Бичил уурхайчдад тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай гэв

 

"Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны орон нутгийн бичил уурхайчид, нөхөрлөлийн холбоодтой уулзалдаж тэдэнд тулгамдаж байгаа асуудал, мөн эрх нь зөрчигдөж байна уу гэдэгт байнга анхаарал хандуулж ажилласаар ирсэн гэдгийг мэдэх байх. Хамгийн гол нь эрх зүйн орчныг нь илүү боловсронгуй болгох, мөн сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөл уурхайчдаа хамгаалах арга хэмжээнүүдийг авч ажиллах нөгөө талаар байгалийн нөхөн сэргээлтийг хийж бичил уурхайчдын хариуцлагыг өндөржүүлэх тал дээр анхаарч ажилласаар байна.

Бичил уурхайчид бол нинжа нар биш юм гэдгийг онцлон хэлдэг. Монгол Улсад иргэд гар аргаар алт, жонш, нүүрс зэрэг зарим төрлийн ашигт малтмалыг олборлож эхлээд 20 гаруй жил болж байна. Иргэд хувиараа олборлолт хийх нь эдийн засгийн үйл ажиллагааны ердийн нэг хэлбэр боловч Монголын хувьд ихээхэн хожуу, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн хүнд хэцүү үетэй давхацсан учраас төр, нийгмийн зүгээс багагүй эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан байдаг. Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хориглох гэсэн бодлого, үйл ажиллагаа явцгүй болж, УИХ-аас холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүнийг хуульчилсан нь иргэдийн сонголтыг зөвшөөрсөн алхам гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд бичил уурхай эрхлэгчдийн талаарх төрийн бодлого, нийгмийн сэтгэл зүйд нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч нөгөө талаар саар садаа байгааг үгүйсгэхгүй юм. Бичил уурхай эрхлэлтийг хөхиүлэн дэмжихгүй, гэхдээ зохицуулж зөв гольдролд оруулах ёстой, үүний тулд өнөөгийн мөрдөж байгаа хууль, журмыг нийгмийн захиалгад нийцүүлэн боловсронгуй болгох замаар бичил уурхайг хөдөөд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилго, чиглэлд нийцүүлэн бодлогоор дэмжиж ажиллах ёстой гэсэн үзэл бодол, уур амьсгал бий болж байна. Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлснээр хариуцлагатай бичил уурхай руу шилжих эхлэл тавигдаж эдүгээ энэ үйл явц аажим урагшилж байна гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй болов уу.

Гэхдээ бичил уурхайчдад тулгамдаж байгаа асуудал бий.

Тухайлбал, Засгийн газрын 2010 оны 308 дугаар журмаар баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хэрэгжүүлэхэд дараах хүндрэлтэй тулгамдаж байгаа асуудал байна.

Үүнд:

500 см3–ээс дээш багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизм ашиглахыг хориглосон;

Баяжуулах үйлдвэрийн техникийн шаардлага байхгүй;

Нөхөрлөлийн далд уурхайн олборлолтыг хориглосон. 94 талбайд бичил уурхайн дүгнэлт гарсан боловч 30 хүрэхгүй талбайд үйл ажиллагаа явуулж байна. Мөн дараах шалтгаан байна. Үүнд:

Ашигт малтмалын нөөц байхгүй;

Агуулга ядуу;

Тээврийн зардал өндөр.

Бичил уурхай аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй, аюултай нөхцөлд байдалд ажиллаж байна. Үүнд:

Уул, техникийн нөхцөл хүндэрсэн;

Нурал үүсэх аюултай нөхцөл байдал үүссэн;

Ашиглаж байгаа төхөөрөмж аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй гэх мэт.

Сумдын Засаг дарга нар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хууль, журам зөрчиж байгуулсан. Үүнд:

Нөхөрлөлтэй далд аргаар олборлох гэрээ байгуулсан;

Сумын ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд бичил уурхайн зориулалтаар авсан талбайн гадна гэрээ байгуулсан.

Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын ажилтнууд болон бичил уурхайчдад эрхзүй, уул уурхайн мэдлэг, мэдээлэл тутмаг байна. Үүнд:

Бичил уурхайтай холбоотой хууль, журам;

Бичил уурхайн олборлолт, аюулгүй ажиллагаа, ашигт малтмалын борлуулалт.

Уурхайн нөхөн сэргээлт, хаалт

Босоо уналтай жоншны ордыг ил уурхайгаар ашиглаж байгаа нөхцөлд нөөц дууссаны дараа уурхайн нөхөн сэргээлт, хаалт хийнэ. Энэ тохиолдолд нөхөн сэргээлт, хаалтын зардлыг бодитой тооцож нөхөн сэргээлтийн санд төвлөрүүлэх. Сумдын Засаг дарга нар бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагааны тайлан мэдээг Засгийн газрын 308 дугаар тогтоолоор баталсан журмын 3.10-д заасны дагуу жил бүр АМГТГ-т хүргүүлж байх үүргээ биелүүлэхгүй байна.

Тиймээс шийдвэрлэх арга зам нь юу бэ?

Засгийн газрын 2010 оны 308 дугаар журмаар баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах. Үүнд:

Ашиглах механизм;

Далд уурхайн олборлолт;

Баяжуулах үйлдвэрт тавигдах техникийн шаардлага;

Аюулгүй ажиллагааны шаардлага;

Нөхөн сэргээх аргачлал;

Борлуулалт, экспорт.

АМГТГ-ын бичил уурхайн талбайн дүгнэлт гаргах тойрох хуудасны загварыг шинэчлэн боловсруулах. Нөөц бүхий талбайд дүгнэлт гардаг болох.

Баяжуулах үйлдвэрийн техникийн шаардлага боловсруулж мөрдөх.

Мэдлэг олгох, мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах. Үүнд:

Хууль, журам сурталчлах, тайлбарлах;

Аюулгүй ажиллагааны тэргүүн туршлага заах.

Ашигт малтмалын нөөцгүйн улмаас үйл ажиллагаа явуулахгүй байгаа нөхөрлөлийн талбайг нөхөн сэргээж орон нутаг хүлээн авдаг байх ёстой гэж холбогдох газруудаас үзэж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen