Хүннүчүүд Монголын өвөг дээдэс биш гэж үү?
Тайванийн "Хааны ордон” музейд нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээгдэж нээлтийн ёслолд нь оролцов. Ямарч сайхан юм, яасан ч атаархмаар юм. Гурван жилийн турш ярилцаж байж ингэж ажил хэрэг болсон гэхээр аргагүй их бэлдэж, сайн юм гаргаж буйн шинж биз. Мөхөс бичгийн хүмүн миний сонирхлыг татах нь аргагүй. Учир нь миний бие Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүхийг, тэр дотроо Хүннүгийн түүх, соёлыг судалдаг хүн. Хоёр мянганы тэртээд Тэнгэрийн доорх орныг анхлан нэгтгэж, нэгэн их улс болгосон Цинулсын анхдугаар эзэн хаан гэгдэн түүхэнд мөнхөрсөн тэр хүний "хойд насны ордон”-гоос илэрсэн үнэт, ховор эд өлгийн зүйлүүдээс дээжлэн энэхүү үзэсгэлэнг гаргажээ.
Циншихуандий бол Хятадын түүх, Хятадын соёл иргэншилд их үүрэг гүйцэтгэсэн. Тийм ч учраас Хятадын түүхэнд төрөн гарсан 500 гаруй хаадаас хамгийн алдартай таван хааны тэргүүнд тоологддог юм. Тэрээр Тэнгэрийн доорх орныг анхлан нэгтгэснээс гадна Хятадын толгойны өвчин болсон умрын дайнч Хүннү нарыг түүхэндээ анх удаа мохоон доройтуулсан, улмаар их говийн ард хөөн гаргаад өмнүүр нь Түмэн газрын урт Цагаан хэрмийг бариулсан, хятад үндэстний соёлын үндэс гэгддэг ханз бичгийг журамлан нэг мөр болгосон гэх мэтийн хятад үндэстний хувьд том ололт амжилтууд түүний нэртэй холбогддог. Энэ бүхний зарим нь бидний өвөг дээдэстэй холбогдож байгаа нь анхаарал татах нь зүй.
Түүх бичлэг, судар шасдиртэртнээс янагш Циншихуандийн хойд насны ордны тухай мэдээ сэлт тэмдэглэгдсээр ирсэн ч саяхан болтол чухам хаана, ямар янзтай юм байдаг нь огт мэдэгдэхгүй, түүхийн нэгэн оньсого хэвээр зуун зууныг туулан иржээ. Тухайлбал, нангиадын түүхийн эцэг гэгддэг хоёр мянганы тэртээх Хан улсын хааны ордны сударч түшмэл Сыма Цений бичсэн "Түүхийн тэмдэглэл” хэмээх хөлгөн сударт ийм нэгэн бичлэг бий. Энэ тухай мөхөс бичээч бээр ерээд оны эхээр оросоос нь орчуулан уншигчдад хүргэж байсан билээ. Дашрамд дурдахад, Оросын Хятад судлал гэж дэлхийд оройлдог агаад Хятадын эртний их хөлгөн судар шастирууд, сонгодог сод туурвил бүтээлүүдийг үлдээлгүй орчуулсан байдаг нь бидний заавал үзүүштэй гарын авлага болсоор байдаг юм. "Түүхийн тэмдэглэл”-ийн "Цинши хуандийн цадиг”-т ийн өгүүлжээ:Музейн нээлтэд олон хүн иржээ. Тайваньд суугаа гадаад улс орнуудын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, энгийн иргэд, оюутан сурагчид харагдана. Цаг хугацаа урагшлан, нийгэм өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүн арагшаа харж, удам судар, уг үндсээ таньж мэдэж, судалж тодотгож байх учиртай. Энэ бол ухаант хүмүний ёс юм. Тэр ёсоор тайваньчууд, эх газрын элэг нэгтнүүдтэйгээ хамтран хойч үеийнхэндээ уг үндсээ ямагт сануулж, үзүүлж, мэдүүлж байдаг ажээ. Үзэсгэлэн "Циншихуандийн хойд насны ордны морьтон цэргүүд” хэмээх нэртэй. Эртний дорно дахинд хүмүүс хойд төрлийн тухай ойлголттой байсан агаад ялангуяа хаад дээдэс хойд насандаа ч гүрнийг захирч түмнийг жолоодох хүсэлтэй байдгаас чингэж булш бунхнаа бариулж бэлдэх, эсвэл таалал төгссөнийх нь дараа бунхлан оршоодог өтгөн ёс байсан билээ.
