Алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-ийн булхиаг ил гаргаж дөнгөх үү

Цахим ертөнцөд дагавар охиноо хүчирхийлсэн хойд эцгийн сэрдхийлгэм жигшүүрт хэрэгтэй хамт дэлгэгдсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны доголдол, завхралын талаарх олон асуулт хариултаа нэхэж эхэллээ. Тус байгууллага үнэхээр хэн нэгний нөлөөнд автаж, шинжилгээний дүгнэлт гаргадаг уу, тэдний хүнд суртал хэрээс хэтэрч байна, ямар зохицуулалт хийх ёстой гэгчлэнгийн асуулт ар араасаа хөвөрч байна.

 

 

Тэгвэл өчигдөр болсон Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алдаа завхрал байнга сүүдэрт үлддэг учраас үйл ажиллагааг нь шалгахаар болсон талаар дурдагдав. Тодруулбал Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар "Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнтэй холбоотой гомдол мэдээлэл манайд байнга ирдэг. Ер нь ШШҮХ аливаа хэргийн суурь баримтыг бүрдүүлдэг атлаа дандаа сүүдэрт үлддэг нь нууц биш. Харин энэ удаа таван настай охины хүчирхийлэлд өртсөн хэргийн улмаас тус байгууллагын алдаа завхрал нь гэрэлд ороод ирлээ. Тиймээс ШШҮХ-ийн үйл ажиллагааг ХЭҮК-той хамтраад шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон” гэдгийг мэдээлэв.

 

Үнэндээ ШШҮХ-тэй холбоотой гомдол, мэдээлэл байсхийгээд гардаг ч нэг их газар авалгүй намждаг. Учир нь тус байгууллагын шинжилгээнээс цааш "газар үгүй” учраас ийнхүү нам дарагддаг гэдгийг хэлэх хүн олон байдаг. Тэгвэл алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-тэй холбоотой гомдол мэдээллийг эргэн сөхвөл,

 

Нэг: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охиныг Шүүх шинжилгээний хүрээлэнгийхэн шинжилгээнд хамруулахын тулд 10 мянган төгрөгийн төлбөр нэхсэн, төлбөрийн чадваргүй бол шинжилгээ хийх боломжгүй” хэмээсэн гэх мэдээлэл гарч, олны дургүйцлийг төрүүлэв.

 

Харин энэхүү мэдээлэл олон нийтэд хүрсний маргааш нь ШШҮХ-гээс хаалттай шахам хэвлэлийн хурал хийж, арьсаа хамгаалаад авна лээ. Хохирогчоос 10 мянган төгрөг нэхсэн талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга "Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин  хүчирхийлэлд өртөж, манайд шинжилгээнд орсон. Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг. Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Үзлэгийн хураамжгүй болох талаар бид саналаа боловсруулаад яам руугаа хүргүүлсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж байх гэж бодож байна. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан учраас үл ойлголт гарсан байна лээ. Түүнээс яг төлбөрөө төл, өг гээд хатуу зарчим бариагүй” гэх тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл өчигдөр болсон Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ч.Алтанхишиг мөн л Шүүх эмнэлэг охиноос 10 мянган төгрөг нэхээгүй гэдгийг уламжлав.


Дээрх мэдээлсэнчлэн гурван сайдын журмаар үзлэгийн төлбөр авдаг явдал нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш үйлчлэх ёстой байжээ. Тодруулбал тус хуульд хохирогч шүүх шинжилгээний үзлэгт хамрагдаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх заалт тусгагдсан аж. Гэтэл ШШҮХ-гийнхэн журмаа баримталсан, төлбөргүй болгох талаар саналаа хүргүүлсэн гэх хэнэг ч үгүй тайлбарыг өгөөд бууж байх.


Хоёр: УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт холбоотойгоор Шүүх шинжилгээний хүрээлэнг АТГ-т өгөв.

 

2017 оны 7 сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчирхийлүүлсэн гэх хохирогчийн ар гэр болон өмгөөлөгч нь мэдээлэл хийж, Д.Гантулгын хүчингийн хэргийн нотлох баримтыг ШШҮХ устгасан хэмээн үзэж, тус газрыг АТГ-т өгч буй гэдгээ мэдээлэв. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч М.Ичинноров "УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт, нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн УИХ-ын гишүүний шаардлагаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр бид өнөөдөр АТГ-т хандаж байна. Зургадугаар сарын 12-ны өдөр эл хэрэг үйлдэгсэн. Бид тухайн өдрөө цагдаад хандсан. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Харин шинжилгээний хариу зургадугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан.

 

Бид хохирогчийн ор хөнжлийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан. Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм” хэмээв. Харин энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй, олон нийтийн анхаарлаас гараад байгаа юм.

 

Гурав: Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг "Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин ил харагдах шархгүй нас барсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан билээ. Тэгвэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн охины үхлийн шалтгааныг "хорлогын улмаас нас барсан" гэх дүгнэлт гаргасан байна. Тодруулбал "Хохирогч охины цуснаас 4.3, ходоодны шингэнд 5.7 поромиллын этилийн спирт илэрсэн. Энэ их хэмжээний этилийн спирт илэрч байгаа нь охины дотор олон эрхтэний дутмагшил, харвалтад нөлөөлж, нас барах шалтгаан болсон. Тархи уушигны хаван, дотор эрхтэний цэс эргэлтийн хямрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, нойр булчирхайн тархмал хүчил, голомтлог цус харвалт, зүрхний булчин гэдэг онош тогтоож, энэ олон харвалт нь олон эрхтэний дутагдалд орж охин амиа алдсан" гэж дүгнэсэн.  Харин энэхүү дүгнэлтэд ар гэрийнхэн нь санал нийлэхгүй, эргэлзэж байгаагаа мэдээлээд буй. Тэд ШШҮХ задлан хийхдээ хөндлөнгийн гэрчгүй байсан учир ийнхүү эргэлзэх болсон гэдгээ хэлээд байгаа юм.


Тэгвэл үнэхээр олон нийтийн дунд энэ мэтээр эргэлзээ төрүүлдэг, алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-ийн булхиаг Ж.Батзандан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн ил гаргаж дөнгөх үүгэдэг нь удахгүй олон нийтэд ил болох буй за.

 

Эх сурвалж: 24tsag.mn

Линк: http://www.24tsag.mn/content/155960.shtml


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen