АГЛАГТ

АГЛАГТ

 

Аглагийн тосгон хэдэн хоног үргэлжилсэн битүү манан, хүдэн алгуурхнаар хөөрөх шиг тийм анир гүмд оршдог нутаг. Нутгийн ард түмэн хоорондоо үг дуугарах байтугай бие биенийхээ барааг ховорхон харна. Тийм болоод ч тэр үү, хэлгүй хүүхэн эр нөхрөө хайж энэ тэрүүгээр нулимс дуслуулан гүйсэнгүй. Үхэл тэдний хувьд дэндүү
энгийн зүйл байлаа. Нас барагсдын ихэнхийг эрчүүд эзэлнэ. Эзгүй хээрээр ан гөрөө, гэнэт нүүрлэх байгалийн үзэгдлээс болж эндэх нь олон. Үхэгсдийнхээ шарилыг олоод тосгон даяараа цуглаж оршуулга үйлдэнэ. Шинээр хүүхэд төрөхөд ч ялгаагүй тосгоныхон тэр чигтээ баяр тэмдэглэнэ. Бэлэвсэн эмэгтэй хүүхэд төрүүлсэн байсан ч эцэг нь хэн болох талаар ганц үг дэлгэж, хов жив болохгүй хэнгэрэг цамаа нүдэж уул усандаа мэдэгдэнэ. Даанч хөөрхий хэлгүй хүүхэнд үрийн заяа үнэрлэх аз дутжээ. Учир нь эр нөхөр нь анд яваад эргэж ирсэнгүй. Нөхрөө алдсан хүүхнийг тосгоныхон бүр үзэхээ байлаа. Түүнийг хүний тооноос хасахад бэлэн харцаар нэвт ширтэцгээнэ. Аглагийн тосгон бутач хүүхэд, бэлэвсэн эхнэрээс өөр сонин хачин юмгүй анир гүмд дүнсийсээр байлаа. 

Бүсгүй ихэнх цагийг голын хөвөөнд өнгөрөөх болов. Голын урсгал ойн гүний чимээгүй орших нууцыг тайлж байна уу гэлтэй ямар нэгэн нууцлаг дуу авиа эгшиглүүлнэ. Энэ дуу чимээ нөхрийг нь хаана байгааг, юу тохиолдсон болохыг хэлж өгөх юм шиг түүнд санагдана. Гол даган урсаад ч ирэх ч юм бил үү гэж битүүхэндээ харуулдана. 

Түүнийг гэртээ харихад нэгэн аймшигтай улаанаар эргэлдсэн нүд угтах болов. Тэр бол нөхрийнх нь анд явахдаа байнга дагуулж явдаг Банхарын нүд. Урьдын номхон дөлгөөн Банхар биш болчихсон махчин араатан руу дайрах гэж байгаа юм шиг араа шүдээ арзайлгаж, шүлсээ үсчүүлэх нь жир биш болжээ. Бүсгүй холоос мах шидээд эргэн зугтана. Уяанаасааа алдуурвал бүсгүйн хүзүүг тасчин хаяахад бэлэн харцаар шүлсээ гоожуулан урдаас нь архирна. "Банхарыг аваад явахгүй. Тэгсэн бол чи ч амьд, би ч ингэж үйлээ үзэхгүй сэн. Намайг хамгаалаг гэж үлдээсэн чинь туйлын буруу шийдвэр" гэж өөртэйгээ ярина. Банхарын зан ааш өдөр ирэх тусам эвдэрч байлаа. Уяагаа тойрон тоос босгон зогсолтгүй давхина. Төмөр ган гинжээр уяж орхисон нь бүсгүйн зол болжээ. Сүүлдээ хоол өгсөн ч шиншлэхээ болив. Цус дуслуулсан шинэхэн мах хаяж өгсөн ч идэхгүй шууд газар малтаж булна. Хэд хоног идээгүй гэхэд хүч чадал нь урьдын хэвээрээ уяагаа хүчтэй угзачна. Шөнөжингөө тэнгэр өөдөө харан гаслантайгаар улих болов. Тэр орой тосгоныхон "Нохойгоо дуугүй болго, чихэнд чийртэй шөнөжингөө гаслах юм. Чи чадахгүй бол бид дуугүй болгож чадна шүү" гэж заналхийлэв. Ахлаачийн нүднээс хүртэл үзэн ядалтын харц цоргиж бүсгүйн хамаг биений арьс урагдан түлэгдэх шиг болно. Бүсгүйг шөнийн харанхуй, ганцаардлын айдас хоёр дэнгийн гэрэл унтрахтай зэрэгцээд дараад авав. Бүсгүйн нойр хулжиж, зүүрмэглэх төдий болоод давхийн сэрнэ. Хамаг биенийх нь хүйтэн хөлс гарч, хэдэнтээ хөрвөөж үүрээр нэг юм унтав. Нөхрийнх нь мэлмэрсэн тунгалаг нүд харагдаж байтал гэнэт Банхарын догшин нүдээр солигдов. Бүсгүй айхдаа орныхоо толгойноос зуурчихсан хамаг хүчээрээ эсэргүүцэж байлаа. Нохойны хурц шүд хоолойд нь хүрэхээс өмнө ам мөлтөс амжиж сэрэв. Хүзүүгээ арчихад нохойны шүлс дусчихсан мэт нов нойтон байлаа. Нохойндоо хоолойгоо тасдуулаад амь алдаагүйдээ анх удаагаа харамсав. Үхэл бүсгүйн хувьд айдас хүйдсээ даран амар амгаланг олж, ганцаардлаасаа ангижрах арга заль мэт санагдав. 

Нохойны гаслах дуу өнгөрөх шөнөө бодоход багасаж, дуулдах үгүйтэй гасална. Бүсгүй хувцсаа хам хум өмсөөд гартал нохой дуугаа өсгөн урьдын адил өмнөөс нь боргож эхэллээ. Зориг шулуудсан бүсгүйн харц нохойны нүдийг гөлөрч хэсэг зогсов. Яг нөхрийнх нь нүдний харц харагдах нь тэр. Нохойн шүлс хацар дээр нь үсэрч байгааг ч огт анзааралгүй улам дөхсөөр... Бүсгүй нохойд улам ойртоод бараг наалдаад ирэхэд ширүүн зан төрх нь гэнэт алга болов. Сүүлдээ бүр чихээ хулмайлган, сүүлээ шарвалзуулав. Яг л энэ мөчийг хүлээж байсан мэт нохойн хүзүүнээс ган гинж мултран уналаа. Ингээд тэр бүсгүйн хажуугаар салхи татуулан давхин одов. Нохойн хурц шүдэнд хоолойгоо тасдуулахад бэлэн үхлээ хүлээж зогссон бүсгүйг нам гүм угтав. 

Маргааш өглөө нь уяанаасаа алдуурсан нохой дөнгөж амь голтойгоо байгаа эр нөхрийг нь чирээд иржээ. Тосгоныхон тэр чигээрээ хөл үймээн болон хэнгэрэг цамаа нүдэж, нярай хүүхэд өлгийдөн авч байгаа мэт дээр дээр үсрэн баярлацгаав.

2016 он. Улаанбаатар

СУИС-ийн Жүжгийн зохиолчийн III ангийн оюутан С.Баатарцогт
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen