БИЧИЛ УУРХАЙЧИД ТАРИА ТАРЬЖ, ГАХАЙ, ТАХИА ҮРЖҮҮЛНЭ
Монгол Улсын газрын хэвлийд алт, мөнгө, зэс, нүүрс гээд асар их баялаг бий. Энэ баялгаа бид 1990-ээд оноос эхлэн эмх замбараагүй, хайр найргүй ухсан. Үүнээс болж газар шороо сүйдэж, энэ тэнд асар том нүх үүссэн нь бодит үнэн. Яг ийм болсон газар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт элбэг тохиолдоно. Алтыг нь аваад авдрыг нь хоосон үлдээсэн ул мөр хаа сайгүй. Харин үлдэгдэл дээр нь бичил уурхайчид нэртэй иргэд ажиллаж байх юм.
Улаанбаатар хотоос Швейцарийн хөгжлийн агентлагийн ажилчид болон 30 орчим сэтгүүлч, бичил уурхай эрхэлдэг иргэдтэй уулзаж, тэдний алт олборлох үйл явцыг сурвалжлахаар зорьж очоод байгаа нь энэ. Түүнчлэн Дархан-Уул аймагт өнгөрсөн аравдугаар сард байгуулагдсан үнэт металлын сорьц тогтоох лабораторитай танилцах зорилготой байв. Бид хотоос 5-6 цаг явж зорьсон газартаа очсон юм. Биднийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Шинэхүү, “Буянтын хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа нар угтан авлаа. Энхэл донхолтой шороон замаар манаргасаар бичил уурхай эрхлэгчдийн ажлын талбар дээр ирэв. Энд мянга орчим бичил уурхайчид алт олборлодог гэнэ. Биднийг очих үеэр ихэнх нь байсангүй. Учир нь Шарын гол сумын урлагийн их наадамд оролцох гээд бэлтгэлдээ гарсан. Зарим нь хүйтэрсэн учраас эрт буусан гэдгийг хэлж байлаа. Гадаа хасах 15 хэмийг зааж байхад бичил уурхайчид ажрах ч үгүй ажлаа хийж байв. Тэдний нэг Б.Эрдэнэбаатар “Арван жил бичил уурхай эрхэлж байна. Ямар ч байсан ар гэрээ боломжийн аваад явчихдаг. Энэ зун манай бригад дээд тал нь өдөртөө сая төгрөг хийдэг байсан. Тэрнээсээ зарлагаа хасна. Бригадынхаа хоолыг даана. Нэг бригадад 5-10 хүн байдаг. Холбоондоо нэг хүн өдөрт 1000 төгрөг өгдөг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалдаа хамрагдана. Ер нь бол амьдралаа боломжийн аваад явчихдаг. Гэхдээ өвөл ажиллахад хүнд учраас гарц муу байдаг” гэв. Шарын гол суманд бичил уурхай эрхэлдэг нөхөрлөл арав орчим байдгаас бүртгэлгүй ганцхан нөхөрлөл байдаг нь “Буянтын хөндий” төрийн бус байгууллага юм байна. Тус холбооны тэргүүн О.Цэцэгмаатай уулзаж, бичил уурхайчдын аж амьдралын талаар цөөн хором хөөрөлдлөө.
О.Цэцэгмаа: Шуналтай хүмүүс бүртгэлтэй нөхөрлөл байгуулж байна. Үүнийг зогсоогоод өгөөч
-Танай холбоонд хэчнээн бичил уурхайчин байдаг вэ. Эрүүл, аюулгүй байдалд ажиллах нөхцөл нь хангагдсан уу?
-Манай төрийн бус байгууллага 2008 онд байгуулагдсан. Тухайн үед хувиараа алт олборлодог нинжа нар байлаа. Ямар ч зохион байгуулалт байхгүй, хууль эрх зүйн орчин байхгүй, нэн ядуу, хөөгдмөл, туугдмал, осол аваар ихтэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа байхгүй байлаа. Үүнийг шийдэхийн тулд манай байгууллага байгуулагдсан. Манайх албан ёсоор 1100 гишүүнтэй. Эдгээрээс Шарын гол сумын 565 иргэн, үлдсэн нь бусад аймаг сумдаас ирж ажиллаж байна. Нэг хүний ард гурван хүний амьдрал байдаг. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Засгийн газраас баталсан 151 дүгээр журам гарсан ч хамгийн ноцтой нэг алдаа бий. Тус журамд “Бүртгэлтэй, бүртгэлгүй нөхөрлөлийн жишгээр үйл ажиллагаа явуулж болно” гээд заачихсан. Бүртгэлтэй нөхөрлөл гэдэг нь есөн хүнтэй. Энэ есөн хүнд тухайн нөхөрлөл байгуулж байгаа этгээдийн эхнэр, нөхөр, хүргэн, бэр, хадам, ээж аав нь байдаг. Тэд маш том хэмжээний техник оруулаад байгальд маш их хор хохирол учруулж, сэндийчиж байна. 70:30 гэдэг зүйл үйлчилдэг. Энэ нь яадаг вэ гэхээр орлогын 70 хувийг нь техниктэй хүмүүс авдаг. 30 хувийг нь эзэн авдаг. Нийгмийн хариуцлагын гэрээ гэдэг зүйл байдаггүй. Ер нь шуналтай хүмүүс бүртгэлтэй нөхөрлөлийг байгуулж байгаа. “Засгийн газрын 151 дүгээр тогтоол дээр байгаа бүртгэлтэй нөхөрлөл гэдэг зүйлийг устгаачээ” гэж хэлмээр байна. А лицензтэй нөхөр бүртгэлтэй нөхөрлөл байгуулаад тамга бариад ороод ирдэг. Дээр нь сумдын Засаг даргын шахааны хүмүүс ороод ирдэг. Бас Байгаль орчны улсын байцаагчийн халаасны хүмүүс орж ирдэг. Монгол Улсын хэмжээнд яг үнэндээ манай байгууллага шиг ажиллаж байгаа байгууллага байхгүй.
-Танайх орон нутгаас 5.6 га газар авсан гэж байна. Түүнийхээ хэдэн хувийг ашигласан бэ. Дээрээс нь нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээсэн байдаг шүү дээ. Нөхөн сэргээлт хийсэн үү?
-Хаягдлыг бүрэн ашиглаж газраа эзэмшлээр авснаараа газар доорх биш газар дээрх шар алтыг хурааж байна. Манайх 5.6 га газар дээр гэрээ хийсэн. Үүнээс 2.6 га талбайг ашиглаад байна. Энэ газраасаа хаягдлыг нь бүрэн дүүрэн ашиглачихаад дараа нь хоршиж аж ахуй эрхлэх гэж байгаа юм. Энэ тал газар дээрээ ирэх намар ногоо тарина. Гахай, тахиа маллана. Бид бэлтгэл ажлаа хийсэн. Одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлтийг хийж чадаагүй л байгаа. Бидэнд Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сангаас мөнгө олддоггүй. Олон хүн Сум хөгжүүлэх санд төсөл бичиж өгсөн. Ганцхан хүн л авсан. Тиймээс бид өөрсдийн хүчээр аж ахуй эрхэлнэ. Шарын гол сумын иргэд энэ ажилд түлхүү оролцоосой гэж маш их хүсч байгаа. Иргэд рүүгээ хандсан ганц журам батлахдаа ард нь аюултай үр дагавар дагуулсан, бидний ажлыг үгүйсгэсэн, бичил уурхайчдын нэр хүндийг унагасан асуудлыг бүрэн зогсоогоосой гэж хүсч байна. Манайхны хэн ч ирж бодит байдалтай танилцдаггүй.
-Танай нөхөрлөл энэ жил Монголбанкинд хэчнээн тонн алт тушаасан бэ?
-Манайх энэ зун Монголбанкинд арав орчим кг алт тушаасан. Алтаа ченжээрээ дамжуулаад Улаанбаатарт аваачиж тушаадаг байсан. Харин саяхан манай Дарханд сорьцын алба байгуулагдсан. Тэндээ тушааж байна. Урд нь ченжид өгдөг байсан. Алтаа сорьцлох код өгөхгүй маш их асуудал байдаг байлаа шүү дээ. Одоо бүх зүйл нь нээлттэй болсон. Наад зах нь харын сэтгэлгүй болсон.
-Бичил уурхайчдын цалин орлого хэр байдаг вэ?
-Нэг хүн сард сая төгрөгнөөс буудаггүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон зүйл бид хийсэн. Арван жилийн хугацаанд дөрвөн мянган хүнийг ажлын байраар хангасан. Насаараа төрийн албанд ажиллаад тэтгэвэртээ гардаг ажил энэ биш шүү дээ. Түр ажлын байраар хангагдаж байгаа үед нь бүхий л даатгалд хамруулахыг хичээдэг. Бид ашгаа тэнцвэртэй хуваадаг. Хэрвээ бүртгэлтэй бичил уурхайчид шиг эзэн нь 30 хувиа авдаг байсан бол би энэ зун гурван кг алттай болох байлаа. Гурван кг алт өнөөдөр 240 сая төгрөг шүү дээ. Бид гаднын том техник хэрэглэхгүй зөвхөн өөрсдийн хүчээр тэгш хуваарилалтын зарчмаар хувааж авдаг” гэсэн юм. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Шинэхүүгээс сум, орон нутгаас бичил уурхайчдад хандсан ямар бодлого явуулдаг талаар тодруулахад, “Манай сумын нийт иргэдийн арван хувь нь бичил уурхай эрхэлдэг. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа мөнгөн урсгалыг бид судалсан юм. Иргэдийн хадгаламж, дэлгүүр, нийтийн хоолны орлого болон шатахуун түгээх станцын орлогыг бүрэн судалсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад манай сумын иргэдийн орлого 25-30 хувь өссөн байсан. Энэ нь иргэдийн амьжиргааны төвшин сайжирч байна гэсэн үг. Газрын нөхөн сэргээлтийн хувьд бид төлөвлөгөө гаргадаг. Төлөвлөгөөнийхөө дагуу нөхөн сэргээлт хийдэг” гэж хариулав.
Бичил уурхайчдын ажил өвлийн хүйтэнд үнэхээр хүнд хэцүү гэдгийг тэнд байсан хугацаанд мэдрэх шиг болов. Тэдний хэлдэгээр “Унагалдай” гэх төхөөрөмж ашиглаж, газрын гүнээс ховоогоор дүүрэн шороо гаргаж ирнэ. Ховоогоор татсан шороогоо угааж алтаа гаргаж авна. Алтаа ундрагатай нуураас ус татан авч угаадаг юм байна. Ийнхүү ажилласны хүчинд газрын гарц сайтай үед өдөрт дунджаар 200 грамм алт олборлодог байна. Бидний очсон газар нүд хальтрам байсныг энд дурдмаар байна. Газрын хөрсийг сэндийчиж, асар том нүх үүсгэсэн байв. Хүн мал нь амьдрах нутаггүй болж хөөгдөж явсаар зах нутаг бараадаж байгаа гэдгийг нутгийн нэгэн бичил уурхайчин хэлсэн юм. “Буянтын хөндий” төрийн бус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаа “Манай энд модны оршуулга хаа сайгүй. Модыг унагаж дэвсээд дээшээ өгсөөд л ухаад явдаг. Уулыг овоолго болгосон тохиолдол Монгол Улсад их бий шүү дээ. Бүртгэлтэй мөртлөө сайн ажиллаж байгаа нөхөрлөл бий. Гэхдээ нэр төрийг нь унагадаг зүйл их гарч байна шүү дээ. Хэний ч биш эзэмшлийн талбай дээр дур мэдэн ухсан газар их байгаа. Улсаас нөхөн сэргээлт хийдэггүй. Ухаад ухаад хаячихдаг. Бүртгэлтэй нөхөрлөлүүд том том төхөөрөмжтэй орж ирдэг. Уг нь бичил уурхайчид “унагалдай” хэрэглэдэг заавартай. Жижиг трактор гэсэн үг. Гэтэл маш том техник оруулж ирж байна шүү дээ. Тэгээд шалгалт ирэхээр техникээ нуучихдаг” гэсэн юм. Бид Асар их байгалийн баялагтай Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт хоёр цаг саатаад Дархан-Уул аймаг руу хөдөллөө.
Сарын хугацаанд гурван аж ахуйн нэгж, 12 иргэн, 14 ширхэг гулдмай хайлуулж, сорьцлуулжээ
Улсын хэмжээнд нийт 6000 гаруй зохион байгуулалтад орсон бичил уурхайчин байдаг гэсэн тоо баримт бий. Бичил уурхайчдын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газрын 151 дүгээр тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, бичил уурхайчид ашигт малтмал олборлохдоо энэ журмыг баримтална гэсэн бодлогын баримт бичигтэй болсон гэсэн үг. Гэхдээ энэ тогтоол хэр хэрэгжиж байгааг дүгнэхэд хэцүүхэн санагдсан. Ямартай ч сүүлийн жилүүдэд бичил уурхайчид нөхөрлөл, хоршооны хэлбэрт шилжиж, ашигласан талбайгаа гар аргаар нөхөн сэргээдэг болсоны жишээ олон байна. Энэ ажил Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд хэрэгжиж иржээ. Тус агентлаг 2005 оноос манай улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Үүний хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монголбанкны 300 сая төгрөгийн санхүүжилтээр Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг өнгөрсөн сард байгуулсан юм. Өмнө нь Улаанбаатар хотод ганцхан алтны сорьц тогтоох газар байсан бол энэ жил Төвийн бүс буюу Дархан-Уул аймагт, Баруун бүс буюу Баянхонгор аймагт байгуулаад байгаа юм. Ингэснээр бичил уурхай эрхлэгчид дундын ченжээр дамжуулахгүй, хүндрэл чирэгдэлгүй алтаа сорьцлуулж, тушаадаг болжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг “Аймгийн төсвөөс 16.8 сая төгрөгийн зардал гаргаж Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байрыг засварласан.
Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монголбанкнаас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж суурилуулсан. Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд манай төв нээгдэж, 30 гаруйн хоног үйл ажиллагаа явуулж байна. Австрали Улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн 100 граммаас гурван кг алт хайлах зуух, 3-10 кг алт хайлуулж гулдмайлах зуухтай. Стандартын дагуу шинжилгээ хийгддэг. Долоо өрөө, гурван ажилтантай. Алт сорьцлох арга нь жингийн аргаар хийгдэх учраас маш нарийн нарийвчлалтай жин нийлүүлэгдсэн. Сарын хугацаанд гурван аж ахуйн нэгж, 12 иргэн, 14 ширхэг гулдмай хайлуулж сорьцлуулсан. Хайлуулалтын өмнөх жингээр 99.8 кг байсан. Хайлуулалтын дараа 98.2 болж цэвэр жин нь гарч ирсэн. Сорьцынхоо жингээр 95.8 кг болсон. Ийм алтыг 32 хоногт хайлчаад байна” гэсэн юм. Тэгвэл Дархан-Уул аймаг дахь Монголбанкинд иргэд хичнээн кг алт тушаасан талаар хэлтсийн захирал Б.Жавхлангаас тодруулахад “Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг байгуулснаас хойш 33 кг алтыг Монголбанк хүлээж авсан байна. Арилжааны банкуудаас капитрон банк иргэд аж ахуйн нэгжээс алт хүлээж авч байна. Иргэд, аж ахуйн нэгжээс дундын зуучлагчгүй, цаг хугацаа хэмнэсэн ажил болсон гэж талархал илэрхийлж байгаа” хэмээв.
Өмнө нь алт тушаахад өндөр татвартай байдгаас болж иргэд, ААН-үүд Монголбанкинд тушаах алтаа хувь хүн наймаачдад өгөх, хууль бусаар хил гаргах явдал их байв. Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосноор Төв банкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн жилүүдэд нэмэгдэж ирсэн. Энэ хувь хэмжээний үйлчлэх хугацаа ирэх 2019 онд дуусгавар болох тул үүнийг таван жилээр сунгах саналыг бичил уурхайчид холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа юм. Ямартай ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа. Гэвч нөгөө талдаа бичил уурхайчдыг албажуулах, аюулгүй байдлыг нь хангах тал дээр Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг гаднын байгууллагууд сэтгэл гаргаж байхад манай төрөөс дорвитой ажил хиймээр байна. Дээрээс нь энд, тэндгүй сэндийчиж ухсан газартаа нөхөн сэргээлт хийх ажлыг эрчимжүүлж, холбогдох хууль журмыг чангатгах нь зүйн хэрэг биз ээ. Бид дараагийн дугаарт сурвалжлагынхаа үргэлжлэл болгож Дархан-Уул аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч дарга Т.Ганболдтой ярилцсанаа хүргэх болно.
http://www.undesniishuudan.mn/content/read/161521.htm