Хаданд авиралтын спортын мастер Л.Дарьсүрэн: Уулын спортоо битгий хаяарай. Эр зоригийн спорт юм шүү

Хаданд авиралтын спортын мастер Л.Дарьсүрэн: Уулын спортоо битгий хаяарай. Эр зоригийн спорт юм шүү

 

Хаданд авиралтын спортын мастер Л.Дарьсүрэн:
Онгоц дэлбэрэхэд манай уулчид л аврах, эрэн хайх ажиллагаанд тэргүүн эгнээнд явсан, Марз ууланд осол гарахад уулчид л явсан. Иргэний хамгаалалтаас өгсүүлээд 1990 оны өмнөх үеэс аль л хүрэхгүй, чадахгүй газарт уулчид л очдог, ийм л сайхан спорт байгаа юм. Уулын Зориг багш маань бидэнд хичээл ордог байлаа. Өчигдөр миний шавь, ахмад тамирчин ярьж байна лээ "багш биднийг Отгонтэнгэрт авч явахдаа чимээ гаргаж болохгүй. Исгэрч болохгүй, маш чимээгүй яв, цас нурна шүү гэж захидаг байсан” гээд л. Телевизээр харахад тэр их цас нурсан байна шүү дээ. Уулын дэргэд чимээ гаргаж болохгүй нь үнэн юм байна. Бэлтгэл байдаг юм байна гэдгийг нийт уулчид, сонирхогчдодоо хэлье. Уулын спортоо битгий хаяарай. Эр зоригийн спорт юм шүү. Энд айх аюул байхгүй. Бид ууланд авирахдаа гарын үсэг зурж гардаг байсан даа. Үхэхэд гомдолгүй гээд явдаг байлаа.

 

1978 онд Мөнх хайрханы авиралтад явахад биднээс гарын үсэг авч байсан. Одоо ч гэсэн манайхан бүгд гомдолгүй гээд гардаг. Тиймээс уулын спорт маш онцлогтой. Одоо энд ирээд сууцгааж байгаа улс бүгд тэр замыг туулж гарсан, үзсэн. Багш нарынхаа заавраар явсан. Заасан замаас жаахан хазайхад л ангал байж байдаг, нуралт байдаг. Гэхдээ эрдсэлийг хэзээ гэж хэлэх вэ. Энэ зун их халуун байсан, Отгонтэнгэр уул ганц замтай, түүнийг өөр бусад зүйл, шашны байгууллагатай холбож хэлж болохгүй, янз бүрийн нэвтрүүлгээр мэдээллийг буруу хазгай цацаж болохгүй. Бид энэ л спортын сонгосон хүмүүс. Энэ спорт улс эх оронд маань ч, бидэнд өөрсдөд маань ч хэрэгтэй. Мал төөрчихсөн байлаа гэхэд ч уулчид л очдог. Ангалд унасан онгоцноос уулчид л авчирч байсан. Ийм чухал цаг үед дэлхий нийтээрээ уулчдадаа ханддаг. Энэ байх ёстой спорт гэж үздэг. Байлгахгүй гэж үздэг хүмүүс ч байдаг.

Гэхдээ бид энэ спортыг Монгол эх орныхоо төлөө сонгосон, тамирчдаа дахиад төрүүлнэ. Отгонтэнгэрийн авиралтын багийг ахалж явсан багийн ахлагч Уулын спортын мастер Н.Сүрэнжав маань уулчдаа авч явдаг, багш нарынхаа хичээлийг яг номоор нь заадаг ийм л хүн байсан. Мэдэхгүй, чадахгүйдээ биш гэнэтийн цасан нуранги үүссэнээс осолдсон. Монголчууд харамсалтай зүйл тохиосонд нийтээрээ хүндхэн байдалтай байна. Бид ч маш хүнд байдалд байна. Бид сүүлчийн мөч хүртэл нэг хүн ч гэсэн амьд олдоосой гэж залбирч, хоорондоо ярьж, хүлээсэн. Найдлага, горьдлого тасарч сүүлийн мэдээг аваад эмгэнэл илэрхийлэхээр цугласан нь энэ. Ахмад уулчид бол 50 жилийн түүхтэй холбооны гишүүд байгаа юм. дашрамд хэлэхэд, ОБЕГ аврагчид, тусгай ангид нь байдаг манай уулчид, шавь нар сайн ажиллалаа. Металл хайгч багажтай болохоор маш хурдан олсон. Тэдэнтэй хамт Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахлагчтай манай уулчдын баг сайн ажиллалаа.


https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1789054208059330&id=100008643046597

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen