Далай ламаас болж монголчууд хүнд байдалд оров

Далай ламын айлчлалын талаар "www.indianexpress.com” сайт нийтэлжээ.

Далай ламаас болж монголчууд хүнд байдалд оров

Түвдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн  XIV Далай лам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 19-23-ны өдөр шашны айлчлал хийж, сүсэгтэн олонтойгоо уулзлаа. "Далай лам Монгол Улсад айлчилна” гэх мэдээллийн дараа БНХАУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлж, түүнийг хүлээн авахгүй байхыг тус улсын эрх баригчдад хандан шаардсан билээ. Хэдий уг айлчлал эсэргүүцэлтэй нүүр тулсан ч амжилттай өндөрлөсөн юм. Айлчлал өндөрлөсөн ч  БНХАУ  дургүйцлээ илэрхийлсээр байна. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өчигдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Далай лам аль нэг улсад айлчлал хийх үеэрээ БНХАУ-ын талаар ярьж, улс төрийн бодлогыг шүүмжлэх нь буруу” гэж мэдэгджээ.

 

Мөн Далай ламын айлчлалаас болж БНХАУ-д айлчлал хийх ёстой Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлал цуцлагдсан байна.

 

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуанаас Шадар сайдын айлчлал хойшилсан талаар лавлахад "Монгол Улс буруу үйлдэл хийж, Далай ламыг хүлээн авснаар хоёр улсын харилцаанд сэв суулаа. Далай ламын айлчлал сөрөг нөлөөтэй гэдгийг эртнээс сануулж байсан. Хоёр улсын дунд үүсээд буй сөрөг уур амьсгалыг хэвийн болгохын тулд Бээжин шат дараатай алхмуудыг хийж байна” гэж мэдэгдлээ.

 

Далай лам ямар ч улсад шашны айлчлал хийхэд Бээжин дургүйцлээ илэрхийлдэг юм.  "Далай лам шашны нөлөөн дор БНХАУ-ыг гутаан доромжлох өнгө аястай мэдэгдэл хийдэг. Тэрбээр өөрийгөө шашны удирдагч хэмээн тунхагладаг. Тэрбээр ариун сүмд байх ёстой боловч харамсалтай гадаадын орнуудаар зугаалж, айлчлал хийдэг. Мөн тэрбээр БНХАУ-тай харилцаатай улсуудад айлчлал хийж, хоёр улсын дунд таагүй харилцааг бий болгодог” хэмээн Гэн Шуан мэдэгдэв.
Далай лам Монгол Улс дахь шашны айлчлалаа өндөрлүүлээд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трампийн талаар мэдэгдэл хийсэн нь хятадуудын дургүйцлийг улам хүргэлээ. Тэрбээр "АНУ-ыг Чөлөөт ертөнцийн тэргүүлэх үндэстэн” хэмээн тодорхойлсон юм.  Энэхүү мэдэгдлээ тэрбээр Улаанбаатар хотноо иргэдтэй уулзах үеэрээ хийжээ.
Далай лам "Би АНУ-д очиж зарим нэг зүйлийн талаар ярилцмаар байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна. Бид олон асуудлын талаар ярилцаж, олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн итгэж сууна” гэсэн байна.

 

Далай ламын айлчлал болон мэдэгдэл БНХАУ-ын дургүйцлийг хүргэснээс болж Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа зогсоход хүрлээ. Монгол Улс хямралаасаа гарахын тулд найрсаг хөрш БНХАУ-аас 4.2 тэрбум ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа юм.

 

"Энэ чухал үед монголчууд буруу үйлдэл хийсэн” хэмээн Бээжингийн талаас мэдээлэв.  Монголын эдийн засаг БНХАУ-тай нэлээн хамааралтай байдаг юм.

 

"Гэхдээ Далай Лам, Монгол Улсад нэг бус удаа айлчилсан учир хоёр улсын хамтын ажиллагаа хэсэгхэн хормын дараа хэвийн болох магадлалтай байна” хэмээн шинжээчид үзэж байна.

 

Далай Лам 1979 онд тус улсад анхны айлчлалаа хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд найман удаа Монгол Улсад иржээ. Ес дэх айлчлалаа саяхан хийгээд буцлаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/476229.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen