32 МЯНГАН БАГШ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА ГЭВ
2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байна. Энэ үед сургууль, цэцэрлэгүүд сурагчдаа хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Тэгвэл хичээлийн шинэ жилийн их ажилтай зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэллээ. Тэд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Багш нарын төлөөлөл энэ сарын 10-ны өдөр цуглаж, түр хороо байгуулсан байна.
Ингээд шат дараатай цалин нэмэх асуудлыг гаргаж тавих аж. Эхний ээлжинд шаардлага хүргүүлж, дараагийн удаа тайван жагсаал хийж, цаашлаад ажил хаялт зарлана гэдгээ тэд мэдэгдэж байна.
Багш нарын хувьд сарын цалин нь хэтэрхий бага тул найман хувийн хүүтэй орон сууцны зээлд ч хамрагдаж чаддаггүй хэмээн учирлаж байгаа юм.
Тэгвэл багш нар өнөөдөр дахин мэдээлэл хийж, есдүгээр сарын 1 нд 32 мянган багш ажил хаялт зарлах тухай мэдэгдлээ. Тодруулбал багш нар ирэх хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цалингаа 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Ингээд Засгийн газарт уг шаардлагаа хүргүүлж, энэ сарын 24 гэхэд хариу ирүүлэхийг хүсчээ. Улмаар уг шаардлагыг 32 мянган багш дэмжжээ. Тэд шаардлагын хариуг биелүүлэхгүй бол ажил хаях болно гэдгээ мөн мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр багш нар "Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй хүүхэдтэй ч энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажиллаж байна" гэлээ.
"Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй. 76 мянга гаруй багш нарын дийлэнх нь амьдрахын эрхэнд Солонгост хараар ажиллаж байна" хэмээн ярилаа.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn