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг шүүх технологи бүхий  DPF төхөөрөмжийг 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай юм.

Монгол улсад тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулах дээрх төхөөрөмжийг 2008, 2010 онд туршилт судалгааны чиглэлээр суурилуулсан байна. Одоогоор БНСУ, БНХАУ, Иран, Тайланд зэрэг 7 улсад нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн онд “Серакомб” ХХК нь өөрийн хөрөнгөөр том оврын 4 автобусанд уг төхөөрөмжийг суурилуулсан. Төхөөрөмж суурилсан автобусыг тодорхой хуваарийн дагуу туршин, нарийн хэмжилт хийдэг бөгөөд “Сайн” гэсэн үнэлгээг гарчээ.

 

DPF төхөөрөмжийг нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд суурилуулснаар тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen