П.Цагаан цайсан хүн үү, Ерөнхийлөгч өө

П.Цагаан цайсан хүн үү, Ерөнхийлөгч өө

 


Ц.Элбэгдоржийн эргэн тойронд бүтэхгүй гарууд үүрээ засаад өндөглөчихсөн юм биш үү, цаана чинь. Зөвлөхөөр нь

ажиллаж байсан Н.Лүндэндорж автын ослоор хүний амь хохироосон нэгэн.
Хоёр жилийн өмнө гарсан тэр хэргийг хэрэгсэхгүй болгож, мань хүнийг уснаас хуурай гаргасанд хуулийн салбарынхан шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Тийм байтал шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж, өнөөх алдартай багц хуулийг гардан хэрэгжүүлэх үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар мань хүн өчигдөр томилогдлоо.
Өөрийн зөвлөх асандаа "Үгүй" гэж хэлж чадаагүй Төрийн тэргүүнийг шударга байлаа гэж хэн ч магтахгүй.Өөрөөсөө шинэчлэл, шударга ёсыг эхлүүлж чадахгүй байж бусдад тэр тухай ярьж, тийм байхыг зөвлөж байгаад харамсаж байна, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өө.
Шулуухан хэлэхэд, шударга ёсонд эмгэнэл илэрхийлье. Болно биз дээ. Бас нэгэн мэдээлэл дуулгахад, Тамгын газрын дарга П.Цагаан улсын мөнгөнөөс халаасалчихаад өгөхгүй уравганаж, шарвагнаад байгааг нь мэдэх үү, та.
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа улсын төсвийн Шинжлэх ухаан технологийн сангаас 2009 оны дөрөвдүгээр сарын 20-нд "Рисайкл Прекаст Конкрете" компанийн захирал Х.Оюунболдтой төмөр бетон ханыг хавтгайлж ашиглан угсармал аргаар загвар байшин барьж туршилт хийх зориулалтаар 80 сая төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан байдаг.
Гол нь энэ мөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэй. Гэтэл гэрээнд хэд хэдэн маапаантай, эргэлзээ төрүүлсэн зүйл бий. Тухайлбал, гэрээг Х.Оюунболд гэгчтэй байгуулж, батлан даагчаар нь "Степпесолар" компанийн захирал П.Цагаан оролцсон байдаг.
Хачирхалтай нь, батлан даагч П.Цагаан гэрээг баталсан, тамга, гарын үсэг нь бий. Түүгээр зогсохгүй гэрээний 80 сая төгрөгийг П.Цагааны "Степпесолар" компанийн Худалдаа хөгжлийн банкны 410022066 тоот данс руу 100 хувь шилжүүлэхээр болсон байгаа юм.
Төслийн үндсэн хэрэгжүүлэгч Х.Оюунболд чухам ямар үүрэгтэй оролцсон нь тун бүрхэг. Гагцхүү П.Цагаан "Зэхэц ажлын гүйцэтгэгчийг төлөөлж "Степпесолар" ХХК-ийн захирал П.Цагаан "Би эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг гэрээнд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлөхийг баталж байна" хэмээн тодотгож, Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах өвөл, зуны хоёр давхар хувийн орон сууцны гэрчилгээг 112 сая төгрөгөөр үнэлэн барьцаалсан байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн байгуулсан энэхүү гэрээний 80 сая төгрөгийн 44.8 саяыг нь (хүүгийн хамт) 2010 оны дөрөвдүгээр сарын 25-нд, үлдсэн 42.4 сая төгрөгийг 2011 оны дөрөвдүгээр сарын 30-н гэхэд барагдуулж дуусахаар гэрээнд заажээ.
Хэрэв хугацаандаа төлөхгүй бол алдангийн хэмжээ сарын нэг хувь байхаар гэрээнд тусгасан байна. Гэвч энэ мөнгө өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй болох нь П.Цагааны АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харагдана.
Уг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дээр нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг П.Цагаанд энэ зэргийн мөнгийг хугацаанд нь төлчих боломж бололцоо хангалттай байсныг ч харж болно.
Түүний жилийн орлого нь 192.105.16 төгрөг бол гэр бүлийнх нь 194.106.29 төгрөг. Худлаа гэвэл Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хараарай, Ерөнхийлөгч өө. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд эрх мэдэлгүй, улсаа, газрын хэвлий дэх баялгаа хамгаалаад ганц үг унагадаггүй атлаа өндөр цалинд нь хорогдоод гишүүнээсээ татгалзаж чаддаггүй гэж амтай бүхэн шүүмжилдэг юм билээ.
Олны үг ортой гэгчээр үнэн бололтой юм. Нөгөөтэйгүүр, Шинжлэх ухаан, технологийн сан нь төрийн  байгууллага бөгөөд улсын төсвөөс санхүүждэг тул жил бүр аудит хийгддэг. Хэрэв хугацаандаа төлөгдөөгүй бол гэрээнд заасны дагуу алданги тооцож, шүүх, хууль хяналтын байгууллагаар асуудлын шийдвэрлүүлэх учиртай.
Гэтэл П.Цагаан хүүгийн хамт нийт 87.2 сая төгрөгийг 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд барагдуулж дуусах ёстой байсан. Гэтэл 2012 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал төлж барагдуулаагүй болох нь баталгаатай. Гэрээнд заасны дагуу сарын нэг хувийн алданги тооцвол аль хэдийнэ талийгаад өгч.Тийм байгаа биз, Ерөнхийлөгч өө.
 
Ийм байхад зээлдүүлсэн тал ямар ч ажил хийгээгүй байгаа "" юм. 2010 онд хийсэн аудитын санхүүгийн тайланд БСШУ-ны сайдын 2010 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 273 дугаар тоот тушаалаар долоон ажлын 305 сая төгрөгийн санхүүжилтийг батлан гэрээ байгуулсан аж.
Графикт хугацааны дагуу 2011 онд эхний 61.1 сая төгрөгийн эргэн төлөлт бий. 2010 оны тайланд төлөгдөх хугацаа хэтэрсэн болон эргэн төлөх нь найдваргүй болсон нийт 25 ажлын 494.968.1 мянган төгрөгийн ажилд гэрээний дагуу алданги тооцоогүй, гүйцэтгэгч болох байгууллага, хүрээлэн, хувь, хүмүүстэй тооцоо нийлж, зээлийн үлдэгдлийг баталгаажуулаагүй болох нь тусгагдсан байдаг.
Мөн жагсаалтын дагуу найдваргүй болсон зэхэц ажлуудын баримт материалыг шүүх, хяналтын байгууллагад бүрдүүлэн өгч, шийдвэрлээгүй болохыг тодорхой тэмдэглэжээ.
Шинжлэх ухаан, технологийн сангийнхны хэлснээр хугацаанд нь төлж барагдуулаагүй байгууллагуудыг шүүхэд өгсөн гэж мэдэгдэж байсан ч нэг ч материал бүртгэгдээгүй байсныг ч дурьдсан байдаг. Мөн тус байгууллагад хаяглан албан шаардлага хүргүүлж байсан удаатай.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан урьд нь Боловсролын сайд байсан албан тушаалаа ашиглан улсын мөнгийг халаасалчихаад эргүүлэн өгөөгүй. Магадгүй, аудитын тайланд дурьдсан эргэн төлөх найдваргүй байгууллага нь "Степпесолар" компани байж мэдэхээр.
Зүй нь П.Цагааныг хууль, шүүхийн байгууллагад өгч, улсыг хохиролгүй болгох шаардлага байгаа биз, Ерөнхийлөгч өө. Шударга байцгаая л даа. Таны хэлдэг энэ үгийг сэтгүүлч би ч дэмждэг. Тиймээс тойрон хүрээлэгчиддээ ч гэсэн шударга ёсыг сануулж, жирийн иргэнтэй дүйцүүлж бодооч, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өө.
Д.Дорж
Эх сурвалж: 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen