Малчдын хотыг харлуулдаг “Хаан” банк
Хуучин Хөдөө аж ахуйн банкны суурин дээр "Хаан” хэмээн нэрээ өөрчилж үйл ажиллагаа явуулж эхэлсэн хамгийн өргөн сүлжээ бүхий банк бол өнөөдөр "Хаан” болчихоод байна. Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ сайтай гэх банкны тухай таагүй яриа газар авах боллоо. Харь эзэнтэй тус банк нь "Малчны зээл” хэмээх хүү өндөртэй зээл олгодог байна. 500 толгой малтай айл өрхөд 250 малаар тооцож хоёр сая 500 мянган төгрөгийн зээл олгодог аж. Өөрөөр хэлбэл малынх нь 50 хувьд эрсдлээ тооцож зээл олгохдоо малын тоо толгойг ердөө 100-хан мянган төгрөгөөр үнэлдэг бололтой. Харин байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн малчин хотоо харлуулах нь энүүхэнд. Үүнээс үүдсэн маргаан ч банк, шүүхээр тасардаггүй гэнэ. Энэ нь ч зүй ёсны зүйл биз.
Хамгийн гол нь гадаад эзэнтэй "Хаан” банк маань өр зээлээ төлж чадахгйүд хүрсэн малчдын малыг хураан авдаг байна. Нэгэнт малчин малаа тавиад зээл авсан, зээл аваад төлж чадаагүй учраас барьцаалсан зүйлээрээ төлөхөөс өөр гарцгүй. Энэ бол дүрэм журамдаа ч заасан байгаа. Хамгийн гол нь гадаад эзэнтэй энэ банкаар үйлчлүүлж хотоо харлуулсан малчид цөөнгүй байгаа учраас "ядахад Монгол эзэнтэй банкинд малаа хураалгамаар байна” хэмээсэн юм.
Ерөөсөө малчдын малыг маш хямд үнэлэн барьцаалж зээл авсны дараа малыг нь үнэлсэн өртгөөрөө авч, хотыг нь харлуулж байгаа нь монголчуудын хувьд эмзэглэл болоод буй. Малчны зээлийг "Хаан” банкнаас өөр банкинд буюу Монгол эзэнтэй банкинд хэрэгжүүлвэл малчид тэднээр үйлчлүүлэх сонирхолтой байгаа аж. Яагаад гэхээр олон малчдын хотыг нь харлуулсан "Хаан” банкаар ахин үйлчлүүлэхгүй гэсэн Монгол сэтгэлтэй хүмүүс цөөнгүй болжээ. Түүгээр ч зогсохгүй монголчуудын ганц буян болох малыг барьцаалдаг, зэлээ төлөхгүйд хүрвэл хураан авдаг банкаар үйлчлүүлэхгүй гэсэн сүсэгтэй хүмүүсийн тоо ч нэмэгдэж, тус банкин дахь дансаа хаалгасан тохиолдол бий. Монголчууд бид сүсэг бишрэлтэй ард түмэн. Малчдынхаа хотыг харлуулж орхидог банкинд ихээхэн сүжиг муутай болсныг хаа хаанаа анзааран харж болно.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хамгийн олон малтай хүн бол "Хаан” банкны гадаад эзэн гэсэн мэдээлэл гарч байв. Хэдэн зуун мянгаар тоологдох малтай харийн эзэнд "Монгол Улсын Сайн малчин” цол олгож, улмаар "Хөдөлмөрийн баатар” цол олгоё гэсэн санааг хэдэн жилийн өмнө хэвлэлийнхэн дэлгэж байсан юм.
А.Дорж
Шуурхай.мн