МАН-ын сонгуулийг С.Баяр удирдсан нь батлагдлаа
Санжийн Баяр сонгууль бүрээр Тусгаар тогтнолын ордондоо хонон өнжин байж, МАН-ынхаа сонгуулийн стратеги, PR боловсруулдаг хүн. Үнэндээ С.Баяргүй сонгууль МАН-ын хувьд сүүлийн хэдэн жилд байгаагүй юм. С.Баяр унагаана гэснээ унагааж, гаргая гэснээ гаргадаг PR-чин.
Хамгийн сүүлд 2016 оны УИХ-ын сонгуульд С.Баяр намынхаа штабыг удирдсан байдаг. Нам нь УИХ-д 65 суудалтай болсон. С.Баяр дуртай улсдаа Элчингээр томилогдсон.
Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд тэрээр оролцох боломжгүй болсон юм. С.Баяр сонгуулиас яг нэг сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухай ярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан” гэж мэдэгдсэн.
Гэтэл хоёр хоногийн өмнө цацагдсан нэгэн бичлэгт С.Баяр нэр дэвшигчдээ заавар зөвлөгөө өгч байгаагаар гараад ирэв.
МАН-ын нэр дэвшигч М.Энхболд мэтгэлцээндээ бэлтгэж, мань С.Баяр ажлаа хийгээд сууж байгаа нь тэр ажээ.
Пүү паа, намын тухай бүү ярь, би чинь дипломат ажилтан болсон гээд байсан С.Баяр намынхаа ажилд орчихсон, орох орохдоо бүр өмнө хийж байсан сонгуулийн PR, стратегиа боловсруулсан шиг сууж байх ажээ. Маш нууцаар намынхаа сонгуулийг удирдаж, Тусгаар тогтнолын ордноос шөнө гарч, шөнө орж стратеги боловсруулж суугаа С.Баярын "...Энэ ганц л мэтгэлцээн хийж байгаа. Эцсийн шийдсэн мэхээ хийе дээ гэсэн бодолтойгоор ямар нэгэн байдлаар манай нэр дэвшигчийг хариулж байгаа үед нь хөндлөнгөөс орж ирж үймүүлэх, барьц алдуулах асуулт асуухгүй гэх баталгаа байхгүй байна. Хэд гурван асуулт байгаа шүү дээ, энэ асуултуудаа хариулж дуусгая. Манай нэр дэвшигчийг хариулж байх үед нь... Тийм ээ, одоо үндсэн гурван сэдэв.... Одоо бидний бэлдсэн сэдэв бололтой байна.
Энэ 60 тэрбумын асуултыг манай нэр дэвшигч хариулж байх үед нь Баттулгаас юм уу, Ганбаатараас эвгүй байдлаар мушгиж, "...Тэр асуултдаа хариулаач”, "...Тэрэндээ тодорхой юм хэлээч” гэдэг ч юмуу, эсвэл өчигдөр цацагдсан манай нэр дэвшигчийн цагаан сар тэмдэглэхдээ хамт ажиллаж байсан, ордон дээр ирсэн найз нөхдийгөө авчирсан, гэртээ бас нэг монгол ёсоор цугласан байдлыг ихээхэн мушгин гуйвуулж тэрэндээ хууль хүчний байгууллагын улсуудыг авчирч өмнөө сөгдүүлсэн гэдэг юм уу.... СЕХ-ны бие даасан байдлыг хангах ёстой хүн тэнд одоо очоод асуудал үүсгэнэ гэдэг ч юм уу. Энэ мэтийн асуудлууд байна” гэж ярьж байгаа нь бичлэгт үлджээ. Түүний үгийг МАН-ын дарга М.Энхболд тун чиг анхааралтай сонсож байгаа харагдав. Энэ ч яахав, бичлэг цацагдаад, олон нийт үзээд, дүгнээд дууссан эд.
Харин Монгол Улсаас Англид суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр энд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн PR хийчихсэн явааг юу гэж тайлбарлах вэ. С.Баяр бол Төрийн тусгай албан хаагч болчихсон. Ийм ажилд оролцох нь хуулиар хориотой. Тийм болохоор ингэж хууль зөрчсөнийхөө хариуцлагыг тэр хүлээх ёстой.
Ер нь эндээс үзэхэд С.Баяр сайд дээрх бичлэгт УИХ-ын гишүүн нэгэн эмэгтэйн хэлсэнчлэн "...Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч ярихад яадаг юм” гэж үздэг хүн бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин