Х.Баттулгын “эрс шинэчлэл”-ийн дүнд У.Хүрэлсүх ч үлдэхгүй

Шинэ он гарлаа. Хэрүүл уруул, үл ойлголцолтой 2019 оныг угтсан Монголын улс төр энэ жилдээ улам илүү бужигнаантай байх бололтой.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид хэлсэн үгэндээ иймэрхүү агуулгатай зүйл хэлчихэв.

Х.Баттулга бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч юм. Өмнө нь П.Очирбатаас хойшхи дөрвөн Ерөнхийлөгч он солигдохын өмнө ард түмэндээ хандаж 20 гаруй жил үгээ хэлжээ.

Шинэ он, сар шинийг угтсан тэдгээр Ерөнхийлөгчийн үг хэзээнээсээ бэлгэдэл, эв найрыг дуудсан утга бүхий байж ирсэн.

Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга зуунги, сандруу маягтай хөмсөг зангидан байж “…2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж хэлээ. Энэхүү “Эрс шинэчлэл”-ийн талаар амтай болгон л ярьж байна.

Ер нь бол  Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба цахим сайтдаа хашилт хийн түгээсэн энэхүү “Эрс шинэчлэл” гэж чухам юу хэлсэн бэ. Ямар үйл явдал болох вэ гэдэг дээр улс төрийн ажиглагчид тунгааж байх шиг байна.

 

Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ.

 

“Эрс шинэчлэл” бол аль 2005 онд 15 мянган хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулж байсан С.Ганбаатар, Н.Дугар нарын хүмүүсийн тэргүүлсэн иргэний хөдөлгөөний нэр байсан. Тэр үед л Ерөнхийлөгчийн яриад байгаа “эрс шинэчлэл” хийгдчих боломжтой байсан гэсэн үг. Харамсалтай нь, тухайн үеийн төр, засаг “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тавьсан шаардлагуудыг хүлээж аваагүй.

Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 13 жилийн дараа энэ нэрийг “зээлдэн” байж мэндчилгээ дэвшүүлсэн нь анхаарал татаж байгаа юм.

Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ.

Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч өөрөө “Эрс шинэчлэл” хэмээн нэрийдсэн болохоос биш энэ малгай дор өнгөрсөн 2018 оны дунд үеэс нэг “үйл ажиллагаа” явагдаад ирсэн. Энэ нь цаашид үргэлжилнэ.

Төрийн ордон, улс төрийн хүрээнд нэг зүйл он солигдож, Ерөнхийлөгч Х.Баттулга “…Эрс шинэчилнэ “гэж үгээ хэлэхээс хамаагүй өмнө нэг зүйл яригдах болсон. Удсан.

Тэр бол У.Хүрэлсүх М.Энхболдыг зайлуулах гэж байна. Яаж ийгээд албан тушаалаас нь унагаж таарна. Харин дараа нь У.Хүрэлсүх өөрөө унана гэж байв.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын “Эрс шинэчлэл”-ийн дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч үлдэхгүй.

 

Б.Дамдин-Очир

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen