Ц.ХУЛАН: Төр чинь миний бодсоноос. Монголчуудын сэтгэдгээс хавьгүй намхан босготой юм байна

 Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан ил захидал бичжээ. Энэхүү захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Ёс төрөө бодож хатуу хүтүү загналгүй, ухаарлын хаттай үг үсэг өрж захидал бичих гэсээр тэсэн тэвчиж өдийг хүрэв. Яг үнэнээ хэлэхэд, Танд уур хүрээд байна, Ерөнхийлөгч өө!

Долоон жил гаруйн өмнө Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хамаг итгэл горьдлогоо үлдэгдэлгүй хуу хамаад сонгуулийн чинь хайрцганд хийчихсэн олон зуун мянган хүний нэг би юм. Хувь хувьсгалын элдэв хориг саадыг давж, өгөө аваа саналгүй Таныг сонгоход надад тийм ч амар байгаагүй ээ. Гэхдээ хувьхан ганц миний санал өчнөөн олон сонгогчийг, ялангуяа нийслэлийн хашир сонгогчдыг дагуулсныг нийтээрээ гадарлана. Ээжийн тань "Жавар ордоггүй жалга, сайн муу үг дуулдаггүй хүн гэж байдаггүй юм, миний хүү” гэсэн цэцэн сургаалтай сурвалжлага гарсан Өдрийн сонины нөгөө бөөрөнд "Андын журам…бодож Элбэгээгээ дэмжинэ ээ” гэдэг миний ярилцлага голийтэл хэвлэгдэж байлаа, сонгуулийн яг урьд өдөр. Бачирхсандаа энэ бүгдийг нуршаагүй юм шүү, зүгээр л Та олон зүйлийг мартсан шиг байна. Хүн ер нь яах гэж Улсын хаан болдог юм? Улс орноо эв эетэй байлгаж, хууль ёсыг чандлан бэхжүүлж, дээдсийн эрхийг хамжаарлан доодсоо тэттэх… ердөө энэ л байлтай.

Наад захын хүн үүнийг мэднэ. Гэтэл Таны засагласан он жилүүдэд чухам юу болоод өнгөрөв өө? Хагарал тэмцэл, урвалт шарвалт, уналт доройтол, ядуурал, хямрал, уугуул намын чинь доторх зодоон цохион…Эцэстээ энэ Сонгуулийн шинэ хууль, сонгуульд нэр дэвшигчдийн царайг хар. Энэ бол Таны байгаа царай юм. Өөр ялтан буруутан надад үнэхээр олдохгүй байна, өршөөгөөрэй. Р.Бурмаа ч бил үү, хүмүүсийн төслөөр Сонгуулийн шинэ хуулийг УИХ баталж "гүйлгээнд” оруулахдаа хэд хэдэн заалтаар монгол хүний сонгох сонгогдох Үндсэн хууль дахь эрхийг ноцтой зөрчиж, хөсөрдүүлсэн ч Та дүлий дүмбэ царайлж суусаар хугацааг нь тулгачихсан. Шинэ хууль 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын танхимд "алхаа цохиулж” нийтэд танилцагдсан. Энэ хуулиар УИХ-ын сонгуульд аль нэг намаас, эсвэл бие дааж нэр дэвшигч хэрэв төрийн байгууллагын удирдах ажилтан бол 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд ажил албаа нэгмөсөн хүлээлгэж өгөх ёстой гэж заасан байв.

Ердөө дөрөвхөн хоногийн дотор! Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн байгууллагын удирдах албан  тушаалтан нийт 130 орчим мянган сэтгэдэг толгой, удирддаг чадварын өмнө Та болон Таны хамсаатнууд ийнхүү сонгуульд нэр дэвших эрхийг нь хааж боомилсон. Яг шинэ жилийн босгон дээр, чоно борооноор гэгчээр баталсан энэ хуулиар мань мэт нь ердөө дөрөвхөн хоногийн дотор хамаг ажил алба, муусайн ажилтан ажиллагсдаа "нулимаад”, "Би сонгуульд дэвшлээ” гэж ташаа тулан ханхалзаад гарах байсан юм гэнэ ээ. Улстөрчид та нар бол тэгж элбэгхэн чадна. Хүн, хүний аж амьдрал та нарт үнэгүй юм чинь, толгой дээгүүр нь гишгэлээд ч хамаагүй, дээшээ суудал руу харайлгасан. Ингээд болоогүй ээ, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн жижиг намууд Сонгуулийн шинэ хуулийг энэ мэт заалтуудаар шударга бишийг олж хараад өчнөөн хэл ам гаргасан. Тэдний ч зөв байсан. Таныг энэхүү хуульд хориг тавина гэж би ч дотроо бат итгэж байсан.

Та аанай л үл мэдэгчин, үл харагчин, үл сонсоочноо хийсэн. Зонхилох намуудаас сонгуульд нэр дэвшигчдийн хөргийг харж маягтыг уншаад ард иргэд гайхаж унаад байгаагийн гол учрыг та мэдэж байна уу? Дээр дурдсан 130 мянган төрийн удирдах албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар бол нийтээрээ биш гэхэд, нэлээд хэсэг нь ажил төрлөө мэддэг, олон түмэнд нэр хүндтэй, захирч захирагдаж чаддаг, нам суртлаас илүүтэй төр түмний ажлыг аваад явчихаж чаддаг, мэддэг мэргэжлээр хаана ч тэнцэж дүйдэг салбарын сайчуул байгаа. Тэр сайчуул төрд орж ирээд улстөрчдийг хоолгүй болгоно гэж та нар айсан шүү дээ. Тийм ч болохоор шинэ хуульдаа "хэрэв нэр дэвшихээр бол ажлаа бүрмөсөн хүлээлгэж өг” гэж хатуу тулгасан. "Дэвшээд гарч чадахгүй бол хоолгүй болов доо, хохь чинь шүү” гэж цаагуураа тавласан. Өөрсдөдөө тааруулсан хууль зохиож, өөрсдийгөө л сонгуулиар гарч ирэх хуулийн нөхцөл бүрдүүлж, баяжиж цадаад явсан заримынхаа орон зайг улс төрийн лидер намууд дуучин, шүлэгч, бөхөөр нөхөж төрийн цус сэлбэсэн дүр эсгэж ард түмнээ хуурахаасаа ичээч ээ! Амны салиа, бичгийн сариу нь арилаагүй жулдрай нар баян аавын мөнгөөр зодон төрд санаархаж, хийсэн бүтээсэн гавьяагүй, нэг л их хиймэл дүртэй авгай хүүхнүүд жендер ярьж сиймхийгээр шургалсан, нэр сэтрийн мануухай нарын тоо улам ихэслээ.

Төр чинь миний бодсоноос, монголчуудын сэтгэдгээс хавьгүй намхан босготой юм байна! МАН-АН-д дэлгэрсэн "мөөгөнцөрүүд”-ийн хөрс бордоо нь зусар бялдуучлал, сагасан их мөнгө хөрөнгө, өсөрхөл хонзогнол… Байтлаа Монголын төр үндсэн ажил мэргэжилдээ эзэн биш, харин түүндээ гологдогсдын, тэр хүрээндээ эзэн суух гэсэн авьяасгүй мунхагуудын орогнол болохдоо тулжээ. Хотны нохойг яах гэж тэжээдэг вэ, түүн шиг хууль ёсоо мануулах гэж ард түмэн төрийг тэжээдэг гэсэн эртний мэргэн үг бий. УИХ-д насаараа хоол идэж тэжээлгэсэн ч ханан мэдэлгүй, нэг намд шаарлагдахаараа нөгөө намын өвөр сэлгэж гүйсэн хэчнээн хүн өнөөгийн УИХ-д дахин нэр дэвшээд байгааг та тоол доо. Ёс зүй гэдэг чинь энэ үү!? Ард түмэн гэдэг үгийг хэн хүн хамаагүй ашиглаж болохгүйг би сайн мэднэ. Харин би энэ удаад ашиглачихья. Ард түмэн энэнээс чинь ичиж байна. Ичих нүүртэйгээрээ ганц Р.Амаржаргал гишүүн л өөрийгөө золих шив дээ. Хайран төрийн түшээ. "Амгалан нуурын галуу хэрээний сүргэн дотор үзэсгэлэнгүй Ажнай хурдан хүлэг, илжигний сүргэн дотор үзэсгэлэнгүй Уулын цагаан арслан, үнэгний сүргэн дотор үзэсгэлэнгүй Ухаан саруул мэргэн, тэнэгийн сүргэн дотор үзэсгэлэнгүй” хэмээн "Билгийн гол модон шастирт” байдгийг цээжлээд коллежийн багшаа хийгээд л явах байх даа чааваас. Ардчилсан нам ийм ховор цэвэр хүнээ тавиад явуулчихсанд гүнээ эмгэнэл илэрхийлье.

Сонгуулийн шинэ хуулийн заалтуудыг унших тусам дордоно. Би мэтийн улс насаараа хууль зөрчихгүй ухааны юм хичээж амьдарсан. Одоо хууль намайг, биднийг зөрчиж цавчаад байгааг харахгүй байна уу?. Өөрөө дэвшихгүй ч зөв хүмүүсийг тэгвэл дэмжье гэж бодьё. Тэгсэн чинь бас л болохгүй нь ээ. Төрийн гэдэг үг ажил алба, нэр сэтэрт орсон л бол миний мэт нь аль нэг нэр дэвшигчийг дагаж дагуулж явах нь бүү хэл, олон түмний өмнө үзэгдэж харагдаж ч болохгүй нь. Үүний оронд зүгээр л шоронд түр хийгээд сонголтгүй сонгуулийнхаа маргааш гаргачихаач. Улстөрчид болон хүн ам гэсэн хоёрхон давхарга энэ сонгуулиар нүүр тулж байна. Хүн ам буюу масс бол ард түмэн биш. Харин хүн амын шилдэг хэсэг, тэдний мэдлэг чадвар, хүсэл мөрөөдөл, бол Ард түмнийг илэрхийлж чаддаг. Энэхүү ард түмэн гэсэн бүхэл бүтэн шилдэг давхаргын үзэл бодлыг та нар энэ сонгуулиар устгаж үгүй хийж чадлаа.

Шорон гэснээс, Таны ардчилсан улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ч хориотойг саявтархан бас дахин мэдээд авсан. Жүжигчин Б.Амарсайхан "Би юу хийчихэв ээ "гэж уран уншсаныхаа төлөө цагдаад дуудагдав. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байнга сэдэв гаргаж ирж "хзл ам” таталж явдгийнхаа төлөө 88 сая төгрөг идсэн хэрэгт түлхэгдэж сэжигтнээр татагдаад байгаа. Уг нь энэ муу хүүхний л санаачилж, өдөр шөнөгүй идэвхийлэн хөөцөлдсөнөөр эмч голдуу бид цөөхүүлхэнээ, элэгний хорт хавдрыг Монголд эмчлэх талаар асар богино хугацаацд төсөл өрнүүлж, Хорт хавдрын төвийн өргөтгөлийн барилгад зориулагдсан, он жил дамнан дарга нарын арын өрөөнд "нөөцлөгдөж” байсан 5,8 тэрбум төгрөгийг тэднээс салган авч хувхай хоосон эгэл түмнийхээ эмчилгээнд яс тас төвлөрүүлчихээд байгаа юм шүү!!! Би өөрөөрөө мэднээ, ажлаа хийж чаддаг хүн, авьяастай хүн мөнгө хөрөнгө, албан тушаалд донтдогтүй юм! Хийж бүтээж, хүн арддаа тусалж гэрэл гэгээтэй амьдарч яваа маань дээд гавьяа, дээд шагнал учраас бидний мэтийг гүтгэж гүжирдэж, хулгайн мөнгө хайж халаас бүү нэгж! Тэрний оронд хийх юмаа хий! Ховоор бүү хоолло, ядах нь ээ хоёр анд нөхрийн дундуур шургаж хэргээ бүтээдэг могойнууд сэнтий дор тань даанч олон зулзагаласныг Та олж харахгүй байгаа юм биш үү. Тийм ч болохоор Та дайтах юмтайгаа дайтахгүй, олон жил тусыг нь авсан нөхрөө хүртэл хардаж сэрдэж, бусдын заавраар хөдөлсөөр байгаа нь инээдэмтэй харагдаж байна.

Нэгэнтээ би Та болон Таны дотны нөхрийн тухай, ардчиллыг Монголд дэрвээн сэхээж буй нөхөрлөлийг тань бахдаж "Уулын жаврыг сөрж давхисан хоёр сайн эр Усны тунгалгийг шимж уусан хоёр сайн морь” хэмээн ардчиллын найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлгээр хүртэл иш татаж байлаа. Женко Баттулга бөх л хүн шүү дээ. Гэхдээ жинхэнэ монгол, жинхэнэ хуучны ч гэмээр, өнөөгийн хувиа бодсон улстөрчдийн хүйтэн санаанууд доторх ганц халуун сэтгэл гэдгийг ард олон дэндүү сайн мэднэ. Тулгаагийнх шиг хамаг амьдрал, бизнес нь бусдын нүдэнд ил яваа өөр улстөрч хэн байгаа юм бэ? Таны ойр тойронд хөлхөлдөж нэр холбогдсоор байгаа уул уурхайн баячуудтай харьцуулахад тэрбээр анхнаасаа хүн арддаа ээлтэй бизнес эрхэлж монголчуудын ууж идээшсэн грузин цай, мал мах, үндсэн хүнс болсон талхны үйлдвэрлэлийн гал голомтыг авч үлдсэн, ядах нь ээ үүнд нь хүмүүс түүнд сайн байдаг. Гэхдээ огт алдаагүй хүн биш ээ. Ганзагын наймааны үеэсээ л түшиж тулж яваа хэдэн бөх тамирчин залуусаа оройн дээд амьтад гээд бодчихсон, үнэхээр ч тэд нь хэзээ нэгэн цагт Монгол эр хүний жудаг чанарын илэрхийлэл байх нь байж. Тэднийгээ хувьсахгүй хувирахгүй, өнөөгийн цөвүүн цагийн шуналд олонхи нь нэрнэгдэж шулам болчихгүй юм шиг гэнэнтэж, тэдэндээ хууртсан байж мэдэх л хүн.

Ардчилсан намын унасан нэр хүндийг аврахад "туг тахих хүн” энэнээс өөр олдсонгүй юу? Хэн нэгнийг яллаад гавьяатан болох амархан, харин хүнийг өмөөрөөд буруутан болохоос би айхгүй байна Тамга тэмдгийг нь атгалцаж явсан, одоо гол хэргийн үзүүрээс зуурч байгаа бие хамгаалагч Дүлзэнгүүдээ тэр өөрөө хэзээ ч өөрийн гараар барьж өгөөд амь гарах хүн биш. Та үүнийг дэндүү сайн мэднэ. Гэхдээ!!! Цаадуул нь яаж ар хударгаар нь гар хөлийнх нь үсгийг янзалсан байж мэдэхийг, юунд унагачихаад дайжиж одсоныг ч хэн мэдэх!? Алдаж буруутвал өөрөө л үүрдэг тэр "мулгуу” чанар нь өөрийг нь сэжигтэн болгоод буйг энэ хүн өөрөө ч мэдэхгүй яваа биз. Та үүнийг бас л мэднэ. Хүсвэл та юуг ч чаддаг. Уржнан хавар Та намайг дуудаж авчраад гавьяатын тэмдэг энгэрт зүүж өгөх зуурт би юү гэлээ? "Мартын 8″-ны л бэлэг биз дээ, Ерөнхийлөгч өө?” гэсэн.

Хэрхэн хөлсөө урсгаж, хамт олноо, салбараа босгосноо мэддэг болохоор энэхүү шагналд би мэдээж, баярласан. Таны гараар төр зүүж өгсөн болохоор нь хүндэтгэсэн. Тэрнээс биш бурууг өмгөөлж, намайг аргацаасан нөхөөс гэж ер бодоогүй. Ер нь монголчууд бид одон тэмдэгт хууртахаа больж дээ, дашрамд хэлэхэд, нийтийн жишиг л гэхээс. Цээжин тушаах одон тэмдэг нь түүний цаана цохилж байгаа зүрхэнд урам, итгэл, төрөө гэх эрхэм нандин хайрыг хэр их бадрааж байгаа юм бол оо? …Таны өчүүхэн гэлгүй, ямар гэмийг би мэдэж байгааг Та сайн мэдэж байгаа. Таны хаацайлж өөгшүүлсэн хүн одоо УИХ-д нэр дэвшээд мундаг явж байгаа. Зохиолчдын хорооны байшинг эрдэм ухаан, уран бүтээлийн өргөө биш, мөнгө завших түрээсийн байр болгосных нь төлөө одоо төр түмний мөнгө идэх шат зиндаа ахиулж байгаа тань энэ. Нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөх, үнэнч шударга иргэн нь байх үнэ цэнийг энэ цаг үе бидний нүүрэн дээр хөсөрдүүлж өгч байна.

Миний хамгийн сайн мэддэг, ойр тойрны хүрээнд минь л энэ мэт бузар булхай гаарч байгаа юм чинь, бусад салбарт юу болж байдаг нь тодорхой юм биш үү. "Сэлэм бол чадаагүй нь тонгорог болж ямаа хорлодог Сэхээтэн болж чадаагүй нь түшмэл болж ул шагайдаг Үхэр гэдэг амьтан өвсийг цастай нь хивнэ Үйлтэй сэхээтнийг түшмэл цаастайгаа хивнэ… ” гэдгийн замаар, мань мэтийгээ "хивэхээр” эрдэмгүй доройчуул эрээ цээргүйгээр төр лүү мөлхөж байгаа нь Танд огт хамаагүй юм байна. Бурууг булзааруулж явахынхаа оронд Та нийгэмд болж байгаа сайн муу тохиолдол бүрт "зөвлөхүүд биш ховлохуудаа” сонсолгүй, ард иргэдээ, үнэн үгтэй цөөхөн ч гэсэн сэхээтнүүдээ сонсож нэг сэтгэл зүрхтэй байгаач ээ! Хүмүүс үнэн мөнд итгэх итгэл, урмаар цангацарлаа.

Ёс жудаг, ёс суртахуун, ёс чанар, ёс зүй… монгол үгийн санд улам цөөхөн хэрэглэгдэж, утга нь бүдгэрч алга болохдоо туллаа. Хойд хөршид В.Путин эх орны дайны ялалтын сэдвийг сонгож нийгмийнхээ, хүүхэд залуучуудынхаа сэтгэл зүйд том угаалга цэвэрлэгээ хийснээс жишээ аваач! Урд хөрш "Нэг бүс-Нэг зам” хэмээх, Засгийн газрын хөтөлбөрөөр үндэстэн ястнуудынхаа түүх, соел, зан заншил, түүнтэй уялдсан геополитикийн бодлогыг ягштал хэрэгжүүлж, хэдэн тэрбум хүнээ нэг гарт зангидаж чадаж байна. Гэтэл манайд яаж байна? Онцгой их мөнгөний тухай яригддаггүй л юм бол хэн ч яаж ч байсан, улстөрчдөд падлийгүй. Юун тусгаар тогтнол, яасан ийсэн ардчилал, хүний эрх… Ирвэс хамгаалдаг Т.Лхагвасүмбэрэл гэж нэг сайхан хүү амиа алдсаныг, Тосон бумбын нурууг хамгаалж яваад аль нэг олигархын захиалгаар алуулсан байж магадыг хүч тавьж мөрдүүлээч! Л.Болормаа сэтгүүлч гэртээ сэжиг бүхий амиа алдсан, яг ямар сэдвээр юун тухай бичиж дагзандаа нам цохиулсан байж болохыг нь судлуулаач?! Ерийн иргэд бүү хэл, Таны мэт дээдсийн өмнөөс цор цор хийдэг сэтгүүлч нар ч айдастай байдаг боллоо. Олон ургалч үзэл энэ тэр гээд байсан хаачив?

Бэсүд Ч.Эрдэнэ, судлаач Х.Ганхуяг, эрдэмтэн Ж.Болдбаатар… гээд нийгмээ арай тод томруун, сонин өнцгөөс олж оношилдог зөндөө олон хүн яагаад Таны л үед амаа хамхичихав? Дан ганц Баабарын цэцэн мэдэмхийрэл Монголын сэтгэлгээг дүүргэвэл хэцүү биз дээ? "Төрийг намаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалын хэнээгээр…” арилжиж сольсон он цаг ямар удаан үргэлжилнэ вэ? Уг нь энэ бүгдийг таслан зогсоож чадна гэж итгэж Таныг Ерөнхийлөгчөөр сонгож байлаа, одоо Таньд ганцхан жил үлдсэн болохоор байдал мөддөө засрахгүй. Үүний баталгаа нь ч УИХ-ын энэ удаагийн сонгууль болох нь ээ. "Ар Халхын заяа нь уулнаас их буй…” гэж Ноён хутагт Данзанравжаа сургасанчлан, нэгэнт тунасан нэр дэвшигчдээс аль олигтойг нь шүүрдэж авахаа түмэн олны маань буян хишиг мэдсүгэй.

"Тэнэгийн дүрийг бариад мэргэд баяслыг үүсгэнэ” гэгчээр, инээгээд л амьдраад байж дээ. Энэ нийтлэлийн дараа намайг мэдээж, нэг хэсэг нь баахан хараах биз. Нэрээ нуусан, нүүр царайгүй сошиал ертөнцийн "хархнууд” яаж мэрэхийг би мэдэж байна. Сайндаа л нас зүс өөлж төөлж, өвөр түрий нэгжиж самарна биз, би ямар мэдэхгүй биш. Нүгэлгүй хүн бардам гэдэг юм. Ил, үнэнийг хэлдгээс нь биш, инээж байгаад далдуур хорлодгоос нь айцгаа! "Буудчих уу жанжаан?” гэх "далдаакууд” ил гарч ажил төрөл рүү шалгалт явуулж шогтоно, хань гэр бүлийн маань ажлаар оролдож элдвээр хавчихч магад, энэ чинь нийтлэг үзэгдэл болчихоод байгаа шүү дээ. Тэгсэн хэдий ч олон түмэн гэж нэг юм байдаг юм шүү. Энэхүү олон түмэн ямар хурдан ухаажиж, төрөөсөө хэд дахин боловсронгуй, хэрсүү болсныг улс төрчид та нар хүлээн зөвшөөрөх цаг иржээ.

Төр тань хоцрогдсон байна, Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ц.Хулан 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen