Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг илүү боловсронгуй болголоо
Засгийн газрын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. "Олборлох үйлдвэрлэлийн ид тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав.
Тухайлбал нутаг дэвсгэрт нь ашигт малтмал ашиглах, хайгуул хийж байгаа сумдад ил тод байдлыг хангах ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сум, дүүрэг дэх Дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг 2019 оноос эхлэн улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхаар боллоо.
Тухайн орон нутагт эхлүүлэх ашигт малтмал, газрын тосны чиглэлээр хэрэгжих ажлын талаарх мэдээллийг хайгуулын шатнаас нь эхлэн нутгийн иргэдэд Дэд зөвлөлөөр, Дэд зөвлөлгүй сум, дүүрэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан хүргэж, харилцан ойлголцож байхаар тусгажээ.
Холбогдох хуульд заасан мэдээллийг үнэн зөв гаргаж, нийтэд мэдээлээгүй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгч аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авч нийтэд мэдээлж байхаар боллоо.