“...Охин минь ийм хувцастай аавыгаа угтаж болохгүй” гээд хэлчихэж болох л байсан

“...Охин минь ийм хувцастай аавыгаа угтаж болохгүй” гээд хэлчихэж болох л байсан

 

Монголын төр монголчуудаа байтугай дэлхийг дэлдийлгэдэг боллоо. МАН энд самарч байхад манай Ерөнхийлөгч Орост бужигнуулж буй бололтой.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ болж байгаа Дорнын эдийн засгийн форум оролцож байна. Энэ удаагийн форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд, БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

 

Ерөнхийлөгчийг дагалдагсдыг томоохноос нь дурдвал Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ЕТГ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар айлчлалд явж байна. Харин эрхэм гишүүдийг энэ айлчлалд багтаахаас татгалзсан тухай Ерөнхийлөгчийг Владивосток руу нисэнгүүт яригдаад эхэлнэ лээ.

 

Энэ юу ч биш. Ерөнхийлөгч Х.Баттулгыг есдүгээр сарын 4-нд ОХУ-ын Владивосток хотод очиход албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтан авсан байгаа юм. Гэтэл тэдний дундаас Ерөнхийлөгчийн охин цэцэг барьчихсан уранхай жийнстэй гарч ирээд аавдаа үнсүүлжээ. Ийм байдалтай угтагсдын дундаас гэнэт гарч ирж дипломатуудыг цочоосон тухай Монголоор нэг ярьж байна.

Маргааш нь Ерөнхийлөгч Х.Баттулга Находка дахь "Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр ОХУ-ын талаас "...Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой” хэмээн санал тавьсан байна.

 

Есдүгээр сарын 6-нд манай Ерөнхийлөгч Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлжээ. Энэ үеэр ёстой шогийн юм болсон байгаа юм. Ерөнхийлөгч монголоор яриад л байдаг. Харин Ерөнхийлөгчийн орчуулагч орчуулах гэж алийг нь алдуулжээ. Манай Ерөнхийлөгчийн үгийг гадаадын нэг ч улсын төлөөлөгч ойлгоогүй байна. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга "...Эрхэмсэг хатагтай, ноёд оо. Монгол, Оросын бизнес эрхлэгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч ажил хэрэгч анд нөхөд өө. Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая” гэж байгаад л нэлээд юм ярьжээ. Харамсалтай нь орчуулагч нь баллаж, нөгөөдүүл нь ойлгоогүй байх.

 

Мөн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад Японы Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав. Тэр үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "...ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллая” гэж санал тавьжээ. Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав. Манай Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсэв.

 

Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав. Ерөнхийлөгч В.Путин Монгол Улстай хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт ихээхэн анхаарал хандуулж байгаа гэжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн санал тавьсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч В.Путин нар яриагаа форумын үеэр үргэлжлүүлэхээр болсон юм.

 

Өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Орчуулагч нь яаж гаднынханд хүргэсэн юм бүү мэд. Юутай ч манай Ерөнхийлөгч "...Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна” гэх зэргээр нэлээд зүйлийг ярьжээ. Ерөнхийлөгчийн анхны айлчлал иймэрхүү байдалтай үргэлжилж байна. Айлчлалын эргэн тойронд Тэргүүн охины уранхай жийнс, орчуулагчийн ур чадварын асуудал гээд сонин хачин ихтэй өрнөж байна. МАН энд урьд хожид байгаагүй бужигнаан хийж байхад манай Ерөнхийлөгч ч Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн гаргаагүй алдааг энэ айлчлалаараа хийв. Гэхдээ дан ганц Ерөнхийлөгч гэхэд хэтийдсэн болох байх. Түүний доор бүхэл бүтэн Тамгын газар бий. Дарга нь УИХ-ын дарга байсан З.Энхболд. Үүнээс гадна ажил үүргийн хувиараараа Ерөнхийлөгчийн айлчлалыг Гадаад харицааны яам зохион байгуулдаг. Ингэхээр ЕТГ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар хариуцлагагүй байна гэсэн үг. Тэд "...Охин минь ийм хувцастай аавыгаа угтаж болохгүй” гэж хэлж болох л байсан. Бас "...Энэ орчуулагчийг сольё” гээд л шийдчих ёстой байсан юм. Мөн Б.Намуун, тэр нэг орчуулагч гэж ярихгүй Монголын Ерөн­хий­­лөгчийн охин, Монгол Улсын Төрийн тэр­гүүний орчуулагч гэнэ шүү дээ. Төр төм­бөгөр, ёс ёмбогор билээ.


Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen