Замын цагдаа, хяналтын камераас холдлоо гэсэн шиг хурдаа нэмэн давхиж, хэн нэгнийг хөнөөж эсвэл эрдэнэт амиа алдсаар байх уу

Замын цагдаа, хяналтын камераас холдлоо гэсэн шиг хурдаа нэмэн давхиж, хэн нэгнийг хөнөөж эсвэл эрдэнэт амиа алдсаар байх уу

 

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу энэ сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтэж бэртжээ. Тав, зургаахан хоногийн дотор 10 гаруй хүн золгүй байдлаар нас барна гэдэг үнэхээр харамсалтай. Хэдий гай барцад хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг ч авто замын осол нь жолооч нарын болгоомжгүй байдлаас 100 хувь хамаардаг. Ганцхан секунд анхаарал сарних төдийд л эрдэнэт хүний амь нас яригдана. Тийм учраас жолооч нар холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна, хамгаалах бүс хэрэглэж, өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулдаг.

Баярын өдрүүдэд авто замын ослоор нас барсан хүний 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаа алдсан бөгөөд нэг нь бага насны хүүхэд байсан. 

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23,8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.

 

Тухайлбал:

Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд тухайлбал Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багийн нутаг “Уран тогоо” гэх газар асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай эрэгтэй Б нас барж, зорчигч нарын 3 хүн гэмтсэн,

Төв аймгийн Лүн сумын 2 “Цагаан хөтөл” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг тодруулахад, орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь хурд хэтрүүлснээс шалтгаалжээ. Ийнхүү жолооч нар хурдаа тохируулаагүйн улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт буюу хамгаалах бүс хэрэглээгүйгээс болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Энэ бүхнээс харахад Монголчуудын нэг хэнэггүй зан байна. Хотоос гараад л замын бөглөрөл байхгүй гэсэн мэт хүссэн, хүсээгүй хурдаа нэмэн, давхидаг нь үнэн. Гэтэл үнэндээ орон нутгийн замд л авто замын ноцтой ослууд гардаг талаар эх сурвалж хэлж байгаа юм.

 

Ялангуяа баяр ёслол, аялал зугаалгын үеэр Улаанбаатараас хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Жолооч нар нарийхан зам дээр хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэхдээ дүрэм зөрчих явдал байнга гаргадаг. Үүнээс болж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол гарсаар байгаа юм. Өнөөдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” хэмээн заасан байгаа. Гэтэл 120-130 км/цагийн хурдтай давхих бол жирийн үзэгдэл. Хууль, дүрэмд зааснаар 60-80 км/цагийн хурдтай явахаар үхэр тэргээр явж байгаа юм шиг санагддаг хүн бишгүй л олон.

Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэн давхихаас гадна, хамгаалах бүсийг бүр мөсөн мартдаг гэхэд хилсдэхгүй. Баярын амралтын өдрүүдэд авто замын ослоор 13 хүний амь нас хохирсоны нэг нь бага насны хүүхэд байсан нь буруу тээвэрлэлтээс үүдэлтэй байсныг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Мөн саяхан автын ослоор 10 сартай хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ нь бас л хүүхдийг буруу тээвэрлэснээс шалтгаалсан байдаг. Бага насны хүүхдийг буруу тээвэрлэснээс болж, хойч ирээдүй  болсон үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хохироосоор байх уу. 

Эцсийн мөчид хотоос гараад л замын цагдаа, хяналтын камераас холдлоо гэсэн шиг дүрэм, журмаа зөрчин эрх чөлөөтэй давхих биш. Харин ч  хайртай гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, хамгаалах бүсээ заавал хэрэглэнэ гэдгийг эцэг, эх бүр, жолооч бүр ухамсарлах хэрэгтэй юм шиг.

Х.Соёл

http://www.zaluu.com/read/2hf2be69a

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen