ХУУЛИЙН ИЛДЭНД ХЭЛМЭГДСЭН ХУВЬ ЗАЯА

ХУУЛИЙН ИЛДЭНД ХЭЛМЭГДСЭН ХУВЬ ЗАЯА

 

1995 он Дорнод аймгийн Эрээнцавын САА-н галчын амийг бүрэлгэж зууханд шатаасан онц ноцтой гэмт хэрэг гарсан. Тухайн үед 7-8 хүнийг энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн Эрүүгийн хуулийн 86-р зүйл буюу цаазын ялтай зүйл ангийг сонсгон байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байдаг. 
Дорнод аймгийн мөрдөнд 14-90 хоног хорьж шалгаж байснаа улмаар Улаанбаатар хот руу сэжиглэгдсэн хүмүүсийг шилжүүлэн тухайн үеийн ганц худаг гэх урьдчилан хорих төвд мөн л 14-80 орчим хоног хорьж шалгаж байгаад сэжиглэгдсэн хүмүүсийг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч олон сараар гадуур байцааж залхаан цээрлүүлжээ. Энэ хооронд дээрх хүмүүсийн ажил, амьдрал ихээхэн хохирч улмаар нутаг орондоо амьдрахад хүртэл хүнд болж хийгээгүй хэргийнхээ төлөө Алуурчин гэж цоллуулан сэтгэл санааны ихээхэн хүнд нөхцөлд 21 жилийг үдсэн байдаг.
Хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээ үүсэж нэр бүхий хүмүүсийн хэргийг 2010 он хүртэл түдгэлзүүлсэнээр цаазлуулах ялтай зүйл ангитай энэ хүмүүс айж цочин 16 жилийг үдсэн юм. 
Аз болж гэмт этгээд 15 жилийн хойно өөрийн жигшүүрт хэргээ хүлээснээр хэлмэгдэн хохирсон Эрээнцавын нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарсан байдаг. Гэвч хүнээ алуулсан хохирогчдын сэтгэлийн мухарт, 20 шахам жил хүний амь хохироосон ялтай явсан эдгээр хүмүүст хандах нутаг орныхоны итгэл сэргэсэн гэдэгт өмгөөлөгч миний бие одоо ч эргэлзсээр....
Хэрвээ гэмт этгээд хэргээ хүлээгээгүй бол... хэрвээ энэ хүмүүст тэр айхтар ялыг оноочихсон бол.... хэрвээ олон жил аймшигт хэрэгт энэ хүмүүс сэжиглэгдээгүй бол амьдрал нь ийм гундуу дутуу байх уу....
Хууль бол цаасан дээрх үнэний илд боловч алдаж хэрэглэвэл нэг байтугай хүний амьдралыг голомтоор нь самрах аюултай хүч билээ.
Монгол төр энэ олон жил ийм аймшигт ялтай ийм хүнд сэтгэлийн шаналантай явсан иргэдээ гэм буруугүй болохыг олон нийтэд сурталчилан таниулж, албан ёсоор уучлал гуйдаг жишигтэй болохгүй бол иргэд маань ялаас салсан нь их юм гэж бодоод нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдрал, залуу насаараа хохирсоор л байна шүү Төр минь...
Нэгэнт төрийн үйл ажиллагааны буруутай үйлдлийн улмаас 21 жил хохирсон иргэдийнхээ сэтгэл санаа бусад гэм хорын хохиролыг Төр санаачлагаараа барагдуулж байх эрхзүйн орчин үгүйлэгдэж байна.
Хэлмэгдэж хохирсон хүмүүс маань айдсаасаа салж чадалгүй байсаар ертөнцийн мөнх бусыг хуулийн хуудуутай илдний дор үзүүлсээр....
Хүн та 21 жилийн турш цаазлуулах ялтай шүү гэж бодож түгшиж амьдрахад таны сэтгэлийн тэнхээ даах эсэхийг тунгаан бодох буйзаа...
Би хуулийн дор амьдарч буй өмгөөлөгч нэгэн гэхдээ Хууль хэмээх хүмүүн бидний бодож олж баталсан хэв журмын тогтолцооны Золиос олон хүн бүү болоосой.. Хууль сахиулж буй эрхмүүд минь хүний хувь заяанд гоомой бүү хандаасай гэсэндээ энэхүү нийтлэлийг бичиглэж сууна.
Хуулийн илдэнд 21 жил хэлмэгдсэн Эрээнцавын эгэлхэн иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө чармайх болноо.
Хуулийн илд ямагт үнэний талд байх болтугай.
Хуульч Ч.ЭРДЭНЭБАТ. 
УБ хот 2018-01-09

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen