"Топорчид" эдийн засгийг ингэж "сүхдэв"
Эдийн засгийн алуурчин гэдгийг бид холоос, глобалчлагдсан дэлхий ертөнцийн хаа нэгтээгээс эрж хайдаг болохоор "дотоодын алуурчин” гэсэн үгэнд эргэлзэх шалтгаан байсан. Харин Засгийн газрыг огцруулснаас хойшхи үйл явдал энэ үг үнэн болохыг нотолж өглөө. Тэр эдийн засгийн алуурчдыг холоос хайх биш ойроос, тэр дундаа иргэд бидний итгэлийг хүлээж төрд төлөөлөл болсон тэр хүмүүсээс хайх хэрэгтэй байж. Төрийн ордонд шүгэлдэж, Засгаа унагасан топорчууд эдийн засгаа "түгжилдчихлээ”.
Засаг унахаас өмнөх болон эдийн засгийн одоогийн нөхцөл байдал
Энэ засгийн газрын үед эдийн засгийг сэхээний өрөөнөөс энгийн өрөөнд шилжүүлсэн хэмээн амтай болгон зүйрлэдэг. Үнэхээр эдийн засаг яаж сэргэж байсныг ганц нэг тоо баримтаар дурдая.
-Мэргэжлийн Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт дөнгөж 1.2 хувьтай болсон байв. Харин 2017 оны эхний хагас жилийн байдлаар 5.3 хувийн өсөлттэй байна.
- 2012-2016 онд жил дараалан буурч байсан гадаад худалдааны эргэлт 2017 он гарснаас хойш Монгол Улсын экспорт сар тутам 30-40 орчим хувиар өсөн нэмэгдэж байна. 2016 оноос хойш гадаад худалдааны тэнцлийн үлдэгдэл 475,0 сая ам.доллараар нэмэгджээ.
-Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 43.5 хувиар өслөө.
-Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. -----Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ.
-Анх 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв хүлээж авсан бол өнөөдөр 590 орчим тэрбум төгрөг болж, 3 дахин буурлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтаас орох урсгал бодитой хоёр дахин нэмэгджээ.
-Хугацаа тулсан их хэмжээний зарим өрийг бага хүүтэй бондоор сольж, Чингис бондын төлбөрийн түрүүч 500 сая ам.долларын өрийг шийдэхээр хувилбар боловсруулан ажиллаж байна.
-Хоёрхон хоногийн өмнө гарсан статистикийн мэдээгээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ эхний найман сарын байдлаар 4,5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол 2011 оноос хойшхи хамгийн их орлого бүрдүүлэлт юм. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 904,7 тэрбум буюу бараг нэг их наяд төгрөгөөр илүү юм.
-Төсвийн орлогын дийлэнхи хувийг буюу 3,9 их наяд төгрөгийг татварын орлого бүрдүүлжээ.
Эдийн засагт ирсэн дохионуудыг товчхон дурдахад ийм байна. Амжилт аяндаа ирдэггүй. Үүний цаана Засгийн газрын урагшаа харсан үйл ажиллагаа, хүч хөдөлмөр бий. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь төр засгийн тогтвортой байдал байв.
Засгийн газрыг огцруулснаас хойш эдийн засагт ирж буй таагүй дохионууд
Засгийн газар огцрох нь парламентын засаглалтай улс орнуудад байдаг л зүйл гэж зөвтгөж байгаа ч энэ нь зөвхөн хэдэн албан тушаалтныг нөгөөгөөр солих буюу бидний хэлдэгчлэн хоёрдугаар ээлжийнхнийг хоолонд хүргэх асуудал биш юм. Энэ бол улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн маш их эрсдэл, гадаад талдаа итгэл, имиж илэрхийллээ гээх том шалтгаан болдог ажээ. Мэргэжлийн Засгийн газрыг унагасаны дараа гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын эдийн засагт санаа зовниж байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулагчдын замд улаан гэрэл асчихаад байна.
ОУВС: Монголд оруулах санхүүжилтээ хойшлуулав
Хамгийн сүүлд дуулдаж буй таагүй мэдээлэл гэвэл ОУВС есдүгээр сарын сүүлчээр хийхээр төлөвлөж тохироод байсан 40 гаруй сая ам. долларын санхүүжилтээ хойшлуулах шийдвэр гаргаснаа Монголбанкинд мэдэгдлээ. Тус сангийн хувьд тогтвортой байдлыг илүүд үздэг бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газрын байр суурийг тодорхой болсны дараа асуудлыг авч үзэхээр болж байх шиг байна.
Өөр нэг хүчин зүйл нь манай УИХ-ын зарим гишүүд нь ОУВС-ийн хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй, хэрэггүй байсан гэхчлэн мэдэмхийрсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн нь тус байгууллагыг байр сууриа эргэн харахад хүргэж болзошгүй юм.
Түүнчлэн Монголын эдийн засагт эрсдэл бий болох магадлалтайг гадаадын нэр хүнд бүхий агентлагууд онцлон мэдээлсээр байгааг товчлон хүргье.
Reuters: Монголын бондын үнэ цэнэ уналаа
-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа олон улсын зах зээл дэх Монгол Улсын бондын үнэ унаж эхэлсэн тухай "Reuters” агентлаг :
"Монголын парламент өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Ерөнхий сайдаа огцруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу баасан гарагт Монголын бондын үнэ унаж эхэлжээ.
"Tradeweb data”-ын мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой "Чингис” бондын ханш 0.462 центээр унаж, нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн их унасан үзүүлэлт болж байгаа юм.
Түүнчлэн, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш 117.729 цент болжээ.
Forbes; Хөрөнгө оруулагчид Монгол Улсыг орхих эрсдлийг дагуулж байна
-Францын хөрөнгө оруулалтын банк "Natixis”-ын захирал дАзи Номхон далайн бүсийн эдийн засагч Алишиа Гарсия Херреро: "Улс төрийн тогтворгүй байдал нь тус улсын хувьд удаан хугацааны туршид асуудал болж байна. Энэ нь одоо байгаа хөрөнгө оруулагчдын хувьд асуудал бага үүсгэх ч шинээр хөрөнгө оруулагчдад илүү их асуудал дагуулж байна.Хэдийгээр огцрох нь авлигад тустай байж болох ч Засгийн газар цаашид ч тогтворгүй байна хэмээн хөрөнгө оруулагчид үзэн Монгол Улсыг орхих эрсдлийг дагуулж байгаа юм.
Удалгүй тус намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг санал болгох бөгөөд 45 хоногийн дотор Засгийн газар дахин шинэчлэгдэх юм. Үүнээс өмнө одоогийн Засгийн газар Монгол Улсын бодлого төлөвлөлттэй холбоотой ямар нэг чухал шийдвэрийг гаргах гаргах боломжгүй юм”.
XINHUA: Монголын Засгийн газар унасан нь эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй
-"Эрх баригч Монгол ардын намын хэсэг гишүүд сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдтэй нэгдэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын гурван гишүүний хувийн компанитай нийт 328 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, парламентын журмыг зөрчсөн хэмээн буруутгаж байв. Олон Улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монголын Засгийн газар унасан нь далайд гарцгүй тус улсын эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй байна. Олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголын улс төрийн нөхцөл байдалд санаа зовнисоор ирсэн бөгөөд Монгол Ардын намын удирдлага дор байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллаж чадна гэдэгт ихээхэн найдлага тавьж байсан юм”.
http://www.zaluu.com/read/17h4f3a94