"...Чингээд Цинши хуандийн шарилыг Лишань уулнаа бунхлан залав. Хаан бээр төрийн жолоо атгасан тэр жилээсээ энэхүү Лишань уулнаа хойд насны ордон бариулж эхэлсэн агаад Тэнгэрийн доорхорныг түвшитгэн амарлиулаад, бүх газар нутгаас тийш нь долоон буман боолчуудыг илгээн хүргэж, уулын бэлд гурван гүний усанд хүртэл ухаж нүхлэн, хүрэл хана суурь цутган бунхан бариулжээ. Тэр бунханд хааны орд харшийг дуурайлган урлаж, бүхий л зэрэг зиндааны ноёд түшмэд, шадар бараа бологсдын хөшөө баримлыг цутган байрлуулж, аливаа үнэт эрдэнэс, эд хогшлыг хувилан хийж дүүргэчүхүэй.
Хятадын Си-анв хотын дэргэдэх Цинши хуандийн бунхан
Урчуудаар том, жижиг сааль хийлгэн тавьсан нь, хэрэв эзэн хааны мөнх насны ордонд хэн хүн аюумшиггүй зүрхлэн малтаж орох аваас оньс мултарч харван егүүтгэх гэсэн хэрэг болой. Бас мөнгөн усаар том, жижиг олон гол мөрөн цутган хийлгэсэн нь нааш цааш урсан ашид хөлбөрөн буй. Энэ ч бас зүгээр нэг үзэмж бодсон хэрэг бус. Буруу санаатан булхайлан орвол хордуулан хороох арга сэдсэн нь тэр бөлгөө. Тааз дээвэрт нь тэнгэр огторгуйн дүр эсгэн, од эрхсийг дуурайлган шигтгэж, шал хөлөөр нь газар дэлхийн төрх хэлбэрийг урлан зүйлгэсэн амуй. Бас үлэмж их зул хүжис асаан барьсан нь өнө удтал асан гийгүүлсээр байх хүрэлцэхүйц ажгуу.
Эрши хуандий зарлиг болруун: Хаан эцгийн бүх хатад, татвар эмсийг гаргуунд орхиж яахин болох. Тиймийн тул бүгдийг хаан эцгийн хамт мөнх насны ордонд нь залсугай! хэмээсэн ёсоор тоймгүй олон боолчууд дагалдан амь алдавай. Шарилыг залсны хойно их хааны хойд насны ордонг барьсан олон мянган урчуул дархчуул тэнд алт мөнгө, эрдэнэс агуурс тоймгүй ихийг нэгэнт үзсэн тул хожим хэзээ ч ам осолдох болуужин хэмээн хэлэлцэж, бүгдийг нь дотор хашиж үлдээсэн тул хэн ч тэндээс буцаж гараагүй билээ. Чингэсэн хойно тэр газарт өвс ногоо, мод бутас тарьж суулгасан тул хэн ч, юу ч олж үзэх агаад жир нэгэн уул мэт бөлгөө...”
Тийнхүү зөвхөн түүх бичлэгээс л олж мэдсээр эрин үеийг элээн атал 1974 онд Шаанси мужийн Си-ань хотын ойролцоох нэгэн тосгоны тариачин өвгөн газар хагалж яваад доош цөмөрч унасанд хачин жигтэй дүрс хэлбэр бүхий хэдэн мянган шавар баримал хүн, морьдын дээрээс ойччихоод, сүнс сүүдэр үзэж, там, диваажинд заларсан мэт сэтгэгдэл төрөхдөөн ухаан алдах шахсан гэдэг. Харин тэр нь зууны нээлт байжээ. Хорьдугаар зууны археологийн гайхамшигт нээлт тэгж олдсон түүхтэй. Монгол-Хятадын харилцаа дөнгөж наашилж эргэсэн 1985 оны нэгдүгээр сард үүнийг өгүүлэгч бээр Си-аньдочиж Цинши хуандийн хойд насны ордонг үзсэн юм. Тэгэхэд малтлага хийсээр хэдэн жил өнгөрч, олон нийтэд нээгдээд удаагүй байсан музейн тайлбарлагч намайг "Тус музейд хөл тавьсан анхны монгол хүн боллоо” гэж байж билээ. Тэр үед миний бие судлал шинжлэл рүү гүнзгий ороогүй, дэмий л хөөрсөн амьтан явсан. Тийм болохоор онцын анхаарч үзээгүй юм. Харин Монголдоо ирээд Хятадад зорчсон тухай тэмдэглэлээ "Цог” сэтгүүлд нийтлүүлсний дараа зарим нэг хүн надтай уулзаж, "Үгүй хөө, тэр чинь Чингис хааны бунхан байсан юм биш биз?” хэмээн шалж, тулгаж байсан нь санагдана.
Тэр цагаас хойш гуч гаруй жилийн дараа Цинши худандийн бунхны эд үзмэрийн сор дээжсийг дахин үзэх завшаан тохиож буй нь энэ. Энэ удаад ихэд анхааран үзэв. Эртний түүхийг жаахан судалж хэлтэлсэн хүний нүдээр үзэв. Цинши хуандийн хойд насны ордон хэмээх тэрхүү аварга том бунхан нийт гурван хэсэгтэй агаад, тэр цагаас хойш ээлж дараалан олдож, хорьдугаар зууны археологийн гайхамшигт олдвор гэсэн өргөмжлөлийг нь дахин нотолсон юм. Тайбэйд гарч буй энэ үзэсгэлэнд Цинши хуандийн хойд насны ордонг бараг тэр чигээрээ нүүлгээд ирж үү гэмээр. Уулын хөл хөндийгөөр дэлхэн гурван гүний усанд хүрч асан тэр орд харшийн дотор мянганыг гэтлэн хадгалагдаж асан эд өлөг, эрдэнэс үзмэр үнэхээр гайхалтай. Бодит хэмжээтэй жинхэнэ мэт хүлэг морьд, хуягт баатар, эзэн хаан, хатад эмсийн жууз, сүйх тэрэг, исэр суудлаас эхлээд хааны титэм, хатдын өмсгөл зүүсгэл, илд жад, хөө хуяг, ер юу эс байж гэхэв.
Тэнд буй эд өлгийн зүйлсийг гурав ангилж болох мэт. Нэг хэсэг нь шавар баримлууд. Мэдээж, тэдгээр нь хоёр мянганы тэртээх хятад хийц. Хятад урчуулын ур ухаан шингэсэн эд зүйлс. Хоёрдахь хэсэг нь хүрэл эд зүйлс. Тэдгээр нь хятадад ч, бас нүүдэлчдэд ч хамаарна. Хүрэл зэвсгийн цаг үед хамаарах тэдгээр олдворын зарим нь хүрэл сав суулга, зурхайн толь, зоос мөнгө, илд жад, зэр зэвсэг бий. Бас нүүдэлчин ард түмнүүдийн, тухайлбал, Хүннү болон тэдний өвөг дээдэст холбогдох, тэдний ур хийц, урлал бүтээл ч бий. Тэдгээрийг амьтны загварт хүрэл гар урлалын зүйлс гэдэг.
Хүннүгийн шаньюйн алтан титэм
Гуравдахь хэсэг нь цэвэр нүүдэлчдэд хамаатай эд зүйлс буюу амьтны загварт алтан гар урлалын зүйлс болно. Тийм ээ, Хүннү болон тэдний өвөг дээдэс болсон өвөг хүннүчүүдийн гар урлалын онцлог нь энэхүү амьтны загварт алтан урлал мөн. Энэ нь тэднээс ч өнө эртний цаг үед хамаардаг. Бүр тодотговол нийтийн тооллын өмнөх 3-5 мянган жилийн тэртээд Евразийн өргөн уудам газар нутаг дээр тархсан скифийн алтан гар урлалын угшилтай. Чухам скифчүүдийн алтан гар урлалаас салбарлан салаалж Төв Азид ноёрхож асан нүүдэлчин өвөг хүннү нарын дунд энэхүү амьтны загварт алтан гар урлал хөгжсөн юм. Тийм учраас тэдгээрт буга, янгир, бар, чоно зэрэг араатан, бүргэд, шонхор зэрэг нүүдэлчдийн шүтээн тотем болсон жигүүртэн шувууд, морь, луус, тэмээ зэрэг мал адгуусын дүрс түгээмэл. Мэдээж, хүн өөрөө дүрслэлийн гол дүр.
Аливаа юм хоёр талтай байдаг. Цинши хуандийг ингэж хүчирхэгжиж, улс орноо нэгтгэн их улс болоход хүргэсэн гол хүчин зүйл бол нүүдэлчид юм. Бүр тодотговол Хүннү нар юм. Тариачин хийгээд нүүдэлчин ард түмнүүд бий болж, суурин ба нүүдлийн соёл иргэншил зэрэгцэн орших болсон тэр цагаас янагш урт хугацааны туршид дайн-энхийн асуудал тавигдсаар, энэ мөнхийн асуултад эцсийн хариу өгч цэг хатгахын төлөө мянганыг дамжин цус урсгасан тэмцэл хийсээр иржээ. Түүхчид үүнийг "Хүн-Хан нарын 4 мянган жилийн дайн” гэж нэрлэдэг. Зарим судлаач энэ цаг хугацааг хоёр эриний заагаас чанагш тооолдог бол зарим түүхэн үйл явдлыг хөөн үзэхэд нийтийн тооллоос өмнөх 6 мянга, одоогоос даруй 8 мянганы тэртээх цаг үед ч хоёр угсаатны өвөг дээдэс хоорондоо дайтаж байсан мэдээ занги байдаг. Хамт үзэж яваа гадаадын зочид, төлөөлөгчдөд музейн тайлбарлагчийн тайлбарлах нь чих дэлсэнэ:
-Энэ их алтан гар урлалын зүйлс гайхамшигтай юм аа? Хятад хийц үү?
-Үгүй ээ, тэр үеийн зэрлэгүүдийн хийц. Умрын нүүдэлчин зэрлэгүүдийн гар урлалын зүйлс. Варваруудынх...
Ингэж тайлбарлахад нь "Гадныхан бидний өвөг дээдсийг зэрлэгүүд, варварууд гэж нэрлэсээр байхад бид өөрсдөө өвөг дээдсээ үгүйсгэж, бид Хүннүгийн удам биш, Хүннүчүүд Монголын өвөг дээдэс биш гэж үздэг хүмүүс байсаар байна. Сүүлийн үед интернэтэд нийтлэгдсэн Хүннүтэй холбоотой хэд хэдэн материалыг үзсэн хүмүүсийн бичсэн санал сэтгэгдлүүдийг үзэхэд ийм үзэл, ойлголттой хүн цөөнгүй байгаа нь ийн халаглан бодоход хүргэсэн юм. Тэдгээр материалуудын дотор "Хүннүгийн ертөнц хийгээд Түүхийн шүлэг” зэрэг миний бичсэн олон нийтлэл бий.
Хүн гүрний газар нутаг
"Цаг хугацаа урагшлан, нийгэм өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүн арагшаа харж, удам судар, уг үндсээ таньж мэдэж, судалж тодотгож байх учиртай” гэж дээр өгүүлсэн. Гэхдээ ерөөс түүхгүй ард түмэн бас байдаг аж. Тайвань арлын уугуул иргэд гэхэд л өнгөрсөн түүхгүйгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэд хэлэхдээ, бидэнд өнгөрсөн үе гэж байхгүй, өнгөрсөн үеийн тухай түүх бичлэг байхгүй гэнэ. Учир нь хэдэн үеийн туршид тэдний өвөг дээдэс зөвхөн тариа тарьж, загас агнан, өвсөн урцанд аж төрж иржээ. Болсон үйл явдал, болж өнгөрсөн түүх байхгүй. Гэтэл бид Хүннү өвөг дээдсээ үгүйсгэх аваас өөр хэний удам хойчис болох юм? Эсхүл Сяньбигаас, Дунхугаас цааш удам угсаагүй, хэзээ, хэнээс төрөн гарч, өнөөг хүрч ирсэн нь мэдэгдэхгүй, тасалдсан намтар түүхтэй ард түмэн болох юм уу? Хүннүг өмчлөх, өөриймсөх улс, үндэстэн цаагуур чинь зөндөө байна. Дуун дээр уухайлаад авахаар зүтгэцгээж байна гэж хэлмээр.
Тийм ээ, Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийг бий болгосон агуу их Хүн нарыг элэнц өвөг дээдсээ гэж үздэг, бусдаар тэгж хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг улс, үндэстэн Азиар дүүрэн, Европоор ч цөөнгүй бий. Харин тэдэнд баталгаа, нотолгоо байдаггүй юм. Лав хангалттай, ноттой биш. Харин монголчууд бидэнд хангалттай гэхэд дэндүү хангалттай бий. Үүнийг олон зүйлээр тайлбарлан нуршиж болно. Гэвч тийм цаг, зай хомс. Мөхөс би энэ тухай олонтаа ярьж, бичиж, хэвлүүлж ирсэн. Манай эрдэмтэн судлаачид ч мөн адил.
Хүннүг манайх гэх хэд хэдэн хөдөлбөргүй нотолгоо баримт бий. Нэгдүгээрт, Хүн нар, Хүн гүрний үүсч дэвжин, мандаж хүчирхэгжсэн газар нутаг бол өнөөгийн Монгол Улс. Өнөөгийн Монгол Улсын газар нутаг бол улс төрийн газар зүйн ойлголт. Түүхэн газар зүйн ойлголтоор Монголын, монголчуудын газар нутаг хэмээх ойлголт бол улам өргөн дэлгэр. Түүхэн газар зүйн үүднээс авч үзэхэд, Монголын ба Хүннүгийн газар нутаг үндсэндээ таардаг юм.
Хоёрдугаарт, хүннүчүүдийн бий болгосон сонгодог түвшний нүүдлийн соёл иргэншил өнөөдөр зөвхөн Монголд байна. Хүннү хийгээд Монгол соёлын хүрээ. Бөө мөргөл, шонхор шүтээн, буга, чоно шүтээн, хүрэл гар урлалын зүйлс, амьтны загварт алтан гар урлал, нүүдэллэж, мал маллан аж төрөх ёс, гэр сууц, морины соёл, байлдах урлаг гээд маш олон зүйлийг дурдах болно. Хятадын эртний түүхэнд "Хүн нар гуравтайдаа морь унаж, тавтайдаа нум сумаар харваж сурдаг бөлгөө” гэх мэт олон тодорхойлолт өнөө ч биднээс ангид бус билээ.
Гуравдугаарт, Өнөөдөр Хүннүгийн тухайд булш бунханТөв Азийн өргөн уудам газар нутаг дээр, тухайлбал, Монгол, Орос, Буриад, Тува, Казах, Хятад, Өвөр Монгол, Шинжаанзэрэг газар оронд ихэвчлэн олдож 7 мянга шахам тоологдсоны 5 мянга гаруй нь Монголын өнөөгийн хил дотор байна. Мөн Хүннүгийн хот суурин газруудын үлдэгдлийн тухай ч мөн ийм тоон харьцаа хэлж болно.
Бөх барилаж буй хүннү хүмүүсийг дүрсэлсэн хүрэл цутгамал
Дөрөвдүгээрт, сүүлийн үед эрдэмтэд монголчуудыг хүннүчүүдийн удам хойчис мөн болохыг судалгаа шинжилгээгээр батлах болсны нэг нь антропологи хэмээх Хүн судлалын ухааны ололт, үр дүн мөн. Энэ чиглэлээр доктор Ч.Батсуурь тэргүүтэй эрдэмтдийн судалгааг нэрлэж болохын дээр Хятадын эрдэмтдийн генетикийн судалгааны үр дүнг дурдах нь зүйн хэрэг болно. Тэд Төв Ази, Зүүн хойд Азийн олон ард түмнүүдийн генетикийн судалгааг олон жилийн туршид хийж ирсний дүнд хүннүчүүдийн генийг хожмын хитанчууд, дагуурчууд, монголчууд хамгийн ихээр хадгалсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Тавдугаарт, Хүн гүрэн задрахад гурав хуваагдаж, нэг хэсэг нь өрнө зүгт нүүдэллэж одсон, тэд зам зуурын олон үндэстэн ястантай холилдон явсаар Европт хүрч, аажмаар европчуудад ууссан. Нөгөө хэсэг нь өмнө зүгт одож Хятадад дагаар ород мөн л тэдний цусыг сэлбэн ууссан. Гуравдахь хэсэг нь нутагтаа үлдэж, Сяньби нартай нийлэн суусан болой.
Зургадугаарт, Чингис хаанаас хятадын бомбын шашны их арш Чанчунийг урьсан 1219 оны тавдугаар сарын 19-ний өдрөөр огноолсон заллагын захидалд Чингис хаан бээр өөрийнхөө удам судрыг Хүннүгээс эхтэй гэдгийг цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр бичсэний хувь хуулбар нь бий, ном сударт орсон нь ч бий. "Чанчунь бомбын өрнө зүгт зорчсон тэмдэглэл” хэмээх тэр номыг миний бие монголчлон орчуулж хэвлүүлсэн. Эртний хятад хэл, орчин цагийн хятад хэл, англи орчуулга, өвөр монгол орчуулгад нь ч энэ тухай тодорхой бий. Тэр хэсгийг энд иш татья:
"...Мөхөс би түмэн олныг дайчлах их үйлд тэргүүлэн явж, олон их дайн тулаанд амь насаа умартан зүтгэсээр, долоон жилийн дотор төр улсын их үйлсийг бүтээвэй. Өдгөө би дөрвөн зүг найман зовхисын таван өнгө, дөрвөн харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа. Гэвч энэ бол мөхөс миний үйл эрдэм ихийн тул бүтсэн хэрэг биш болой. Харин Алтан улсын төр засаг итгэлгүй, тогтворгүй болоход Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж, эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноосны учир би бээр өмнө зүгийн Сүн улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон агаад Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйнулсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой...”
Энэ заллагын захидлыг Чингис хааны шадар зөвлөх, Чумэргэн хэмээн алдаршсан Елүй Чуцайбичиж их хаанаар соёрхуулаад илгээсэн байдаг. Елүй Чуцайбол ихэд боловсорсон гүнзгий мэдлэгтэй хүн байсан болохоор Чингис хаанд эрт цагийн түүх цадигуудаас ихийг өгүүлж дуртгадаг байсан нь мэдээж. Биднээс мянгаад жилийн өмнө дэлхийн түүхийг бичилцсэн агуу их өвөг дээдэс өөрсдөөсөө чанагш мянган жилийн тэртээх өвөг дээдсээ сайн мэддэг байсанд эргэлзэх хэрэггүй ээ.
Хэн энэ бүхнийг худал гэх юм, хэн үгүйсгэх юм бэ?
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.ГАНБААТАР