Цэцийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал болж байна
Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэц Төрийн ордонд олон улсын бага хурал зохион байгуулж байна. Энэхүү хуралд ОХУ, Герман, Турк, БНСУ зэрэг орны Үндсэн хуулийн шүүгч нар оролцож байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Н.Жанцан, Д.Ганзриг, Д.Солонго нар илтгэл тавин хэлэлцүүлж байна. Мөн ОХУ, ХБНГУ, Турк, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нар итгэл тавилаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлалаа танилцууллаа. Энэ удаагийн олон улсын бага хурал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.
Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойтой холбогдуулан Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Ганзориг нарын сэтгэгдлийг сонслоо.
Н.Жанцан: -Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх буюу Цэц байгуулагдаад 25 жилийн босго давлаа. Шинэ Үндсэн хуулийн нэг түүхэн гавьяа бол Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан явдал юм. Дэлхий дахины бүх улс орон Үндсэн хуулийн шүүхтэй болж байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд Үндсэн хуулийн шүүхтэй болж байгаа. Тиймээс энэ зууныг Үндсэн хуулийн шүүхийн зуун гэж нэрлэж болно. Дэлхийн улс орнууд парламентын засаглал эрх мэдлээ хэтрүүлэх, өөрийнхөө хэмжээнд байхгүй зүйлийг гаднаас авах алхмыг хянах зорилгоор Үндсэн хуулийн шүүх байгуулдаг. Манайх ч үүнтэй ижил. Цэц сүүлийн жилүүдэд парламентаас гаргасан алдаатай олон шийдвэрийг засч чадсан гэж үздэг.
Д.Ганзориг: -Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаасаа хойш 2500 орчим өргөдөл мэдээлэл ирүүлсэн байна. Үүний 10 орчим хувьд нь маргаан үүсгэсэн. Тухайн маргаануудыг хэлэлцээд хууль зөрчсөн, зөрчөөгүй тухай 180 орчим дүгнэлт гаргасан. Энэ тоон үзүүлэлтээс харвал иргэд өөрийнхөө эрхийг хамгаалах тогтолцоо, бүтэц бий болсон нь тодорхой байгаа юм. Хууль зүйн талаас нь харвал Цэц Үндсэн хуулийн 64 дүгээр зүйл зааснаар Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, уг хуулийг зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн зөрчил санаатай болон санамсаргүй байдлаар үүсдэг. Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлыг Цэц хэлцээд эцэслэн шийдвэрлэдэг юм. Өнгөрсөн 25 жилийн хугацааны хамгийн том ололт бол Үндсэн хуулийг хэрэгжилтэд хяналт тавьдаг тогтолцоотой болсон явдал.