Хубилай хааны Чао мөнгө

Хубилай хааны Чао мөнгөХубилай хаан цаасан мөнгийг эргэлтэд оруулсан нь хүн төрөлхтний түүхэнд анхных байсан төдийгүй мөнгөний бодлогыг цоо шинээр хэрэгжүүлэх боломжийг нээсэн үйл явдал байлаа. Үүний дүнд үнэ ханш нь буурдаггүй алт, мөнгө, сувд, үнэт эрдэнийн чулууг цаасан мөнгөөр худалдан авах нөхцөл бололцоог бий болгосон юм. Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж алт, мөнгөн зоос цутгуулснаас гадна 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэсэн гэж зарим судлаач үздэг. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах мөнгөний шинэтгэл хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.

Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байсан аж. Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархоринд "Мөнгө тушаах яам" байгуулж, улмаар мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газрыг Бээжинд байгуулжээ. Устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоосон гэдэг. Монголын эзэнт гүрний үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Монголын их хааны санаачилгаар 1260 онд хэвлэн гаргасан "Хубилай хааны мөнгөн дэвсгэрт" буюу чао гүйлгээний найдвартай хэрэгсэл байлаа. Оросын эрдэмтэн Козлов Өвөрмонголын Эзэний хошууны нутаг Хар хотын туурьт 1907 онд хийсэн малтлагын үеэр Юань гүрний цаасан мөнгөн дэвсгэртийг олжээ. Уг мөнгөн тэмдэгтийг луу болон цэцгэн хээгээр чимж хүрээлсэн байв. Нүүрний төв хэсэгт эвхмэл үсэгтэй тамга дарж баталгаажуулсан байна. Энэхүү мөнгөн дэвсгэртийг ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитажид хадгалж байгаа аж. Хубилай хааны ордонд олон жил амьдарсан Италийн аялагч Марко Поло чао мөнгөний талаар шагшин бичсэн байдаг. Гэхдээ Юань улсын эрх баригчид цаасан мөнгийг ихээр хэвлэх болсноор инфляцийг хяналтаасаа алдсан билээ. Энэ хямрал монголчуудын ноёрхол Хятадад нуран унах хүртэл буюу 1368 он хүртэл үргэлжилжээ. Дашрамд өгүүлэхэд, Юань гүрний чао мөнгөн дэвсгэртийг дэлхийн санхүүгийн музейд өнгөрсөн зургаадугаар сард байршуулсан байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen