“Оймс” Л.Наранбаатарыг хэн ч тоосонгүй
Өдгөөгөөс гурван жилийн өмнө Төрийн ордонд Эдийн засгийн чуулган болж, Дархан-Уул аймаг дахь Ардчилсан намын дарга Л.Наранбаатар гэх залуу оймсоо тайлан шидэж эсэргүүцэл үзүүсэн. Тэгэхдээ тэрбээр "Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор, чи Монголын ард түмнийг өрөнд оруулж, ядууруулсан. Чамд эдийн засгийн чуулганы индрээс үг хэлэх эрх байхгүй” хэмээн шуугиан дэгдээсэн. Энэ үеэр Л.Наранбаатар ярилцлага өгөхдөө "Ялзарсан улстөрчдийг хуучирсан оймс шиг солих цаг нь болсон, эдийн засгийн алуурчидтай хийх тэмцлээ үргэлжүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан. Харин хариуд нь Ардчилсан намын даргаар ажиллаж байсан З.Энхболд "Л.Наранбаатар мэтийн нөхдүүдийг намаас хөөсөн, дахиж хаалгаараа шагайлгахгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. З.Энхболд шүд зуун түүнд өнгөрөгч УИХ-ын сонгуулиар мандаад өгөөгүй. Тиймээс Л.Наранбаатар Ардчилсан намд хэн ч биш болж, улмаар шинэ дарга С.Эрдэнэтэйгээ ч таарамж муу байдаг учраас ямар нэг намын нөмөр хайж явж байгаа бололтой. Тиймдээ ч Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын эсэрг мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай нэгдчихсэн явна. Уг нь эрт цагт бол эзнээсээ урван тэрсэлж ирсэн нөхрийг үг дуугүй дуугүй толгойг нь авдаг жамтай. Өдгөө цагийн улстөрийн намууд бол урваач шарваачдаас бүрдэж байгаа учир Л.Наранбаатар ямар нэг газар харъяалагдах байх. Гэхдээ ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-д элсэх хүсэлтэйгээ хэлсэн ч удирдлагын түвшинд хэлэлцэж байж болно гэсэн хариуг өгчээ. МАН-д бол захын нэг нөхөр хүсэлт гаргаад элсдэг. Тэр ч бүү хэл гуйж гувшаад бөөнөөр нь элсүүлдэг ч тохиолдол бий. Гэтэл "Оймс” Л.Наранбаатарыг аль ч нам тоохгүйд хүрч байгаа хэрэг.
Х.Баатар
Шуурхай.мн