Ц.Сандуйг авч үлдэж, У.Хүрэлсүх үгээ хэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Дөнгөж өмнөх өдөр нь олон нийтэд мэдэгдсэн энэ хурлаар юу ярих, ямар шийдэл гаргах вэ гэсэн хүлээлт нийгэмд байсан гэхэд хилсдэхгүй.


Хэвлэлүүд МАН-ын Удирдах зөвлөлийн энэ хурлаар 60 тэрбумын асуудал, Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн талаар хэлэлцэх нь тодорхой гэж мэдээлж байв.

 

Мөн энэ намын төв хэвлэлийн өчигдрийн дугаарт "...Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг ярих бололтой. Мөн боловсон хүчний томилгоо, тухайлбал БСШУС-ын дэд сайдын албан тушаалд хэнийг томилох, Элчин сайд С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх юм байна. БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр гадаад улсад суух Элчин сайдаар томилогдсон билээ. Үүнээс гадна "тогооноосоо хальж”, олон нийтэд ил болсон дотоодын зарим асуудлаа ярилцаж хэлэлцэхээр болсон байна” гэж бичсэн байв.

 

Ингээд өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл товлосон цагаасаа бага зэрэг хоцорч, 85 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Хурлыг МАН-ын дарга М.Энхболд удирдсан байна. Тэрээр хурлыг нээж, намын Бага хурлын товыг ярихаар хуралдаж байгаа. Мөн үүгээр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн асуудлыг хэлэлцэнэ. Бусад асуудлыг ч ярина гэдгийг хэлсэн байна.

 

Эхлээд МАН-ын даргын танилцуулснаар 60 тэрбумын асуудалд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хариуцлага хүлээх эсэхийг хэлэлцжээ. Ингээд 60 тэрбумын бичлэгийг шүүхээс эвлүүлэг гэж шийдсэн учир Ц.Сандуйг огцруулах үндэслэлгүй байна гэж Удирах зөвлөлийн гишүүд үзсэн байна. Үүний дараа МАН-ын нөлөө бүхий зарим гишүүн намынхаа удирдлагуудад хандаж хатуухан үг хэлцгээсэн байна. Тоймлоё.

 

Ц.Нямдорж:

 

-Хэлэх үг байна. Сүүлийн үед болоод байгаа юмыг ярихгүй юм уу. Тагнаж чагнадаг юмаа болихгүй юм уу, М.Энхболд оо. Намайг ч гэсэн Эрдэнэтийн үеэр та нар баахан тагнаж чагнасан. УИХ-ын бүх гишүүнийг тагнаж, чагнадаг биз дээ. Одоо тагнаж, чагнадаг юмаа хэвлэлд тавьдаг болж. Ийм тусгай албатай улс гэж байдаг юм уу. Яагаад Б.Хурцыг өөрчлөхгүй байна вэ. Хэн нь хэндээ барьцаалагдчихаад байгаа юм бэ. У.Хүрэлсүхийн яриад байсан тагнаж, чагнасан эзэн нь Ерөнхий сайд та өөрөө байсан байна шүү дээ. Утасны яриа авдаг ганцхан газар бий.

 

Ж.Эрдэнэбат:

 

-Та нар ойлго л доо. Би юу гэж Шадар сайдыгаа дагаж мөрдөх юм бэ. Шадар сайд надтай уулзаад Ж.Эрдэнэбат аа чамайг ингэсэн гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ чамайг дагаж явдаг Н.Номтойбаяр мэтийн чинь хийж байгаа ажил гэж хэлсэн. Тэрийг би мэдэхгүй. Гэхдээ би оролцоогүй. Удирдах зөвлөлийн гишүүд та нар минь надад итгээрэй.

 

У.Хүрэлсүх:

 

-Өнөөдрийг хүртэл би дуугүй явлаа. Улс төрийн сонгууль явж байсан болохоор шүд зуугаад тэсээд явсан юм шүү. Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсан залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Тэгтлээ бяр чинь амтагдаад байгаа бол Ж.Эрдэнэбатаа намайг бариад хориорой.

 

Шадар сайдын чинь амь нас, аюулгүй байдалд аюул учраад байна гэж М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрт хэлсэн. Гэтэл хөдлөхгүй байсан хүчний байгууллагынхан чинь тэр залууд бяраа гаргасан. Намайг аалз болгоод хөл гарыг нь тасдана гэсэн. Одоо болохоор намынхнаа халиарууд гэж байгаа чинь ил болсон биз дээ. Ер нь намайг тэр цагаас хойш тагнаж, чагнаж байжээ гэж үзэж байгаа.

 

Одоо харин та нарын бүрдүүлсэн 60 тэрбумын авлигын гав гинжийг таслах цаг болжээ. Хууль хяналтын байгууллагыг ийм байдлаар улстөржүүлэхээ боль. Одоо бүр өөрийгөө тагнасан, чагнасан хэрэг рүү явуулна гээд ярьж байгаа чинь ил байгаа шүү.

Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явж л байсан. Тэр үед яривал ярих юм их байсан шүү. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Чи ард түмний үзэн ядаад байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Чамайг ингэ гэж МАН-ын даргаар тавиагүй. Чи бүх томилгоогоо эргээд хар. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Чи Мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсний шан. 65 суудалтай байж чам шиг арчаагүй Ерөнхий сайд байдаггүй юм. Харин би Шадар сайдын хувьд түшиж, тулж явсан байх шүү.

 

Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Надад итгэл хүлээлгэсэн Удирдах зөвлөлийн гишүүд Та бүхэндээ баярлалаа.

 

Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна. Жирийн иргэн болж байгаад үзэлцье, за юу.

 

Өчигдрөөс Ерөнхийлөгчтэй холбоотой гэх утасны яриаг зохион байгуулалттай тарааж байна. Би 1990 оноос хойш энэ намд зүтгэхдээ нэг ч удаа намынхаа эсрэг ажиллаагүй. Та нар битгий өөрсөдтэйгөө адил бод. Намынхаа тугаар толгойгоо боогоод сөрөг өлсгөлөнд хүртэл оролцож явсан.

 

Энэ яриа Ерөнхий­лөгчийн сонгуулийн дараа болсон. Тэгж яривал эрлийз адууны талаарх шийдвэрийг гарга гэж таны хүү Анар надад бичиж өгсөн. М.Энхболд дарга та үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чи ч мэдэж байгаа биз дээ?

 

Д.Амарбаясгалан:

 

-Тиймээ, Анар санаачилсан.

 

У.Хүрэлсүх:

 

-Үүнийг чинь л АН өлгөж аваад явуулсан. Буруугаа өөрсдөөсөө л хай. Түймэр унтраах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан нь үнэн. Улсын онцгой байдал хариуцсан Шадар сайдын хувьд Төрийн тэргүүнтэй уулзахгүй яах юм бэ.

 

Удирдах зөвлөлийн гишүүдээ, одоо намаа шинэчлэх цаг болсон. 60 тэрбумаас салах цаг болсон. Авлига, хээл хахуулийн энэ системийг эвдэх цаг болсон. Сайд нар концесс авдгаа больё. Цагаан суварга зэрэг уул уурхайн баялгаа цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд завшуулдгаа больё.

 

М.Энхболдоо, чи энэ намын буянаар Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байж үзлээ. Ерөнхийлөгчид ч нэр дэвшиж үзлээ. Улс орныхоо төлөө улс төрийг орхиод явж үз.

 

Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна.

 

У.Хүрэлсүх үгээ дуусгаад хурлыг орхин гарсан байна. Түүний дараа хэд хэдэн гишүүн хурлаас гарчээ.

 

Түүний дараа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй "...Хүрэлсүх дарга өчигдрийн ярианы бичлэг тараасныг намайг хийсэн гээд байх шиг байна. Би хийгээгүй. Бид намынхаа эв нэгдлийг бодох ёстой. Ингэж байж дараа дараагийн сонгуульд ялалт байгуулна” гэжээ. Харин түүний үг Удирдах зөвлөлийн гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн бололтой. Олон гишүүн Ц.Сандуйг "...Чи ажлаа өгөөд зайлж үз” гэсэн байна. Түүнчлэн Ц.Даваасүрэн гишүүн "...Удирдах зөвлөл ёс зүйн хариуцлага хүлээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэж санал гаргасан ч энэ талаар яриагүй байна. Түүнчлэн Бага хурлыг ойрын үед хуралдуулах шаардлагагүй гээд тодорхой тов гаргаагүй байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ сонин"

З.БОЛД

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen