“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд

“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд

 

Энэ жилийн Алтан Бөмбөрцөг наадмаас гол 2 шагналыг хүртэж, улмаар Оскарын шагнал гардуулах наадамд хүчтэй өрсөлдөх нь тодорхой болоод буй Bohemian Rhapsody хэмээх гайхалтай киноны талаар сонирхолтой фактуудаас хуваалцаж байна.


 
Киноны гол дүр болох Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн дүрд инээдмийн киноны нэрт жүжигчин Саша Барон Кохеныг (Borat, Bruno зэрэг дүрүүдээр танигдсан) тоглуулахаар тохирсон байсан ч, тэрбээр уран бүтээлчидтэй ойлголцоогүйн улмаас төслийг орхисон гэдэг. Ингээд хэдэн жил алдсан төслийнхөн 2016 онд Рами Маликийг сонгон шалгаруулалтанд оруулж, сонгосноор киноны ажил урагшилж эхэлжээ. Рами Малик ч өөрт оноогдсон эрхэм хүндтэй үүргийг тултал нь биелүүлж, гайхалтай жүжиглэлтийнхээ хүчинд томоохон шагналуудын эзэн болоод байна.


                            
Киноны ерөнхий найруулагч Брайн Сингер нь алдарт X-Men киноны олон ангийг найруулснаараа ихээхэн алдаршсан нэгэн. Тэрбээр киноныхоо нилээд хэсгийн зураг авалтыг хийчихсэн байх үедээ жүжигчид болон кино багийнхантай маргалдсаны улмаас төслийг орхисон гэдэг. Өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас гэж тайлбарладаг. Ямартай ч, киног дуусгахын тулд шинээр Декстер Флечер гэх найруулагчийг оруулсан бөгөөд Америкийн кино найруулагчдын холбооны дүрмийн дагуу Bohemian Rhapsody киноны ерөнхий найруулагч гэх цол гуншинг Брайн Сингер хадгалдаг. Гэсэн хэдий ч, саяхан болсон Алтан Бөмбөрцөг кино наадмын шилдгийн шилдэг кино шагнал хүртэхэд найруулагч Брайн Сингер харагдсангүй, түүнд урилга өгөөгүй, тэрбээр гэрээсээ наадмыг үзэн сонирхжээ.


 
Кинонд Фредди Меркуритай холбоотой хэд хэдэн бодит үйл явдлыг цаг хугацааны дараалал болон ач холбогдлын хувьд өөрчлөн үзүүлжээ. Тухайлбал кинон дээр Фредди ДОХ өвчин туссан гэдгээ мэдсэнийхээ дараа хамтлагаа эргэн нэгтгэж, 1985 онд Африк тивийн төлөө хандивын Live Aid тоглолтонд оролцож буйгаар гардаг. Харин бодит амьдрал дээр Фредди ДОХ-той гэдгээ 1987 онд мэдсэн бөгөөд хамтлагийн гишүүд нь энэ талаар 1989 он хүртэл мэдээгүй явсан гэдэг.
 
Мөн кинон дээр Фредди соло карьер хөөж, цомог гаргах гэснээс үүдэн хамтлаг тарж бутарч байгаа үйл явдал гардаг. Харин бодит амьдрал дээр Queen хамтлаг огтхон ч тараагүй, хамгийн түрүүлж соло цомог гаргасан хүн нь Фредди ч биш, гитарчин Тейлор 1981 болон 1984 онуудад хувийн цомгоо гаргаж байжээ. Фредди Меркуригийн соло цомог нь 1985 онд гарсан юм. Тэр ч үүднээс 1985 онд болсон Африкийн хандивын шууд тоглолт дээр Queen хамтлаг эргэж нэгдээгүй, ердөө хэдхэн долоо хоногийн өмнө аялан тоглолтоо дуусгачихаад байсан үе юм.


 
Дашрамд хэлэхэд Bohemian Rhapsody уран сайхны кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого цуглуулсан намтарчилсан кино, бодит хүний тухай уран бүтээл болоод байна. 50 сая долларын зардлаар бүтээгдсэн уг кино одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 780 орчим сая ам.долларын орлогыг цуглуулаад байгаа юм.

Zuv.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen