ДАРААГИЙН УИХ-ЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ

ДАРААГИЙН УИХ-ЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ

 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Харин Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэх бүрдэх юм. Төрийн мэдээлэл сэтгүүл өнөөдөр хэвлэлтээс гарна. Иймээс маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэхээр товлоод байна. УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын орыг хэн залгах вэ, гэх таамаг  олон нийтийн дунд хөвөрч байна. Төрийн ордноос Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын нэрс яригдаж байгаа тухай бор шувуу нисээд амжив. 

Ц.Нямдорж сайдын суудлаа УИХ-ын даргын суудлаар солих уу?

 “М.Энхболд оо, өөртэй чинь холбоотой асуудал үүсчихээд байхад үүнийгээ ярихгүй юм. Хэдэн удаа  хэлүүлэх гээд байгаа юм. Танд зөндөө хэлсэн. Нэг удаа ч биш бүтэн жилийн турш ярьж байна. 50 хувь нь таныг эсэргүүцээд энэ танхимаас гарчхаад байхад яаж цааш нь удирдах гээд байгаа юм. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү. УИХ-ын дарга гэдэг албыг би өгч үзсэн хүн. УИХ-ын даргын албан тушаалаас болж УИХ-ын нэр хүнд сэвтэх ёсгүй” хэмээн чуулганы хуралдааны үеэр Ц.Нямдорж, М.Энхболдод хандан хэлж байв. Тэгвэл Ц.Нямдоржид сайдын суудал УИХ-ын даргын суудлаас илүү үнэ цэнэтэй байх уу?
Сайдын суудалд тухлахаас өмнө УИХ-ын дэд даргын албыг Ц.Нямдорж хашиж байсан. Түүний хувьд хэд хэдэн чуулганы хуралдааныг даргалж УИХ-ын гишүүдийг “сандралд” оруулсан. Тэр гишүүдийг чуулганы хуралдаандаа цагтаа ирэхийг сануулж, “хатуу гараар” чуулганы хуралдааныг удирдсан. Угаас чуулганы хуралдаандаа барагтай л бол тухлан саатдаггүй гишүүдэд яг одоо хатуухан УИХ-ын дарга хэрэгтэй байна. Гэхдээ олон нийтийн хүсэж байгаа “шинэ хүн” Ц.Нямдорж байж чадах уу? 
 
УИХ-ын залуу гишүүдийн төлөөлөл Т.Аюурсайхан
 

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа МАН-ыг шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж, Тусгаар тогтнолын үүдэн гэр барьж багагүй “тоглолт” хийсэн нөхөр бол Т.Аюурсайхан. Тэр МАН-ын 27-р Их хурлаар М.Энхболдтой намын даргын суудлын төлөө өрсөлдөж байв. Харин одоо М.Энхболдоос УИХ-ын даргын суудлыг авчих  нууцхан хүсэл Т.Аюурсайханд байхыг үгүйсгэхгүй. Т.Аюурсайханы хувьд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаар ажиллаж байсныг дурдах хэрэгтэй.  МАН-д улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Нийслэлийн хяналтын хорооны гишүүн, намын Бага хурлын гишүүн хүртэл ажилласан. 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, дүүргийн хурлын төлөөлөгчөөс хурлын хорооны дарга, дүүргийн Засаг дарга хүртэл дэвшин ажилласан намтартай. Харин УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залраад авсан нэгэн.

 
П.ГОО 
Оллоо.мн 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen