БНХАУ маргаашнаас эхлэн зарим боомтоор нүүрс импортлохыг зогсооно

БНХАУ маргаашнаас эхлэн зарим боомтоор нүүрс импортлохыг зогсооно

БНХАУ-ын засгийн газраас долдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн зөвшөөрөлтэй жижиг боомтуудаар нүүрс импортлохыг зогсоох шийдвэр гаргаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү шийдвэр нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний засгийн газраас нүүрсний зах зээлд хатуу хяналт тавих алхам болж байгаа юм.

Нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятад улсын Төрийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан боомтуудаар нүүрсний импортыг үргэлжлүүлэн хүлээн авах гэнэ. Хятадын томоохон боомтуудын дийлэнх нь Төрийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байдаг харин жижиг боомтууд ихэнхдээ мужаасаа эсвэл орон нутгаас зөвшөөрөл авч ажилладаг аж.

Дээрх шийдвэр нь хэдий хэр хугацаанд үйлчлэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар болон Бээжин дэх төлөөлөгч уг мэдээлэлд ямар ч хариу өгөөгүй байна.

Өнгөрсөн жил засгийн газраас нүүрсний үнийг уул уурхайн компаниудыг дэмжихэд хангалттай өндөр, эрчим хүч үйлдвэрлэгчдийн хувьд өндөр биш тогтоохын тулд хэд хэдэн зохицуулалт хийсэнтэй холбоотойгоор  нүүрсний үнэ савлаж, тогтворгүй болсон билээ. Тэгвэл БНХАУ-ын засгийн газраас гаргаж буй энэхүү шийдвэр нь нүүрсний хэрэглээ болон үнийг зохицуулах алхам болж байгаа аж. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хороо өнгөрсөн сард түлшний болон коксжих нүүрсний импортод илүү хатуу, нарийн хяналт тавих талаар хэлэлцсэн болохыг Блүүмберг мэдээлжээ.

Дотоодын нүүрсний олборлолт зэргийг нь тооцож үзвэл Хятадын хувьд энэхүү шийдвэр нь маш бага нөлөө үзүүлэх ч Австрали, Индонези зэрэг нүүрс экспортлогчдын хувьд хүнд тусаж болзошгүй юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь нүүрсний импортын хувьд томоохон уналт болох гэнэ.

 Дэлхийн томоохон нүүрс олборлогч орон болох Хятадын хувьд нүүрсний импорт нь нүүрсний нийт хэрэглээнийх нь өчүүхэн хэсгийг л бүрдүүлдэг. БНХАУ өнгөрсөн жил 3.4 тэрбум тонн нүүрс олборлосон ба 255 сая тонн нүүрс импортоор авсан байна. Нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн жилээс эхлэн нэмэгдсэн ба энэ жилийн эхний таван сарын дотор бараг 30 хувиар өссөн гэнэ.

Хонконг дахь Jefferies Group LLC компанийн Ази тивийн газрын тос, байгалийн хийн компаниудын судалгааг хариуцсан дарга Лабан Ю, "Хятадын засгийн газрын шийдвэр нүүрсний үнэд богино хугацааны дарамт болох ч дотоодын олборлолт нь энэхүү хоосон зайг амархан нөхчихнө. Дотоодын хэрэглээнд энэхүү шийдвэр нь багахан хэмжээний л нөлөө үзүүлнэ. Учир нь Хятад улс уурхайнуудаа илүү нүүрс олборлохыг зөвшөөрснөөр дотоодын эрэлтээ дороо нөхчихнө.” хэмээн онцолжээ.

Австралийн Ньюкасл нүүрсний компанийн нүүрсний үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 42 хувиар өсчээ. Мягмар гарагийн байдлаар 1 тонн нүүрс 78.30 ам. доллар болсон байна.

Хятадын томоохон боомтуудын нэг Циньхуандаод нүүрсний үнэ өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор 1 тонн нь 85.19 ам. доллар болтлоо өсчээ. Тав болон зургаадугаар сард агаарын хэм нэмэгддэгтэй холбоотойгоор эйр кондишний хэрэглээ нэмэгддэг учраас эрчим хүч гаргахад шаардлагатай нүүрсний үнэ давхар нэмэгдэх хандлагатай байдаг байна.

Хятадын засгийн газрын шийдвэрээр Фужиан мужийн Кемен, Ниндэ, Донгву боомтууд, Хайнан мужийн Ледонг боомтоор нүүрс импортлохыг зогсоох төлөвтэй байгаа талаар Хятадын хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна. Эдгээр боомтуудаар нийтдээ 15 сая тонн нүүрс худалдан авдаг аж.

www.bloomberg.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen