АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ХУЛГАЙЛСАН АВЛИГАЧДЫГ БИД УУЧЛАХГҮЙ

АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ХУЛГАЙЛСАН АВЛИГАЧДЫГ БИД УУЧЛАХГҮЙ

 

“Бид уучлахгүй” уриалга олон нийтийн сүлжээнд хүчтэй давалгаалж эхлэв. Тайваны их сургууль сурдаг эрэн сурвалжлах албаны сэтгүүлч У.Болортуяа энэ уриалгыг санаачилж олныг уриалж, дагуулж эхэлжээ. Энэ маш зөв уриалга юм.

Тэрбээр “Дэлхий даяар тархан суугаа Монголчууд, бүх Монголчууд аа! Дуудсан дуудаагүй энэ Challenge-д нэгдвэл ямар вэ? Бидэнд коммент бичиж шээрлэхээс арай илүү бодитой үйл хөдлөл хэрэгтэй болж байна. Танаас мөнгийг тань хулгайлж, танд эргүүлээд өндөр зээлтэй зээлж таныг болон таны хайртай хүмүүсийг дээрэмдчихээд зүгээр л уучлаарай гэж хэлээд болоо гэж үү.

Тэд өнөөдөр ядаж хариуцлага хүлээлгэчих чадваргүй гэдгээ харуулж Б.Батзоригийг 86 хувийн нэгдсэн ханаар хамгаалж, нүүрээ хамгаалах гэсэндээ нууц санал хураалт хүртэл явуулж биднийг доромжиллоо. Бид ийм хандлагыг үнэхээр уучлалт гуйж байна гэж үзэх үү. Тэд угаасаа гэмшихгүй байна, бид өрөвч байх шаардлагатай, ноомоо суух ёстой гэж үү. Дор бүрнээ зохион байгуулалтанд орж шударга бус зүйлийн эсрэг ямар нэгэн бодитой үйлдэл хийцгээе.

Манайх Венесуэл биш.  Хулгайч шорондоо байх ёстой. Улс төрч баг зүүсэн хулгайч нартаа хариуцлага хүлээлгэ. МАНАН, Ерөнхийлөгчөө хэлбэрдэхээ болиод цоохор дээлээ тайлаад ажилдаа ор. Ерөнхий сайд ч камерийн өмнө чухал царайлаад баг зүүхээ боль. Ёсзүйн, улс төрийн, хуулийн хариуцлага хүлээлгэ.  ЖДҮ сангийн ажилтнууд нь шоронд ороод хулгайчууд нь төрийн ордонд бүгж болохгүй” гэжээ.

Нээрээ яагаад төрөөс төрсөн хулгайч, авлигачдыг ард түмэн уучлах ёстой гэж. Идэж уусан нь илчлэгдсэн, баримтаар нотлогдож тодорхой болсон эрх баригчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байтал өнөөдөр Б.Батзоригийг гишүүнээр нь “дархлаад” аваад үлдлээ.

Энэ ариун явдал уу. Ард түмний мөнгөнөөс хумсалж хулгайлсных нь төлөө шийтгэх ёстой байтал харин ч толгойг нь илээд олонхиороо аваад үлддэг танхимыг харсандаа ой гутмаар бас харамсмаар. Хариуцлага, шударга ёс хаана байна.

2019 оны улсын төсвийг 10 хэдхэн гишүүн чуулганы хуралдаанд сууж байсан бол асуудалд орооцолдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэмт хэрэгтнээ 50 хэдүүлээ сууж байгаа өмөөрөөд аваад үлддэг юм байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн” гэж хатуухан хэлсэн.

Үнэн шударга ёс хаана байна. Алдааг нь ухааруулаад ард түмнээс нь уучлалт гуйлгаад бүр мөсөн явуулах ёстой биз дээ. Гэтэл хаацайлаад хамгаалаад дан дээлтэй нь аваад үлдэж байх гэж дээ. Одоо тэгээд эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж гишүүд томрох юм. Цагаа тулахаар гишүүний бүрэн эрхийн асуудал гээд хавьтуулахгүй. Ёстой хэлэх үг алга. Та нар нэг нэгнээ өмөөрч хамгаалдаг юм бол ард түмэн өмөөрөхгүй, хамгаалахгүй шүү гэдгийг ойлгох цаг удахгүй ирнэ дээ.

Нөгөө талаар Эрүүгийн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон хүнийг гэм зэмгүй ээ гээд аваад үлдэж байгаа нь хууль тогтоогч дээд байгууллага УИХ өөрөө хуулийн дагуу ажиллах чадамжгүй гэдгээ харуулж, тарах нөхцлөө бүрдүүлчихлээ.

Ханаж цадахгүй, ичих нүүргүй, эмзэглэх сэтгэлгүй хулгайчдыг бид уучлахгүй. Эрүүгийн гэмт хэрэгтэн хулгайч мөн л бол шорондоо орох ёстой. Сайдын даалгавраар ажилласан ажилчид нь шоронд хоригдож, харин даалгавар өгсөн дарга нь үлдэх ёсгүй. Хариуцлагаа хүлээ, шаардаж байна.

Дахин хэлье, ард түмнээ хүчиндээд сурсан авлигачин төрийн түшээдийг уучлах ёсгүй. Тиймээс энэхүү уриалгад нэгдэхийг хүсч байна. Бид уучлахгүй.

О.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen