Эцэг эхтэйгээ шүүхээр заргалдсан одууд

Америкийн дуучин, жүжигчин Рианна эцгийнхээ эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Өөрийнх нь гоо сайхны бүтээгдэхүүн, хувцасны “Fenty” брэндийг хувийн бизнесийн зорилгоор ашиглаж байна хэмээн тэрбээр эцгийгээ буруутгаж байгаа аж.

Рианнагийн эцэг авъяастнуудыг хайх “Fenty Entertainment” агентлагийг байгуулснаас хойш эцэг охины дунд маргаан дэгдэж эхэлжээ.  Барбадосын дуучин бүсгүйн бүтэн нэр нь Робин Рианна Фенти юм. Эцэг нь “Fenty Beauty ба Savage & Fenty” брэндийнх нь нэрийг хувийн бизнесийн зорилгоор ашиглахыг оролдож байна гэж дуучин Рианна үзэж байгаа аж. Ингээд эцэг эхтэйгээ шүүхээр заргалдаж байсан алдартнуудтай танилцая.

Бейонсе

Дөнгөж карьераа эхэлж байхад нь Америкийн алдарт дуучин, жүжигчин Бейонсегийн хамгийн гол дэмжигч, урамшуулагч нь түүний эцэг Мэтью Ноулз байжээ. Тэрбээр охиныхоо төлөө ажлаа хаяж, продюсорын ажилд бүхий л цагаа зарцуулдаг байсан аж.

Гэсэн хэдий ч энэ бүхэн үнэн хэрэгтээ ашиг харсан шийдвэр байсныг Бейонсе 2011 онд олж мэджээ. Хөрөнгө мөнгөнөөс нь хэдэн саяар нь хувьдаа авсан эцгээ Бейонсе шүүхэд өгсөн байна. Бейонсегийн эцэг луйвар хийсэн хэргээр ногдуулах шийтгэлээс бултаж чадсан хэдий ч охинтойгоо одоо хүртэл харьцаагүй байдаг гэнэ.

Эминем

Ээжтэйгээ тааруухан харилцаатай байдгаа Америкийн рэпер Эминем нууж байгаагүй юм. Тиймдээ ч ээжийгээ хар тамхи, согтууруулах ундаанд донтсон гэж буруутгадагаа дуунууддаа тусгадаг байжээ.

Эминемийн ээж Дебби Мэтерс 2008 онд “Миний хүү Маршал, миний хүү Эминем” нэртэй номоо гаргаж байсан бөгөөд өөрийг нь гүтгэн доромжилсны төлөө хүүгээ шүүхэд өгч байжээ. Жилийн дараа зүрхэндээ хагалгаа хийлгэж, хүндээр өвдсөн ээж нь хүүтэйгээ харилцаагаа сэргээхийг оролдож байсан хэдий ч Эминем ээжтэйгээ эвлэрэхээс татгалзсан байна.

 

Дрю Бэрримор

Америкийн жүжигчин Дрю Бэрримор хүүхэд байхаасаа л нэрд гарсан юм. Түүний ээж Жейд Бэрримор охиноо багаас нь л задгай амьдралын хэв маягт сургажээ. Дрю 9 насандаа тамхи татаж, 11 насандаа согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бол 13 насандаа анх удаа хар тамхины эмчилгээ хийлгэж байсан аж.

Амиа хөнөөхийг завдсаныхаа дараа Дрю ээжийгээ шүүхэд өгч, асран хамгаалагчийнх нь  эрхийг хасуулж байжээ. Мөн түүний ээж Жейд охиныхоо багадаа хэрэглэж байсан эд зүйлийг нь зарж худалдаж байсан аж. Ээж охин хоёр олон жилийн туршид харилцаагүй явсан хэдий ч 2001 онд харилцаагаа сэргээсэн байна.

 

Маколей Калкин

“Гэртээ ганцаараа” кинонд гол дүр бүтээсэн, Холливүүдийн хамгийн алдартай жүжигчин хүү Маколей Калкинд олсон мөнгөө шударгаар захиран зарцуулах эрхийнхээ төлөө эцэг эхтэйгээ шүүхээр заргалдахад хүргэсэн үе байжээ. Олон саяын хөрөнгө мөнгө нь эцэг эхтэйгээ байнгын зөрчилдөх гол шалтгаан болж байсан аж.

Маколей Калкины эцэг эх нь асран хамгаалагчийн эрхийг өөрсөддөө авахыг завдаж, продюсоруудад хэтэрхий их шаардлага тавьж байсан нь эцсийн дүндээ залуу жүжигчний карьерыг сүйрүүлж орхисон юм. Насанд хүрмэгцээ Маколей Калкин шүүхэд хандаж, дансанд нь байсан 17 сая ам.доллараа өөрөө захиран зарцуулах эрхтэй болсон байна.

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen