Ажилдаа бүхнээ зориулсан эцгийн 8 настай хүүгээ алдсаны дараа бичсэн захидал

Ажилдаа бүхнээ зориулсан эцгийн 8 настай хүүгээ алдсаны дараа бичсэн захидал

 

FinOps сангийн ерөнхийлөгч, Cloud FinOps номын зохиогч, Cloudability компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жей Ар Стормент саяхан ЛинкедИн хуудсандаа нэгэн захидал оруулсан нь олон сая хүнд хүрээд байна. Түүний гэр бүлд саяхан эмгэнэлт явдал тохиолдож, тун гэнэтийн байдлаар найман настай хүүгээ алджээ. Амьдралд нь тохиолдсон энэхүү хар бараан өдрүүдийн дараа тэрбээр эцэг эхчүүдэд хандаж дараах захидлыг бичсэн байна. 


"Найман жилийн өмнө, яг  энэ сард би ихэр хүүтэй болохын зэрэгцээ Cloudability компанийг хамтран үүсгэн байгуулж байлаа. Гурван сарын өмнө би компанийг бүхэлд нь эзэмшихээр болж, гурван долоо хоногийн өмнө би хөвгүүдийнхээ нэгийг алдлаа. 

Эхнээрээс дуудлага ирэх үед би Портландын оффис дахь хурлын өрөөнд 12 хүнтэй хуралдаж, PTO-ийн бодлогын талаар (ажилчдад цалинтай амралт олгох) хэлэлцэж байсан юм. Үүнээс хэдхэн минутын өмнө би сүүлийн 8 жилд нэг ч удаа долоо хоногоос илүү амралт авч байгаагүй гэдгээ хэлээд байв. 

Хэрэв бид хоёрын хэн нэг нь нөгөө рүүгээ залгавал заавал дуудлагад нь хариулна гэж түүнтэй тохиролцсон юм. Тиймээс дуудлага ирэхэд би утсаа аваад, бушуухан хурлын өрөөний хаалга руу зүглэлээ. Явдал дундаа "Хээе, юу болсон бэ" гэж асуухад тэр даруйд тун хүйтэн хөндий байдлаар "J.R! Вайли нас барчихлаа" гэв. 

Би үл итгэн "Юу гэнээ" хэмээн лавлан асуухад тэр 

"Вайли нас барчихлаа" гэж давтан хэлэв. 

Би "Үгүй ээ, юу яриа байгаа юм бэ" гэж орилоход тэр 

"Намайг уучлаарай. Би 911 дуудах хэрэгтэй байна" гээд утсаа тасалсан. Тэр өдөр бидний хооронд ердөө ийм л яриа өрнөсөн. Дараа нь би машиныхаа түлхүүрийг авч, оффисын урд хаалгаар гараад эсрэг талын гудамж руу галзуу юм шиг гүйхдээ "Өө, новш, новш" гэж харааж байснаа санаж байна. Замын голд хүрсэн хойноо надад машины зогсоол онгойлгогч байхгүйг санаж эргээд ажил руугаа гүйн ороод "Хэн нэг нь намайг хүргээд өгөөч! Хэн нэг нь намайг хүргээд өгөөч!" гэж орилоход азаар ажлын газрын нэг хүн маань намайг гэрт хүргэж өгөхөөр болсон юм. 

Намайг 12 минутын дараа гэртээ ирэхэд байшингийн урд талын гудамжинд түргэн тусламжийн машинууд ирсэн байв. Би онгорхой байсан гэрийн хаалгаар гүйж ороод шуудхан л хөвгүүдийн унтлагын өрөөг зүглэлээ. Тэнд байсан тав зургаан цагдаагийн нэг нь намайг зогсоож, замыг минь хаасан. Мэдээж хүүхэд гэнэт нас барсан тохиолдолд тухайн орчин хэргийн газар болж хувирдаг. 

Түргэн тусламж, цагдаагийн машинууд буцахад хамгийн сүүлд хөдөлсөн хар өнгийн жижиг оврын машинд Вайлигийн цогцсыг хийсэн байв.

Би хүүгээ олж харахын тулд шаналалтайгаар хоёр цаг хагас хүлээсэн юм. Сүүлдээ би үүнээс илүү хүлээж төвдөхгүйн гэдгээ үүдэнд зогсож байсан цагдаагийн офицеруудад учирлахад намайг хөвгүүдийн өрөөний гадна талын тагтан дээр очиж цонхоор харж болно гэсэн юм. Хүү минь орондоо тайван нойрсож буй мэт харагдана. 

Шинжээчид ажлаа дууссаны дараа биднийг өрөө рүү орохыг зөвшөөрсөн юм. Ер бусын тайван байдал намайг бүрхэн авав. Би хүүгийнхээ дуртай орны хажууд суугаад, гарыг нь атгаж “Юу тохиолдох нь энэ вэ, Юу тохиолдох нь энэ вэ” гэж давтан хэлсээр байлаа. 

Бид бараг хагас цаг орчим хүүгийнхээ хажууд сууж, үсийг нь зөөлөн илэв. Удалгүй тэд хүүг минь авч одсон. Түргэн тусламж, цагдаагийн машинууд буцахад хамгийн сүүлд хөдөлсөн хар өнгийн жижиг оврын машинд Вайлигийн цогцсыг хийсэн байв. 

Вайлигийн өдрийн тэмдэглэлээс

Тэр бизнес хийнэ гэсэн мөрөөдлөөр “өвчилсөн” хүүхэд байлаа. Нэг өдөр смүүтиний мухлаг нээнэ гэж яриад дараагийн өдөр нь галерей, тэрний дараа VR технологид суурилсан чихэвч хийдэг компанитай болно гэнэ. Хэд хоногоос код бичигч, сансрын хөлөг үйлдвэрлэгч болно гэх жишээний. Тэгэх бүртээ өөрөө босс нь болно гэдэг байв. Вайли ихэртэйгээ (заримдаа биднийг ч) хамт ажиллах бус өөртөө ажиллуулна гэж зүтгэдэг байсан юм. Вайли галерей ажиллуулна гэж ярьж байхдаа Оливерийг кассчин болгоно гэж ярьж байсан удаатай. 

Таван настай байхдаа билүү дээ Вайли том хүн шиг гэрлэнэ гэж ярив. Зургаатайдаа цэцэрлэгт орж, эхний өдрөө л таалагдсан охиныхоо гараас атгаад авсан. Дараагийн хоёр жилд нь манай гэр бүл Портландаас Лондон руу, дараа нь Хавай руу нүүв. Энэ үеэр Вайли өнөөх охинтойгоо гараар бичсэн захидлаар харилцсаар байсан юм. Портланд руу буцаж нүүхийн өмнө манай хоёр (захидлаар) гэрлэх тухай хэлэлцэж амжсан байв. Азаар, манайхыг зургаадугаар сард Портланд руу нүүхээс өмнө тэд хоёр ч удаа уулзсан. 

Энэ сард тохиолдсон тоолж барамгүй олон хэцүү үеүдийн нэг нь хүүгийнхээ нас барсныг батлах гэрчилгээн дээр гарын үсэг зурах байв.

Энэ сард тохиолдсон тоолж барамгүй олон хэцүү үеүдийн нэг нь хүүгийнхээ нас барсныг батлах гэрчилгээн дээр гарын үсэг зурах байв. Гэрчилгээний дээд хэсэгт хүүгийн минь нэр бичигдэхийг харах үнэхээр хэцүү байсан. Гэсэн хэдий ч доор нь бөглөх ёстой хоёр мэдээлэл намайг бүр ч хүнд байдалд орууллаа. Эхэнд нь, “Ажлын байр: Ажиллаж байгаагүй”, дараа нь “Гэр бүлийн байдал: Гэрлээгүй” гэж бөглөлөө. Тэр энэ хоёрыг гүйцэлдүүлэхийг хамгийн их хүсэж байсан билээ. Харин би аль алинд нь хүрсэндээ нэг талаар азтай боловч нөгөө талаар хүүгийнхээ өмнө гэмшиж байсан юм. 

Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд би тоолж баршгүй олон харуусалтай нүүр тулав. Тэдгээрийг ерөнхийд нь өөрөөр хийсэн ч болоосой гэж хүсдэг зүйлс, хүүгээ өөрийн биеэр хийхийг харж чадаагүй зүйлс гэж хоёр хувааж болно. Эхнэр минь Вайлигийн хийсэн, үзсэн, биеэр туулсан бүхнийг надад тасралтгүй сануулж байлаа. Тэр 10 гаруй орноор аялж, Хавай дахь фермийн замаар машин жолоодож, Грект ууланд авирч, Фижид усан доогуур шумбаж, хоёр жилийн турш англи хүүхдүүдийн цэцэрлэгт явж, махчин загасанд идэгдэхээс аврагдаж, хэд хэдэн охин үнсэж, намайг хоёр ч удаа хожих хэмжээнд шатар тоглож сурсан, богино зохиол бичиж үзсэн, комик номонд ухаангүй хорхойсдог хүү байсансан. 

Гэтэл тэр нэг л шөнө яваад өгчихсөн. Өмнөх орой нь бүх зүйл хэвийн байсан юм шүү дээ. Вайли эрүүл, сэргэлэн цовоо байсан. Бид найзуудаа хүүхдүүдтэй нь оройн зоогонд урьсан юм. Бид хэдэн долоо хоногийн өмнө шинэ байшиндаа нүүж орохдоо худалдаж авсан аварга том батут (чөлөөт үсрэлтийн төхөөрөмж) дээр үсрэн зугаацаж байлаа. 

Тэр 10 гаруй орноор аялж, Хавай дахь фермийн замаар машин жолоодож, Грект ууланд авирч, Фижид усан доогуур шумбаж, хоёр жилийн турш англи хүүхдүүдийн цэцэрлэгт явж, махчин загасанд идэгдэхээс аврагдаж, хэд хэдэн охин үнсэж, намайг хоёр ч удаа хожих хэмжээнд шатар тоглож сурсан, богино зохиол бичиж үзсэн, комик номонд ухаангүй хорхойсдог хүү байсансан. 

Хэдэн цагийн дараа бүгд тайвширч, бид дуудлагын хоол захиалав. Тэгэхэд Вайли өөрийнхөө дуртай хоол болох шар дахлтай будааг захисан. Хоолны дараа эхнэр бид хоёр хүүхдүүдээ оронд нь орууллаа. Би хүүгээ уйлуулсандаа уучлал гуйж, нэг сайн тэвэрч аргадчихаад унтахаар явсан. 

15 орчим минутын дараа би хагас нүцгэн Вайлиг бид хоёрын унтлагын өрөөнд орж ирэхийг харав. 

“Ааваа, би унтаж чадахгүй байна.”

Хөрш айлынхан гадаа талбайдаа үдэшлэг зохион байгуулж, чанга хөгжим тавьсан болохоор унтахад хэцүү байж л дээ. Би түүнийг өрөөнд нь дагуулж ороод, бүх цонхыг нь хаасны дараа тэр “Одоо арай дээрдэж байна” гэлээ. Ингээд хүүгээ дахиж нэг тэвэрчихээд унтахаар явсан. 

Өглөө нь би дараалсан олон уулзалтаа хийхээр 05:40 цаг боссон. Пелотон унах (дасгал хийх төхөөрөмж) зуураа ажил руугаа ярихад нэг нь ирж яваа, бусад нь бүгд оффис дээр ирчихсэн байна гэв. Тэр бүгдийн аль нь ч одоо надад чухал юм шиг санагдахгүй байна. Би хөвгүүддээ баяртай гэж хэлэлгүй, орж шагайх ч үгүй яваад өгсөн. 

Би хөвгүүддээ баяртай гэж хэлэлгүй, орж шагайх ч үгүй яваад өгсөн.

Тэр өглөө Жессика Вайлиг зүгээр л унтаж байна гэж бодож. Хүү минь угийн унтах, орондоо хэвтэх дуртай хүүхэд л дээ. Арга ч үгүй юм. Тэр долоо хоногт бид найзуудындаа зочилж, хөгжилтэй зүйлс хийсэн болохоор оройтож орондоо орж байв. Гэтэл хүү хэтэрхий их унтаад байсан учраас эхнэр маань шалгахаар өрөөнд нь орсон аж.

Түүний бие хэдийн цэв хүйтэн болсон байв. Сүүлд хийсэн эмнэлгийн задлан шинжилгээгээр Жессикаг өрөөнд ороход Вайли нас бараад 8-10 цаг болсныг тогтоосон юм. 

8-13 насны хөвгүүдэд түгээмэл тохиолддог татах өвчний хөнгөн хэлбэр (Benign Rolandic Epilepsy) өнгөрсөн жил хүүд минь илэрсэн юм л даа. Эмч нар үүнийг нэг их “хортой биш” гэж үздэг. Учир нь энэ өвчин өсвөр насны хэдэн жилд үргэлжлээд, аажимдаа зүгээр болдог аж. Оношлогдсоноос хойш Вайли ердөө ганцхан удаа л татсан. Ойролцоогоор 9 сарын өмнө Их Британиас Портландад ирэх үеэр энэ явдал тохиолдсон юм. 

Бидний хандсан бараг бүх хүүхдийн болон мэдрэлийн эмч санаа зовох зүйлгүй гэж зөвлөсөн. Эцэстээ энэ өвчин хүүгийн минь амийг авч одно гэж тэдний хэн нь ч дурдаагүй. SUDEP буюу таталтаас үүдэлтэй гэнэтийн үхлийн талаар эцэг эхчүүдэд урьдчилан сануулах эсэх талаар мэдрэлийн эмч нар маргадаг. 

Статистикийн хувьд SUDEP тохиолдох магадлал 4500-д нэг байдаг. Харамсалтай нь, тэр тохиолдол бидний дайрчээ.

Учир нь SUDEP-ийг урьдчилан таамаглах, түүнээс сэргийлэх боломж байдаггүй аж. Статистикийн хувьд SUDEP тохиолдох магадлал 4500-д нэг байдаг. Харамсалтай нь, тэр тохиолдол бидний дайрчээ. 

Олон хүн одоо яах ёстой вэ, юу хийх үү гэж асуудаг. Хүүхдүүдээ тэвэр, тэднийг энхрийл. Хэтэрхий их ажиллах хэрэггүй. Эцэст нь ямар ч цаггүй болсон үедээ та онцын шаардлагагүй олон зүйлд хамаг цагаа зарцуулснаа ойлгож, харамсах болно. Магадгүй та бүхэн хамтран ажиллагсадтайгаа ганцаарчилсан уулзалт товлодог л байх. Тэгвэл яагаад хүүхдэдээ цаг гаргаж, тэдэнтэй ганцаарчлан уулзах болохгүй гэж? Хэрэв надад тохиолдсон явдлаас ямар нэгэн сургамж авч хоцоръё гэж бодож байвал бусдад (өөртөө ч бас) амьдралынхаа чухал зүйлсэд цаг гаргахыг сануул. 

Одоогоор би ажилдаа буцаж ороогүй байна. Тиймээс та над руу и-мэйл эсвэл мессеж бичсэн бол хариу авахгүй л болов уу. Ажилдаа орсны дараа ч би тэр их мэйлүүдийг нээж үзэхгүй эсвэл зүгээр л бүгдийг нь устгах байх. 

Яаж би ийм их харамсал тээсэн хэвээр ажилдаа буцаж орох юм бэ гэж санаа зовниж байна. Үнэнийг хэлэхэд, би ажилдаа буцаж орохгүй байх талаар бодож байна. Би Калил Гибраны хэлсэн “Ажил хайрыг тань илчилдэг” гэх үгэнд итгэдэг. Миний хувьд тэр нь ажлаараа дамжуулж хэр ихийг олж, өсөн дэвжсэнээр хэмжигддэг байж. Гэхдээ ажилд ч гэсэн тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй. 

Намайг энэ бичвэрийг бичиж суухад ихрийн өрөөсөн болох Оливер хүрч ирээд тоглоом тоглож болох эсэхийг асуусан. Би урьдынх шигээ “үгүй” гэж хариулахын оронд бичиж байсан зүйлээ орхиод, хамт тоглож болох уу гэж асуусан. Хүүгийн харцанд гайхширал хийгээд баяр хөөр давхцаж, харин би өмнө нь тэдэнтэйгээ ингэж холбогдох боломжийг алдаж байснаа ухаарсан. 

Өмнө нь манай гэр бүл дөрвөн гишүүнээс бүрдсэн тэгш өнцөгт байлаа. Харин одоо гурван өнцөгт гурвалжин болсон. Үргэлж дөрвүүлээ байж дадсан бидний хувьд энэ нь маш том өөрчлөлт. Харин Оливер маань “Гэхдээ ааваа, гурвалжин бол хамгийн хүчирхэг өнцөг шүү дээ” гэлээ. Гунигтай ч гэмээр егөөтэй ч гэмээр нэгэн зүйл тохиолдсон нь, Вайлиг өнгөрсний дараа Оливер шинээр нүүж очсон гэрийнхээ ойролцоо 8 настай гурван ихэртэй тааралдсан аж. 

Энэ яваа насандаа бидний амссан хамгийн гашуун атлаа аз жаргалтай мөчүүдийн нэг тэр байсан. Хэдийгээр бид жаргалтай байсан ч Вайли минь үүнийг амсаж чадсангүй дээ гэх гуниг үргэлж дагадаг.

Би хүүхдүүдийнхээ хийхийг хүссэн зүйлийг дараа гэж хойшлуулахаа больсон. Бид компаниа худалдсаны дараа хөгүүддээ тус бүрт нь 100 доллар өгсөн юм. Харин тэд мөнгөөрөө аяллын майхан худалдаж авахаар шийдсэн. Харамсалтай нь, Вайлиг нас барахаас өмнө үүнийг гүйцэлдүүлж чадсангүй. Тэр нас барсан. 

Тэр явдлын дараа би эхнэр, хүү хоёроо REI-д аваачиж хэрэгтэй хувцас, хэрэглэлээ базаасан хойноо хотоос гарч, Сент-Хеленс галт уулын ойролцоох амралтыг зорив. Гэвч очсон хойноо амралтын төлбөрийг төлөх хангалттай бэлэн мөнгө аваагүйгээ санаж жаахан балмагдсан. Гэтэл Жессика Вайлигийн 100 долларын дэвсгэрт машины суудлын халаасанд байгааг санав. Ямартай ч тэр хүсэж байснаараа мөнгөө амралтанд зориуллаа. Бид гурав чангаас чанга “Баярлалаа, хөгшөөн” гэж орилсон шүү. Энэ яваа насандаа бидний амссан хамгийн гашуун атлаа аз жаргалтай мөчүүдийн нэг тэр байсан. Хэдийгээр бид жаргалтай байсан ч Вайли минь үүнийг амсаж чадсангүй дээ гэх гуниг үргэлж дагадаг. 

Хөгжим сонсож, бүжиглэж байсан нь миний мэдэх хүүгийн минь хамгийн аз жаргалтай байсан мөчүүдийн нэг. Лондоноос нүүхээс жилийн өмнө бид Oregon Country яармагт очсон юм. Вайлид их таалагдсан. Тэнд бид нэг хамтлаг Гай Ломбардогийн “Enjoy Yourself, It's Later Than You Think” дууг коверлон дуулахыг сонсож билээ. Гурван жилийн өмнө сонссон тэр дууны үг одоо цээжинд минь хадагдан, шаналгаж байна. 

Эхнэр маань бидэнд тохиолдсон явдлын талаар “All That Remains” нэртэй бичвэр (тэр надаас хавь илүү уран бичдэг) оруулсан байна лээ. Тэр “Хүүгийн минь амьдрал, түүний үхлийн талаар биднээс нээлттэй асууж болно. Түүний тухай ярьж байхдаа бид бага багаар тайтгарлыг олдог” гэсэн байсан. 

Эцэст нь, бидэнд тохиолдсон эмгэнэлт явдал та бүхнийг амьдралынхаа алтан цагийг юунд зарцуулахаа дахин нэг тунгаахад нөлөөлнө гэж итгэж байна. 

Эх сурвалж: J.R. Storment

www.ub.life

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen