Хариуцлага ярихын оронд улам өөгшүүлж, “өхөөрдөөд" байдаг нь юуных вэ?

Хариуцлага ярихын оронд улам өөгшүүлж, “өхөөрдөөд" байдаг нь юуных вэ?

 

Зам тээврийн хөгжлийн яам их мөнгө эргэлддэг газар. Ялангуяа автозамын бүтээн байгуулалтад улс сүүлийн жилүүдэд ихээхэн хөрөнгө санхүү хаяж, аймаг нийслэлүүдийг холбосон засмал замын сүлжээ байгуулахад анхаарч байгаа.

Дэд бүтцийн энэ томоохон бүтээн байгуулалтад тус яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар чухал үүрэг оролцоо, эрх мэдэлтэй оролцдог. Тус газрын даргаар Д.Доржханд гэх эмэгтэй ажилладаг. Тэрбээр  өөрийгөө авто замтай ажил амьдралаараа холбогдсон хүн хэмээн тодотгодог байж мэднэ. Ингэх шалтгаан ч бий. Эл эрхэм урьд нь МХЕГ-ын Зам тээвэр, мэдээлэл холбооны хэлтсийн даргын албыг хашиж байгаад 2015 оноос ЗТХЯ-нд ажиллаж байна. Ингэж харвал Д.Доржхандын тухайд Монголын автозамын чанар байдал  аль ч талаараа холбоо хамааралтай нь тодорхой болж байна.

Одоо түүний тэргүүлж байгаа Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар авто замын, бодлого, стандарт, норм, нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах үүрэгтэй.  Харин энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ гэдэгт асуудал бий.

Монголын авто замын чанарыг нэгэн зуны настай ялааны амьдрах хугацаатай зүйрлэсэн удаа бий. Хэтрүүлэг байж болох ч ерөнхий зураглал, шинж байдлаараа ойролцоо зүйрлэл. Өнгөрсөн зун Улаанбаатарын авто замууд байгалийн сорилттой тулгарсан. Ганцхан жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан авто зам хоёрхон борооны аяыг даасангүй. Наадмын дараахан Өмнөговь руу зорчлоо. Ашиглалтад ороод хэдхэн жил болж байгаа УБ-Даланзадгад чиглэлийн зам Дундговийн Хулдын нутагт хэд хэдэн газарт сэтэрч эвдэрчээ. Чанаргүй замын жишээ болон яригддаг Гарамгайбаатарын зам гэж бас бий.

Ер энэ мэт жишээг дурдвал хаа сайгүй бий. УБ-Өвөрхангай чиглэлийн авто зам 2012 онд их засварт орж байсан ч  аймгийн төвөөсөө 60 гаруй км яваад л бас л эвдэрсэн байна билээ. Монголчууд бид  ингэж шинээр тавьсан замаа 5-хан жил болоод л дахин дахин их засвар хийгээд байх хөрөнгө санхүүгийн боломжтой бил үү. Үүнийг дурдахын шалтгаан гэвэл Д.Доржханд автозамын чанарт хяналт тавьж, улс хүлээж авахад ихээхэн үүрэг рольтой оролцож байсан хүний хувьд зохих хариуцлага хүлээх учиртай гэснийх.

Тавигдсан зам нь чанар байдлын хувьд алаг цоог, стандарт нормоо хангаагүйгээс ийм нас богино, ашиглалтын ая даахгүй байгаа нь 20 шахам жил энэ ажилд хяналт тавьж, гардан хариуцаж байсан хүнтэй холбоотой гэдэг нь маргах аргагүй үнэн.  Хариуцсан ажил нь ийм байсаар байхад Д.Доржханд харин МХЕГ-аас тушаал дэвшин ЗТХЯ-ны  газрын даргаар дэвшин ажиллаад байгаа нь ямар учир жанцантай вэ? Аль эсвэл аль ч төрд нүүрийн буянтай нэгэн үү. Хариуцлага ярихын оронд  улам бүр өөгшүүлж, өхөөрдөөд байдаг нь хачирхалтай.

Хэн ч албан тушаал ахиж дэвшиж болно. Харин ямар шалгуураар... Мэдлэг чадвар, үнэнч шударга байдал, хариуцсан ажилдаа амжилт гаргасан байдал л албан тушаал дэвших шалгуур болдог. Харин Д.Доржханд гэх эрхэм энэ бүх шалгуурыг давсан уу гэдэг л эргэлзээтэй.

Энэ хүний талаар сайн гэхээсээ илүү саар саарал мэдээ чих дэлсэж байсан нь бий. 2016 оны эхээр Зам тээврийн яамны авто замын тээврийн бодлогын зохицуулах газрын дарга Д.Доржханд өөрийн хүргэнээ Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км автозамын барилгын ажлын тендерт ялуулахаар илтэд лоббидож байгаа тухай асуудал цахим орчинд хэсэгтээ явж байсан санагдана. Тухайн үед Д.Доржханд  зориудаар цаг хожиж,  нэр бүхий гурван  компанийн хоёртой нь үнэ буулгах хэлэлцээр хийх, үнийн саналыг хууль зөрчих замаар дахин авах зэргээр  тендерийн ажлыг уясан тухай яригдаж байв.

Ийм л нэг “Но”-той нэгэн Монголын автозамын бодлогыг бариад сууж байна. Богино настай, дахин дахин хөрөнгө хүч шаардддаг зам бариад барих нь төрийн бодлого биш байлтай сан.

 

 

С.Санжаа 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen