Мөнгө, мөнгөний бодлогын өнөө ба ирээдүй
Хүн төрөлхтөн уулын чулуу, амьтны яс, ургамал, эрдэс металл гээд олон төрлийн эд юмсыг арилжаа наймаа хийх явцдаа төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байсан түүхтэй. Тухайлбал, эртний Японд будаагаар, Орост гурилаар, Африкт зааны ясаар төлбөр тооцоо хийдэг жишиг байсан гэдэг. Монголын түүхэнд ч таван хошуу мал, тэр дундаа хонийг төлбөрийн нэгж болгон ашиглах нь хэвийн үзэгдэл байсаар ирсэн.
Ийнхүү аливаа үндэстний эрхэлдэг аж ахуй, соёл заншлаас шалтгаалан солилцоо хийхэд найдвартай, итгэж болохуйц ямар нэг зүйлийг сонгон авч төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг байв. Харин орчин үед дэлхийн ихэнх улс орнуудад зоос эсвэл цаасан мөнгөн тэмдэгт энэхүү үүргийг гүйцэтгэх болжээ.
Тухайлбал Ам.доллар, Евро г.м. зарим мөнгөн дэвсгэртүүдийн хувьд дэлхийн олон улсад ашиглах боломжтой найдвартай хэрэгсэл болсон байна. Мѳнгийг дурын бараа үйлчилгээг сольж авах бололцоотой, үнэ цэнэтэй зүйл байлгахын тулд улс орнуудад XX зууны 2-р хагас хүртэл алтаар баталгаажуулах явдал түгээмэл байв. Ѳѳрѳѳр хэлбэл, "цаасны ард алт бий, хүсвэл эргүүлээд алтаар солиулчихна” гэсэн итгэл мѳнгийг үнэ цэнэтэй болгодог байлаа.
Харин цаг хугацааны явцад хүмүүсийн мѳнгѳн дэвсгэртэд итгэх итгэл нь өөрөө тухайн мѳнгѳн дэвсгэртийг үнэ цэнэтэй болгодог гэдэг нь тодорхой болжээ. Хэрэв ямар ч үнэт зүйлээр баталгаажууллаа гээд төлбөр тооцоо хийж болно гэдэг тэр итгэл үгүй бол цаасан мөнгө нь гоёмсог хэвлэсэн зурагт хуудаснаас ялгаагүй зүйл юм. Иймд ѳдгөө мөнгө зөвхөн итгэл дээр суурилан оршин тогтнож буй. Ингэснээр эдийн засаг тэлж, зах зээл дээрх бараа үйлчилгээний тоо нэмэгдэхийн хэрээр шаардагдах мѳнгѳний хэмжээ хязгаарлагдмал алтны нөөцөөс хамаарахгүйгээр нэмэгдэх бололоцоотой болсон юм.
Төв банк ба мөнгөний бодлого
Өнөөдөр аливаа оронд мөнгөн тэмдэгт хэмээх алга дарам цаасыг эдийн засагт төлбөр тооцооны найдвартай хэрэгсэл, үнэ цэнэтэй баялаг байхад төв банкны явуулж буй мөнгөний бодлого чухал үүрэг гүйцэтгэж байна. Санхүүгийн тогтолцоо хөгжсөн өнөөгийн эдийн засагт мөнгийг хэвлэх үйдвэрт принтерээр хэвлэж гүйлгээнд оруулахаас гадна, банкны тогтолцоо өөрөө мөнгийг байнга үржүүлж байдаг.
Жишээ нь, Монголд 2016 оны эцсийн байдлаар нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 7 хувь л гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө байв. Харин дийлэнх үлдсэн нь банкны системд нэг данснаас нөгөө дансанд шилжиж цахим хэлбэрээр үржигддэг мөнгө байсан гэсэн үг. Төв банкуудын хувьд, мөнгийг үнэ цэнэтэй байлгахын тулд бизнесийн идэвхжил, зах зээл дээр үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүний тоо, эдийн засагт оролцогчдын цаашдын шийдвэрийг үр ашигтай байлгахад нийцтэй хэмжээтэй байлгахыг зорьдог.
Мөнгөний бодлогын энэхүү зорилт амжилттай болсноор дунд урт хугацаанд үнийн түвшний өсөлтийг зохистой хэмжээнд байлгаж, мөнгөний үнэ цэнэ хадгалагдах юм. Өнөөгийн комплекс эдийн засагт мөнгөний бодлого үнийг тогтвортой байлгах зорилтоо хэрэгжүүлэхдээ санхүүгийн зах зээлтэй харилцах тодорхой арга хэрэгслүүдийг ашигладаг. Арилжааны банкудын төв банкинд байршуулдаг заавал байлгах нөөц, төв банкны үнэт цаас борлуулах, худалдан авах нээлттэй захын үйл ажиллагаа, хөтөч хүү, банк хоорондын зах дээрх богино хугацаат зээл, хадгаламжийн үйл ажиллагаа зэрэг нь харьцангуй урт хугацаанд ашиглагдаж ирсэн уламжлалт арга хэрэгслүүд юм.
Төв банкууд эдгээр арга хэрэгслүүдээр дамжуулж эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээнд нөлөөлж, улмаар бодит эдийн засаг дээрх идэвхжил, эцсийн дүндээ үнийн түвшинд нөлөө үзүүлэхийг зорьж ирсэн. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, тухайн үеийн зах зээлийн хүлээлтээс шалтгаалаад мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн үр нөлөө харилцан адилгүй байх нь бий. 2007-08 оноос эхтэй дэлхийг хамарсан санхүүгийн их хямралаас хойш хөгжсөн орнуудад төв банкны уламжлалт арга хэрэгслүүдийн орон зай хумигдаж, үр нөлөө нь буурах хандлага ажиглагдсан тул нөхцөл байдалд тохирсон шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх болсон.
Тухайлбал, Японы төв банк, Европын төв банкны хасах хүүгийн бодлого нь урьд нь байгаагүй уламжлалт бус арга хэрэгсэлд тооцогдож буй. Мөнгөний бодлогын үр дүн нь бодлогын шийдвэр гарснаас хойш тодорхой цаг хугацааны хоцрогдолтой илэрдэг явдал нь шийдвэр гаргагчдын өмнө тулгардаг нэг гол сорилт юм. Учир нь мөнгөний бодлогын арга хэрэгслүүд нь шууд бус, харин ханш, хүү, зээлийн хэмжээ, хөрөнгийн үнэ гэх зэрэг тодорхой сувгуудаар дамжин эдийн засаг дахь эрэлт ба нийлүүлэлтэнд нөлөөлж, улмаар эцсийн дүндээ үнийн түвшний өөрчлөлтөд нөлөө үзүүлдэг. Энэхүү дамжлагыг бид цогцоор нь мөнгөний бодлогын шилжих механизм гэж буй.
Дамжлагын эхний цэг буюу бодлогын шийдвэр, эцсийн цэг буюу үнийн түвшин хоёрын дунд явагдах процессууд нь тодорхой цаг хугацааг шаардах тул аливаа тооцоологдоогүй шок, өөрчлөлтүүд үүссэн тохиолдолд зорилтот үр дүн ч өөрчлөгдөнө. Иймд мөнгөний бодлого нь заавал ирээдүйг харсан, дунд урт хугацаанд чиглэсэн, учирч болох эрсдэлүүдийг өнөөдрийн мэдээлэл дээр суурилан сайтар тооцоолсон байх шаардлагатай байдаг.
Мөнгөний бодлогод анхаарах зүйлс
Мөнгийг үнэ цэнэтэй байлгахын тулд төв банкнаас явуулж буй мөнгөний бодлого нь олон төрлийн бодлогын арга хэрэгслүүд, эдийн засагт тэдгээрийн нөлөө дамжин өнгөрөх сувгууд, замд нь учирч болох өөрчлөлт шокуудын харилцан үйлчлэлээр тодорхойлогдох нэлээд төвөгтэй зүйл гэж хэлж болох юм. Мөнгөний бодлогыг аль болох амжилттай хэрэгжүүлэхэд дараах 3 зүйл нэн чухал болох нь төв банкуудын олон жилийн туршлага, судалгаа шинжилгээний арвин эх үүсвэрээс тодорхой болжээ:
1.Мөнгөний бодлогын зорилго тодорхой байх
Нэг талаар, мөнгөний бодлогыг эцсийн дүндээ ямар зорилгыг биелүүлэхээр хэрэгжүүлж буй нь тодорхой байх тусмаа тэрхүү зорилго амжилттай биелэхэд дөхөм болно гэсэн үг. Зорилго тодорхой байснаар мөнгөний бодлогын үр дүн богино болон дунд урт хугацааны аль алинд нийцтэй байх боломж үүснэ. Ингээгүй тохиолдолд төв банк хариуцлагатай ажиллах, ажлын үр дүнг хэмжих, эргээд хариуцлага тооцоход төвөгтэй байх болно. Харин нөгөө талаас, аливаа улс орны мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, мөнгөний нийлүүлэлтийг удирдах бодлого нь маш их эрх мэдэл, үүрэг хариуцлага юм. Иймд зорилгыг аль болох нарийвчлан зааж өгснөөр мөнгөний бодлого хэрэгжүүлэгч нэг институци дээр хэт их эрх мэдэл төвлөрөх, улмаар үүсч болох эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой болох болно.
2.Мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэгч институци болох төв банк хараат бус байх
Төв банкны хараат бус байдал алдагдаж, улстөрөөс хэт хамааралтай шийдвэрүүд гарснаар улс орны эдийн засаг өндөр эрсдэлд орсон түүх цөөнгүй. Богино хугацаанд үр дүнгээ өгч сонгогчдод таалагдах шийдвэрүүд нь дунд урт хугацааны үнийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтөд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн жишээ ч бий. Тийм ч учраас өнөөдөр дэлхийн ихэнх улс орнууд, тэр дундаа эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудад төв банкны хараат бус байдлыг хуулиар онцгойлон баталгаажуулж өгдөг жишиг тогтжээ. Үүний үндсэн дээр мөнгөний бодлого урт хугацааны зорилтоо биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн баг хөндлөнгийн нөлөөгүйгээр авч хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
3.Төв банк ил тод байх, олон нийттэй харилцах харилцаа ойлгомжтой байх
Төв банк ил тод, нээлттэй байснаараа нэг талаас мөнгөний бодлого хэрэгжүүлэгч институцийг хянах, улмаар хариуцлагатай ажиллуулах боломж бүрдэнэ. Харин нөгөө талаас мөнгөний бодлогод итгэх итгэлийг бий болгох чухал хөшүүрэг болох юм. Түүнчлэн, эдийн засагт өрнөсөн процесс нь дата статистикаар илрэхээс нэлээд хугацааны өмнө зах зээлд оролцогчдын тархинд бий болсон хүлээлт, түүн дээр үндэслэсэн шийдвэр, үйл хөдлөлүүдийн үр дүн гэж хэлж болно.
Иймд төв банк олон нийттэй идэвхтэй харилцаж, бодит мэдээллийг түгээх нь эргээд зах зээл тогтвортой байх, улмаар мөнгөний бодлогын зорилт амжилттай биелэхэд эерэг нөлөөтэй. Эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх нарийн дата, цаашдын төлөвийн талаарх хамгийн оновчтой төсөөллийг гаргадаг нэг гол институцийн хувьд төв банк өөрт байгаа мэдээллээ зах зээлтэй хуваалцах нь мэдээллийн тэгш бус байдлыг бууруулж, зах зээлд оролцогчид илүү үр ашигтай шийдвэр гаргахад нөлөөлөн, улмаар эдийн засгийн ирээдүйн төлөвийг илүү таамаглагдахуйц болгох юм.
Түүхийг эргээд харахад хүн төрөлхтөн бартерын арилжааг хялбарчлах зорилгоор бий болгосон төлбөрийн хэрэгсэл нь цагаан будаанаас эхлээд цаасан мөнгө болж хувирсан. Санхүүгийн зах зээл хөгжихийн хэрээр мөнгөний тухай ойлголт өөрчлөгдөн цахим хэлбэрт шилжиж, төв банкуудын явуулж буй мөнгөний бодлого, хэрэглэж буй арга хэрэгслүүд, сэтгэлгээний чиг хандлага ч хувьсан өөрчлөгдөж байна.
Үүний хажуугаар технологийн хөгжилтэй холбоотойгоор биткойн гэх мэт цахим мөнгө төлбөр тооцооны тогтолцоо, мөнгөний үнэ цэнийн талаарх суурь ойлголтод хувьсгал хийж буй. Ийм нөхцөлд төв банк, мөнгөний бодлогын гүйцэтгэх үүрэг рольд, арга хэлбэрт цаашид ихээхэн шинэчлэлт өөрчлөлт бий болохоор хүлээгдэж байна.
Б.Түмэнцэнгэл (Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч)