Хувь хүний болон албан байгууллагын хариуцлага

 
 Хувь хүний болон албан байгууллагын хариуцлага

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон "Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Даатгуулагч, тэтгэвэр авагчдаа нэн тэргүүнд тавьж ажилладаг байгууллагын зорилтын талаарх Япон улсын жишээг танилцуулъя. Тэтгэвэр олголт хариуцсан байцаагч "А” тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээн авч, бүрдүүлсэн материал дээр үндэслэн тэтгэврийн мөнгийг зөв тооцож тогтоосон. Гэтэл хоёр жилийн дараа "А”-ын алдаанаас болж тэтгэврийг багаар тогтоосон нь илэрэв. Тиймээс дахин тооцож залруулсан байна. Харин байцаагч "Б” тэтгэврийн хэмжээг бууруулж тогтоон зөрүү мөнгийг хувьдаа завшчээ. Энэ хоёр жилийн дараа дотоод аудитаар нь илэрч, залруулсан аж.

Энэ хоёр жишээг дурдсаны учир нь тэтгэвэр тогтоолгогч болон байгууллагын хувьд "А” болон "Б” аль аль нь алдаа гаргасан. Ийм тохиолдолд Японд ямар хариуцлага тооцдог тухай тайлбарлая. Мэдээж тэтгэвэр авч буй иргэн хоёр жилийн хугацаанд  буруу тооцогдсон тэтгэврийн зөрүүг тухайн тэтгэврийн байгууллагаас бүрэн авна. Тиймээс хувь хүний алдаанаас үүдсэн асуудалд байгууллага хариуцлага хүлээнэ гэсэн үг. Харин санаатай алдаа гаргасан "Б”-г ажлаас халах бөгөөд хэрэв их хэмжээний хохирол учруулвал нөхөн төлөх ёстой. Гэхдээ энэ нь магадлал бага байдаг. А-ын хувьд дахин алдаа гаргахгүйн тулд өөр ажилтан адилхан алдаа гаргахаас сэргийлэн ажлын зааврыг нарийн бичиж тэмдэглэнэ. Мөн түүний ажиллах орчин нөхцөл алдаа гаргахад хүргэсэн эсэхийг шалгаж арга хэмжээ авна. Түүнээс гадна тэтгэвэр тогтоох болон олгохтой холбоотой сургалтад хамруулна. Ийнхүү "А” алдаа гаргасан шалтгааныг олж, зөвхөн тухайн ажилтанд хариуцлага тооцоод орхилгүй, байгууллагын хэмжээнд арга хэмжээ авдаг юм. Ер нь алдааг зөвхөн хувь хүнд тохоод өнгөрөх нь дараах сөрөг үр дагавартай. Хэрэв байгууллага алдаанаасаа суралцахгүй бол дахин давтсаар байх болно. Нөгөөтэйгүүр алдаа гаргасан хүн өөрийн буруу үйлдлийг нуун дарагдуулна. Учир нь бүх хариуцлагыг хувь хүнд үүрүүлснээр алдаа гаргасан ажилтан бусдад тохох, алдаагаа нуух зэрэг нь яваандаа маш том асуудалд хүргэж болзошгүй.

Тиймээс аливаа алдааг байгууллагын төвшинд шийдвэрлэх нь чухал байдаг. Японд ажилтан санаатайгаар алдаа гаргасан байлаа ч, байгууллагын асуудал хэмээн авч үздэг. Жишээлбэл, тэтгэвэр тогтоох ажлыг нэг биш хоёр хүнд хариуцуулах, тэдний хувийн амьдрал ямар байгааг хүн бүрээс асуух зэргээр судалгаа явуулна. Ингэснээр "Б” шиг алдаа гаргахгүй байхад байгууллага арга хэмжээ авах боломжтой юм.

Алдааг давтахгүйн тулд байгууллагын хэмжээнд, удридлага нь өөрөө үлгэр дууриал үзүүлж ажилласнаар даатгуулагч, тэтгэвэр авагчдын итгэлийг хүлээсэн байгууллага байж чадна.

Эх сурвалж: "Зууны мэдээ”  сонин


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen