Хүүхэд бол аз жаргал

Хүүхэд бол аз жаргал

 

Би саяхандаа саяхан, 2 хүүхэдтэй хүүхэнтэй суусан юм, бага нь 4 настай том нь 9 настай хоёулаа хүү. Зарим найзууд жаахан дургүй, эгч нар маань ч гэсэн шууд хэлэхгүй ч цаанаа нэг харамссан байдалтай хүлээж авсан. Том нь ядаж байхад төрөлхийн уруул сэтэрхий, тэрэндээ шаналдаг юм уу, аав нь хаячихсан болохоор тэр үү надад маш дургүй, дүүгээ ээжийгээ их харамлана, хөмхийгөө зуучихаад духаараа хараад хэцүү хэцүү.
Яг үнэнийг хэлэхэд тэр үед уулзаж учирдаг, миний хойноос гүйдэг гоё охидууд байсаан байсан. Хүүхэдтэй ,дээрээс нь өөрөөсөө эгч хүүхэнтэй суулаа гээд заримд нь элдвээр дуудуулж л явлаа. Нэг нь бүр уйлж, уурлаж ирээд л би юугаараа дутсан юм? Хайр халамж бүгд байна, надаас сексээрээ илүү байна уу? Би сурна шд, би бүр илүү гарна гээд хөөрхий. Жинхэнэдээ бол эхнэр болсон хүүхэн маань царай зүс, секс, хайр халамжаараа тэр үед намайг татаагүй, тэр охиноос ч илүү байгаагүй юугээрээ илүү, яагаад би сууя гэж бат шийдсэн гэвэл ёстой л хүүхдийн заяа түшнэ гэдэг нь болсон байх гэж боддог.
Хүний амьдрал богинохон юмдаа богинохон юм, саяхан юмшиг өчигдөрхөн шиг санагдавч аль хэдийнээ 14 жил өнгөрчихөж. Нэг л мэдсэн, нөгөө ээжийнхээ хормойноос зуураад, ард нь гарчихаад бишүүрхээд байсан булцгар жоохон нь арилгасан өндөг шиг сайхан залуу болчихсон. Ээж таныг нойргүйтээд байгаа гэсэн, аав одоо унт гээд үнсүүлээд гарлаа. Хүүгийнхээ үгнээс зөрдөггүйг мэддэг эхнэрийн явуулга. Ах нь гэж хангай шиг эр одоо гадаадад сургуулиа дүүргэчихээд тэндээ мэргэжлээрээ ажиллаж байна. Түрүү жил амралтаараа ирсэн байсан, би бүтэлгүйтэж шатан дээр хальтраад хөл гишгиж болдоггүй. Дунд хүүтэйгээ гэмтэл дээр иртэл том маань аль хэдийн ирчихсэн хүлээн авахын гадаа хүлээж байсан. Машинаас буугаад нэг хөл дээрээ догонцож ч амжаагүй байтал миний хүү сэв хийтэл өргөөд…
Бага байхад ээж, эгч нараараа зөндөө л тэврүүлж байсан байх. Ухаан орсноосоо хойш ингэж тэврүүлж, ийм өндөрт гарч үзсэнгүй. Өөрийн эрхгүй нулимс урсгаад би. Ширвээ сахал нь ямар ч гоё зохисон юм, бага байхад нь миний хүү сахал тавиад л тэгээд юу ч мэдэгдэхгүй харин ч гоё гэхэд сахал ургахгүй байна гээд гомдолдогсон. Чадлынхаа хэрээр спортод дуртай болгоё гэж хичээж байсны минь үр юм уу, тэр бие хаа, байгаа байдал хэлэх юмгүй ээ. Эхнэрийн заримдаа үг хаяхад нь хүртэл би дуртай. За, ингээд нөгөөхөө л магтаад унадаг юм, өөрт нь битгий хэлээрэй дээ гэж ирээд л.
Та бүхэн энэ өнчирсөн хоёр хүүхдэд буян болоод сайн залуу юм гэж бодож байгаа байх, угтаа бол би харин тэдэндээ өртэй гэж боддог. Дөнгөж гадаадад сургууль төгсч ирээд, архи ууж, хүүхэндэж, шоудаж солиорч явсан хүн шууд хоёр хүүтэй болмогцоо тэгж чадах уу? Энэ гурав маань намайг амьдарлын зөв замд ороход, зовж тэрнийхээ хэрээр жаргал амсч өдөр бүр завгүй, зорилготой байлгасанд би харин өртэй.

Түрүү долоо хоногт том хүү маань ярьж байна лээ. Удахгүй бүр ирнэ, Монголдоо ажиллана найз охинтой болсон, гэрлэнэ гэж бодож байгаа гээд. Би тээр жил ээжийнхээ хэлснийг хэлсэн хүүдээ "Хүнд хүн, тэр дундаа өөрийн хүн шиг эрдэнэ гэж байдаггүй юм. Хүний үрийг өөрийн юм шиг хайрла” гэж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen