“Эрүүл,аюулгүй ажлын байр-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэгт салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ыг зарладаг уламжлалтай. Монгол улсад 2002-2017 оны хооронд гарсан 5900 үйлдвэрлэлийн осолд нийт 6464 иргэн өртсөнөөс 50.1 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна.
Тиймээс ХНХЯ, НХЭГ, ХАБЭАҮХ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд энэхүү сарын аяныг "Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор зохион байгуулсан.
Тус сарын аяны хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн эрхлэлтийн газар, НЗДТГ, НМХГ, МАОЭНХ, нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран эрүүл аюулгүй ажлыг байрыг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор "ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА”сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийг нээж НЗД-ын орлогч З.Энхтөр хэлсэн үгэндээ " Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн 04 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2018 оны А/340 дүгээр захирамж гарч, сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Аяны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучууд, зорилтот бүлгийн иргэдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага тараах материал боловсруулж хэвлүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хийсэн. Мөн дүүрэг бүр өөрсдийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр аяныг зохион байгуулан ажиллаж байна.” хэмээлээ.
Хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан " ХАБЭА сарын аян маань долоо дахь жилдээ зохион байгуулагдаж, дүүрэг, аймгуудад энэ хэлэлцүүлэг мөн хийгдэж байна. ААН байгууллагууд хуулийн хэрэгжилт тал дээр түлхүү анхаарч ажиллах ёстой. ХАБЭА эрх зүйн орчин нэг үеэ бодвол харьцангуй боловсронгүй болсон. 50-иас дээш ажилтантай ААН байгууллагууд байвал орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилчидтай байна. 100-с дээш байвал бүтэц, хэлтэс байх ёстой. 50-иас доош 20-иос дээш байвал гэрээ хийж мэргэжлийн байгууллагуудаас сургалт, семинарыг гэрээгээр авах хуулийн зохицуулалт хийгдсэн.
ААН байгууллагууд ажлын туршлагаас шалтгаалж жилийн төсвийн 1.5 хувь, төсвийн байгууллага 0.5 хувийг ХАБЭА-д зарцуулах ёстой байдаг. Энэ санхүүжилтийн асуудал нь нэлээд тулгамдсан асуудал болж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ХНХЯ болон Монгол улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс урьдчилан сэргийлэх тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтон хүрээнд ХАБЭА-н талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтын механизмыг оновчтой болгох зэрэг зорилтыг дэвшүүлэн үндэсний тав дахь хөтөлбөрийг баталагдаж хэрэгжүүлэх шатандаа ажил хийгдэж байна. "хэмээлээ.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нэгж байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх төр засгийн бодлого, шийдвэрүүд, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд дарга З.Соёлмаа " Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөл нийгмийн түншлэлийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэлэлцүүлгийг зохион байгуулахад хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл” гэж байгуулан ажиллаж байна. Харин тус зөвлөл үр дүнтэй ажиллаж байна уу, үгүй юу гэдэг асуудалтай. Иймд бидний зүгээс энэ жил "Осолыг тэглэе” гэсэн аянд нэгдсэн. Энэ аяны хүрээнд томоохон аж ахуйн нэгж байгууллагатай үйлдвэрчний эвлэлийн хороодтой газруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр аваар осолгүй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл, мэдлэгтэй болгох, нөгөө талаас шаардлагатай ажлын хувцсаар хангаж байна уу гэх чиглэлээр үзлэг шалгалтууд хийгдсэн. Энэ үзлэг шалгалтын үр дүнг харгалзан сургалт зохион байгуулж байна. Шалгалтаар ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэгслээр бүрэн хангасан эсэх, ХАБЭА талаар сургалт зохион байгуулдаг эсэх зэрэг олон асуудлыг авч үздэг” хэмээлээ.
Энэхүү хэлэлцүүлэгийн үр дүнд "Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал”, "Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлууд” , "Сарын аяны хүрээнд хийсэн шинэлэг ажил”, "Ажлын байрны сөрөг хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт , зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn |