Д.Дорлигжавыг цэцийн гишүүнд зүтгүүлнэ


Д.Дорлигжавыг цэцийн гишүүнд зүтгүүлнэ

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн байгууллагын томилгоог Үндсэн хуулийн Цэцээс эхлэхээр байна.

 

Хуульд зааснаар цэц есөн гишүүнтэй бөгөөд тэдний гурвыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар зургаан жилийн хугацаатай томилуулдаг. Цэцийн одоогийн гишүүдээс Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Ерөнхийлөгч санал болгож томилуулжээ. Цэцийн орлогч дарга Н.Жанцан Үндсэн хуулийн цэц байгуулагдсан 1992 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

 

Түүний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа энэ онд буюу ердөө хэдхэн сарын дараа дуусч байна. Мөн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусах бол Т.Лхагваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусах юм. Шинээр баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар цэцийн гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн тохиолдолд чөлөөлж болох заалт орсон. Энэ дагуу тэтгэврийн насанд хэдийнэ хүрсэн Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг чөлөөлж болох хэдий ч зургаан жилийн хугацаагаар томилогддог тул хугацаагаар нь чөлөөлөхөөр байна.

 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд удахгүй чөлөөлөгдөх Н.Жанцан, Д.Наранчимэг нарын оронд томилох хүмүүсээ хэдийнэ тохирчээ. Тэд бол Зам тээврийн сайд асан А.Гансүх болон Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нар юм. А.Гансүх, Д.Дорлигжав нарын хувьд улстөр болон хууль зүйн өндөр мэдлэгтэй Монгол Улсын 40 нас хүрсэн эрүүгийн ялгүй иргэн байх шаардлагыг хангаж байгаа. Хоёулаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр ажиллаж, АН-д зүтгэж явсан эрхмүүд.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen