Тээврийн хэрэгсэлдээ суулгаж дээрэмдэхээс гадна хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ

 
 Тээврийн хэрэгсэлдээ суулгаж дээрэмдэхээс гадна хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байгаа талаар бид өчигдөр мэдээллэсэн.

Тодруулбал уг хэргийг үйлдсэн Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр мөрдөн байцаалтын явцад тэд охид эмэгтэйчүүдийг хүч хэрэглэн дээрэмдэхээс гадна хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ. Одоогоор тэд хэд хэдэн үйлдлээ хүлээгээд байгаа аж. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс уг этгээдүүдэд дээрэмдүүлж, хүчирхийлүүлсэн хохирогчдыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, мэдээлэл өгч хамтран ажиллахыг сануулж байна.

Улмаар охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Б.ЦЭЛМЭГ


 
http://medee.mn/main.php?eid=100498

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen