Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил эхэллээ
Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой боловч жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол нэмэгдэж хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан мэдээлсэн. Тухайлбал өнгөрсөн 2016 онд зам тээврийн ослын улмаас 485 хүн нас барсны 72.5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолдсон байна.
Албаны мэдээллээр Улаанбаатар Дарханы чиглэлд илүү их осол аваар гардаг аж. Тиймээс Зам тээврийн хөгжлийн яамнаас уг чиглэлийн хоёр урсгалтай замыг дөрвөн урсгалтай болгож, цемент бетонон болгох тухай хэлж байсан. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучиллттай автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэллээ.
Тус замыг нэгдүгээр зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн, чанартайгаар барьж байгуулах аж. Мөн "Хар цэг” буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийн сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.
Г.Тэгшсүрэн