Д.Ганбат: Улаанбаатар-Дарханы замд осол аваар илүү бүртгэгддэг гэсэн судалгаа гарсан байна
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэвлэлийнхэнд тайлбар өгсөн юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай замууд ашиглалтад орсноор цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж байгаа.
Гэвч хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах соёл алдагсанаас болж хүний амь нас хохирох явдал гарсаар байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замд амралтын өдрүүдээр осол аваар илүү бүртгэгддэг гэсэн судалгаа гарсан байна.
Зам, тээврийн хөгжлийн яам энэ чиглэлийн замыг хавраас эхлэн дөрвөн урсгалтай, цемент бетонон хучилттай болгож, шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Нөгөө талаас манай улсын нийт тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь баруун талдаа хүрдтэй байна. Бид энэхүү үзүүлэлтийг багасгах бодлого баримталж ажиллана” гэв.