НЭГ Л АМЬДРАХ ХОРВОО

Цагийн зүү чаг хийн урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүү ширтэн,орцонд чимээ гарах бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.чимээгүйхэн алхасаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана.

Нуруунд нь хүрч ядан байхдаа тэр түүнийх биш харин өөр хүнийх болсоныг мэдэрч бүлээн нулимс шанхыг нь даган урсахад өөр бүсгүйн нялуун сүрчигний үнэрт ухаанаа алдатлаа бялуурсан эр тайван амьсгалан унтаж байлаа. Хайрын баланд ханатлаа мансуурч байсан цаг саяхан мэт. Орцных нь үүдэнд оровч гаравч хүлээж байдаг тэр залууг одоо ингээд алдах вий гэхээс бүсгүй айж байлаа. Би чамайг хэзээ ч өөрөөсөө явуулахгүй, чи минийх гэж бүсгүй шивнээд унтахыг хичээв.

Өглөө

Залуу сэрээд миний хөөрхөн бялзуухай босоорой хайрт минь намайг их хүлээсэн үү? Ажил амжсангүй шөнөжин суулаа гээд түүнийг үнслээ. Бүсгүй түүний худал ярьж буйг мэдэж байгаа ч түүнийгээ ил гаргахыг хүссэнгүй. Хариуд нь өчнөөн үг хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрөхөөр шийдлээ.

Харин:

-Миний ханиа өнөөдөр эрт ирнэ биздээ? Гэртээ ганцаараа байх их эвгүй юм. Хайрт нь орой амттай хоол хийгээд чамайгаа хүлээж байя. Чи ямар хоол идэх вэ? Гэхэд

-Юу ч байсан яахав, чи дандаа л амттай хоол хийдэг шүү дээ.За найз нь ажилдаа явахгүй бол болохгүй нь. Орой эрт ирнээ гээд залуу бослоо. Бүсгүй яг яах ёстойгоо мэдэхгүй байлаа. Анхны хайр, анхны үнсэлт, анхны учрал гээд нандин бүхнээ түүнд л зориулж байсан, гэтэл одоо ингээд амьдралаа нураах уу? Аль эсвэл насаараа сэтгэлийн дарамттай амьдрах уу? Гэдгээ шийдэж чадахгүй. Хайран сайхан амьдралаа бусниулаад яахав хэмээн бодоод ямар ч байсан нэг хэсэг харзнахаар шийдэв.

Өдөр

Ажлынхаа том толинд өөрийгөө хараад бүсгүй зог тусав. Тэр их өөрчлөгджээ. Ганц хоёрхон жилийн өмнөх гэрэлтсэн сайхан царай, галтай цогтой харц нь түүнд одоо алга. Яагаад? Би түүнд хайртай хэдий ч тэр намайг хайрладаг билүү? Гэж бүсгүй өөрөөсөө асуув. Чамгүйгээр амьдарч чадахгүй нь надтай гэрлээч гэж хайр дүүрэн нүдээр ширтэж байсан залуугийн харц нэгэнт өөрчлөгдсөнийг хичнээн олон шөнө нойргүй хонуулсныг бүсгүй нэхэн саналаа. Нэгэнт нуран унах ёстой гэрлэлт бол одоо залууг чөлөөлөх цаг иржээ. Сүлийн хэдэн сар тэр байнга оройтож ирдэг байсан. Тэгээд ажил дээрээ суугаад оройтчихлоо гэдэг байсан. Худлаа гэдгийг нь зөнгөөрөө мэддэг ч нэгэнт хараагүйгээс хойш ханиасаа салаад яах билээ гэж сэтгэлээ хуурсаар өдийг хүрсэн нь буруу байжээ. Би чамаас холдох ёстой юм бол одоо л яг тэр цаг….. Бүсгүй шийдлээ.

Үдэш

Залуу гэртээ ирэхэд хэн ч хаалга тайлж өгсөнгүй .Түлхүүрээ гарган хаалгаа нээхэд түүнийг харанхуй хөндий хоосон гэр. Гэрлээ асаан зочны өрөөнд ортол нямбай нугалсан цаас ширээн дээр байлаа. Захиаг задалтал би явлаа гэсэн хоёрхон үг.Гэрийнх нь тавилгууд байр байрандаа хөдөлгөөнгүй дүнсийнэ. Одоо тэд л залууд хань болж үлдсэн байна.

Залуу бүсгүйг хайсаар цөхрөнгөө баржээ. Бүсгүйн найз нөхөд,гэр бүлийнхэн, ажлынхан гээд бүсгүйн ойр тойрныхноос хэн нь ч түүнд тодорхой хариулт хэлсэнгүй.

Хоёр жилийн дараа

Залуу ихэд өөрчлөгдсөн юм. Ажлаа араас нь гүйдэг сайхан хүүхнүүдтэйгээ хамт алджээ. Гудамж метрлэн алхах тэр эрд зах нь үрчийсэн цамц.индүүдлэггүй өмд өнгөлөөгүй гуталнаас өөр юу ч үлдсэнгүй. Хажууханд нь нэг л танил дотно хоолой сонсогдлоо. Тэр минь байна,тэр амьд байна хэмээн залуу бодов. Харин яг урдхан талд нь юу ч хэлэлгүй явсан хань нь гэргий нь хэн нэгэнтэй утсаар эрхлэнгүй ярин алхана. Бүсгүй жаргалтай харагдаж байв. Залуу өөрийн мэдэлгүй түүнийг дагалаа. Гэхдээ залуу өөрийг нь харчих вий гэж болгоомжилсоор…. Бүсгүй явсаар нэгэн хуучирч муудсан нийтийн байр луу орчихов залуу ч даган орлоо. Нуугдан байж бүсгүйн орсон хаалгыг мэдлээ. Одоо л алдвал дахиад түүнтэйгээ хэзээ ч уулзахгүй юм шиг санагдаж гүйхээрээ очин хаалгыг нүдэхэд бүсгүй хаалгаа нээгээд чимээгүйхэн зогслоо. Харин ард нь "ээдээ, ээдээ” гэх хүүхдийн цовоо дуу цангинан. Залуу буцааж түүнийгээ өөрийн болгоход дэндүү оройтжээ гэж санаад эргэхэд бүсгүй” миний хүү аав нь ирж….”…

"Тв инфо” сэтгүүлийн "Шилдэг өгүүллэг” уралдааны гуравдугаар байрын эзэн О.Баяраа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen