АРД ТҮМНИЙ СЭТГЭЛИЙН ХАНДИВЫГ ЭЗДЭД НЬ ХҮРГЭХЭЭСЭЭ ӨМНӨ БУЛААЦАЛДАЖ ЭХЛЭВ


АРД ТҮМНИЙ СЭТГЭЛИЙН ХАНДИВЫГ ЭЗДЭД НЬ ХҮРГЭХЭЭСЭЭ ӨМНӨ БУЛААЦАЛДАЖ ЭХЛЭВ

Монголчууд бид эрт дээр үеэс л тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусла хэмээн хэлж ирсэн заншилтай ард түмэн. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд ядарсан нэгэндээ туслах ард түмний  хандивын аян ар араасаа хөврөх болж, түмнийхээ буянаар хүнд өвчнөө  ялж гарсан,  ажил төрөлгүй нэгэн нь ажилтай, орлоготой болсон, олон арван айл өрх гэр оронтой болсон гэх мэт сайхан тохиолдлууд  бий. Харин сүүлийн үед нийгэмд хамгийн хүчтэй өрнөж байгаа нэгэн аян бол "Сарнай хүүхдийн төв” барих аян юм.  Эцэг эхгүй өнчин өрөөсөн олон хүүхдүүдийг өөрийн асрамжинд авч, өсгөж байгаа М.Сарнай гэх бүсгүйд асрамжийн төв барьж өгөх аяныг "Итгэл сэтгэлийн гүүр” ТББ санаачлан зохион байгуулж эхэлсэн. Гэвч тус аяныг зохион байгуулагчид гэнэт муудалцаж, ард түмний өмнө бие биенийгээ буруутган, луйварчин мэтээр ярьж эхлэв.

Тодруулбал "Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ  М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хамгийн түрүүнд мэдээлэв. Энэхүү мэдээлэл цацагдсны дараа М.Сарнай ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл өгсөн байлаа. Тэдний өөр хоорондоо шидэлцэх үнэн худал нь үл мэдэгдэг мэдээллүүд нь цахим ертөнцийнхнийг талцуулж басхүү гомдол гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ядарсан нэгнээ гэсэн ард түмний сэтгэлийн хандив үнэхээр эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал ч яригдах боллоо. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар талууд ямар  байр суурь илэрхийлсэнийг хүргэж байна. 

Итгэл сэтгэлийн гүүр ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ: "2017 оны 1 сарын 30-ний өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм.
 
Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз "Танайд хоноё" нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая.
 
Энэ бүх хугацаанд Сарнай эгчид итгэж хүндэлж хайрлаж явлаа. Тэгтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн Баярмаа надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа.
 
Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь "Их нигүүсэл" ТББ-ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Таны гаргаж байгаа ааш аяг бүхэн өдөр шөнөгүй зүтгэх хэдэн залуусыг маань мохоож байна. Одоо надад таньд итгэх өчүүхэн итгэл үлдсэнгүй. Яриад байвал таны эсрэг маш олон баримт байна. Зах зухаас нь дурьдлаа.
 
Энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хатуу хэлэе. Таныг уйлаад ярих тоолонд зүрх зүсэгдэж байсан. Одоо бодохоор гомдох шиг болж байна. Та гэртээ байгаа хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд үр хүүхдүүдтэйгээ амар жимэр сайхан амьдар даа. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн Сарнай эгчтэй холбоотой хандивын орлого зарлагын тайланг удахгүй оруулах болноо. Дэлгэр эгч дансны орлого зарлага бүх зүйлсээ гаргаж өгөөрэй. Дахин хэлэе энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй.
 
Хүнээ танихгүй та бүхнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй. Уучлаарай. Та бүхэн намайг яаж ч шийтгэж болно. Үүнийг цааш нь үргэлжлүүл гэж битгий шахаж шаардаарай. Дахин уучлалт хүсэе. Хүндэтгэсэн: Ц.Сувд-Эрдэнэ"  гэсэн юм.
 
 Харин нөгөө талд М.Сарнай "Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний сэтгэлийг ч бодохгүйгээр тарааж байна. Надад мөнгө хэрэггүй. Ц.Сувд-Эрдэнэ зүгээр л "Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Энэ хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, энэ байгууллагыг авч явна гэсэн бодолтой байсан юм билээ. "Наран” рестораны захирал С.Дэлгэр эгч бол бидний төлөө зүтгэж яваа хүн. Би Ц.Сувд-Эрдэнээс "Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш 12 цаг гэхэд "Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна?' гэж асуусан. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгсэн чинь л сошиалаар мэдээлэл гаргаад л, хүний нэр хүндийг унагаагаад, бүр охины маань ээж нь гээд нэг архичин хүүхний яриаг фэйсбүүк дээрээ тавьчихсан байна лээ” 

Ямартай ч "Сарнай хүүхдийн төв” байгуулах ажилд одоогоор 43 сая төгрөг   цугласан гэдгийг дээрх мэдээллүүдэд нэр нь дурдагдаж буй С.Дэлгэр гэх эмэгтэй мэдээлэв. Тэрбээр М.Сарнайтай хамтран эзэмшдэг гурван дансны хуулгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, ард түмний хандивт огт гар хүрээгүй хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. Харин энэ хооронд хандив өгсөн иргэд дээрх хоёр бүсгүйн хэн нь үнэн ярьж байгаа эсэхэд төөрөлдөөд байна. Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хэмээн итгэж, сэтгэлийн хандиваа дамжуулах гүүр болгож байсан бүсгүйчүүд ийнхүү ард түмний итгэлийг алдаж,  хандив тусламжийг эздэд нь хүргэхээсээ өмнө өөр хоорондоо булаацалдаж эхлэв үү хэмээн хардах хүн олон байна. 

Эх сурвалж: Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen