АНУ-ын цэргийн баазын зургийг нууцаар авсан Хятад оюутан ял авчээ
АНУ-ын Флорида дахь тэнгисийн цэргийн баазын зургийг хууль бусаар авсан БНХАУ-ын иргэнд ял оноосон талаар "www.yahoo.com" сайт мэдээллээ.
Хойд Хятадын их сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцдаг Жао Чиэнли гэх 20 настай оюутан залууг баривчилсан гэнэ.
Оюутан залуу хоёр улсын оюутан солилцооны хүрээнд АНУ-д ирээд байжээ.
Тэрбээр өнгөрөгч оны наймдугаар сарын 26-нд Флорида дахь тэнгисийн цэргийн баазын хориотой хэсэг рүү нэвтэрч, улмаар нууц байгууламжуудын зургийг авсан нь шалгалтын явцад тогтоосон байна.
Харин түүний өмгөөлөгч "Жао Чиэнли наран шарлагын газар руу явж байхдаа төөрч, улмаар бааз руу орсон" гэж шүүхийн үеэр мэдэгдсэн аж.
Мужийн шүүх өчигдөр Жао Чиэнлид нэг жилийн хорих ял оноосон байна. Залуу өөрийгөө хохирогч хэмээгээд "Би ямар ч буруугүй" гэж хэлжээ.