ТИТАНИК: Жек заавал үхэх ёстой байсан уу?
Найруулагч Жеймс Камероны бүтээсэн алдарт "Титаник" кино нээлтээ хийснээс хойш аль хэдийнэ 20 жилийн хугацаа өнгөрсөн ч хүмүүс тус киног өөр төгсгөлтэй байх боломжтой байсан гэх таамгуудыг одоо хүртэл дэвшүүлсээр байгаа юм. Хэрэв та санаж байгаа бол Титаник хөлөг онгоцыг живэхэд Жек (Леонардо ДиКаприо) ба Роуз (Кейт Уинслет) нар модон хавтан дээр хөвж үлддэг шүү дээ. Тэгвэл зарим нэг гярхай үзэгчид уг тавцан дээр зөвхөн Роуз төдийгүй, Жек ч бас багтах хангалттай зай байсныг баталж байгаа юм. Тэдний үзэж буйгаар хэрэв Жек далайн хүйтэн усанд биш харин тавцан дээр гарч аврах завь ирэхийг хүлээсэн бол амьд гарах магадлалтай байсан гэжээ.
Тэгвэл үүнд "Титаник" киноны найруулагч Жеймс Камерон Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тайлбар хийсэн байна. Алдарт найруулагч хэлэхдээ "Хэрэв Жек амьд үлдсэн бол киноны төгсгөл утгагүй болох байсан. Учир нь энэ кино бол үхэл ба хагацлын тухай кино. Тиймээс ямар ч тохиолдолд Жек үхэх л байсан. Хэрэв Жек живээгүй байсан бол бид түүн дээр уурын зуухны яндан унагаах байсан. Үүнийг л урлаг гэж нэрлээд байгаа юм. Тиймээс киноны үйл явдал урлагийн шалтгаантай болохоос физикийн чанартай биш шүү дээ" гэж Камерон тайлбарлажээ.
Эргэн сануулахад "Титаник" кино нь хамгийн анх 1997 онд дэлгэцнээ гарч байсан юм. Тухайн үедээ энэхүү бүтээл нь оны шилдэг найруулагч, шилдэг кино зэрэг нийт 11 Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй.