ТҮҮХЭЭ СОНИРХОЖ СУДАЛДАГ ХҮМҮҮС УЛАМ НЭМЭГДЖЭЭ… ГЭВЧ ЮУ УНШИЖ БАЙГАА БОЛ?

 ТҮҮХЭЭ СОНИРХОЖ СУДАЛДАГ ХҮМҮҮС УЛАМ НЭМЭГДЖЭЭ… ГЭВЧ ЮУ УНШИЖ БАЙГАА БОЛ?Нийгэм солигдоход тухайн нийгмийн үзэл суртлыг дагаж түүхийг янз бүрийн өнцгөөс тайлбарладаг. Гэвч үнэн гэдэг ганц байдаг.

Чингис хаан гэхээр "… хүний махаар хоол хийгээд, хүний цусаар нүүрээ угаадаг Чингис хаан” гэж дуулдаг үе байсан. Тэгснээ байчхаад одоо барууныхан хүртэл Чингис хааныг маань "Мянганы шилдэг хүн”-ээр тодруулж байх.

Түүх бичвэр… Сурвалж бичиг, ном туурвилууд, хэн нэгний бичиж үлдээсэн бэлэн фактууд дээр үндэслэсэн түүхэн үйл явдлуудын хэлхээс. Энэ хэлхээс үнэн түүхийг бүрэн гаргаж чадна гэдэгт та итгэдэг үү? Болсон явдлын цаад учир шалтгаан, шалтаг, логик, зангилаанд хэн анхаарч байна вэ?

Тоо тоймгүй их дайн тулаан, тэмцэл хямралын үед чухал баримт сурвалжууд тасралтгүй устсаар ирсэн. Зориудаар нууж дарагдуулж байгаа явдал ч бий. Тэгээд үлдэж хоцорсон ил хэд дээр нь увайгүй "найрлаж”, хэдэн төвийлгөсөн фактууд хооронд нь зураас татаад л болоо юу?

Ямар санаа зорилгоор, хэний эрх ашгийн төлөө, хаанахын хэний бичиж үлдээсэн сурвалжууд бидний Монголын түүхийг өгүүлдэг бол?

Судлаач Д.Ганхуяг гэдэг хүний "Шашин авсан түүхийг эргэцүүлэх нь” гэх нийтлэлийг олж хараад манай одоогийн судлаач нэртэнгүүд амандаа багтахгүй яасан том юм ярьдаг болоо вэ, өвөг дээдэс рүүгээ хичнээн их нулимдаг болоо вэ гэж харамслаа.

"Хуц уль” гэж баруун солгойгүй хараасан нэг ийм нөхөр өөрийгөө жинхэнэ түүх ярьж байна, аливаад бүхлээр нь харж дүгнэлт хийж байна гэдэг "агуу их эго”-той хүн гэдгийг мэдэх нэг нь мэдэх л байх.

Энэ хүнийхээр бол, Монголын хаад ноёд өөрсдөө шашныг гуйсан, өөрсдөө Түвдийг "рэкетлэж” шарын шашныг авч дэлгэрүүлж байсан, улаан шарын урсгалаар талцаж Монголын хаад шашнаар уралдаж өрсөлдөж байсан гэнэ, тэгээд л гүйцээ!

Лигдэн хаан хүртэл торго дурдан авдагтаа Мин улсын хилийг хамгаалж байв гэнэ, Цогт тайж, Лигдэн хаан, Гүүш хан Төрбайх нарын хоорондын тэмцэл тусгаар тогтнолын төлөө юу, шашны урсгалын төлөө юу гэдэг их маргаантай гэнэ. "Түүхэн баримт хараад байхад манайхан л новширсон юм байна лээ дэг” гэж авч байна шүү!

Нөгөө "Цахиур” Төмөрийн "Яасан ч нарийхан амь бэ дээ” гэдэг шиг, яасан ч хурдан дүгнэлт вэ дээ… Зарим ихэс ноёд олон буруу зүйл хийсэн байдаг. Гэвч бүгдээрээ биш. Ялангуяа Лигдэн хаан.

"”Их хүний алдсан нь хүртэл цаанаа учиртай, яагаад алдсаныг нь анзаарвал бүүр учиртай” гэж Францын физикч эрдэмтэн, квантын механикийн онолыг үндэслэгчдийн нэг Луй дэ Бройль хэлсэн байдаг.

Уг нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлүүд дотор нэг ийм өгүүлбэр явж байна: "…Монголчууд өөрсдөө Түвдээс шашин гуйсан харагдаж байгаа байх, магадгүй. Харин түвдүүд монголчуудаар гуйлгах хэмжээнд хүртэл бүтэн 200, 300 жил шургуу оролдсон байх. Шар уу, улаан уу гэдэг бол тусдаа, бүр хожмын асуудал…”. Энэ хүн яг голыг нь олоод хэлчихжээ. "Бүхлээр нь хардаг” Ганаа судлаач үүнийг бодолцож оролцуулж хараасай даа.

Оросын нэрт түүхч, нийгмийн философич, системийн аналитикч, Олон улсын шинжлэх ухааны академийн хvндэт гишүүн-академич, Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн дэргэдэх Оросын эрдэм шинжилгээ-судалгааны төвийн захирал, ОХУ-ын Систем-стратегийн анализийн хүрээлэнгийн захирал, орчин цагийн Оросын улстөр-нийгмийн томоохон зүтгэлтэн, аналитикч эрдэмтэн А.И. Фурсов лекц ярилцлагууд, ном бүтээлүүддээ доорх өгүүлбэрийг байнга эшилдэгийг монгол хүн бүр, "судлаач”, "түүхч”, "социологич” гэж өөрийгөө нэрлэгсэд анхаарууштай:

А.И.Фурсов хэлэхдээ: "Нийгмийн сэтгэлзүйн судалгааг үндэслэгчдийн нэг, түүхч, социологч, сэтгэлзүйч, антропологич, Францын гүн сэтгэгч Гюстав Ле Бон ийм нэгэн чухал өгүүлбэрийг Дэлхийн 1-р дайны тухай номондоо бичсэн байдаг : "Жинхэнэ түүхч, судлаач хүн "аяга”-наас хальж асгарсан сүүлчийн дуслыг биш, эцсийн дуслыг дусааж асгарахад хүргэсэн тэр түүхэн хүмүүсийн алдаа оноо, зөв буруу үйлдлийг биш, харин чухамдаа тэр аягыг дүүрч хальж асгартал нь хэн дусал дусал дуслаар шингэнийг амсарт нь хүртэл цэлэлзүүлж бэлэн болгосныг судалж тогтоох ёстой юм” гэсэн нь түүхийн логик, далдаас үйл явдлыг залж удирдагч жинхэнэ эздийн үнэн нүүр царай, бодлого үйл ажиллагааг бүхэлд нь харж асуудлыг ойлгоход нэн чухал юм” гэсэн юм.

"Бушуу туулай борвиндоо баастай”. Түүхээ судалж алдаа онооноос нь суралцахын тулд эхлээд түүхийхээ логикийг, бодит өрнөлийг уялдаа холбоон дунд нь системтэй харж, "энэ бүхэн эцэстээ хэнд ашигтай байсан бэ” гэдэг асуултыг тавьж тунгааж, үнэн бодитоор нь ойлгох хэрэгтэй. 2014 он

Solongo Chuluunbaatar

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen