С.Эрдэнийг намын даргаар жинхэлсэн ч генсекээ булаацалдаж эхэлсэн бололтой

 

С.Эрдэнийг намын даргаар жинхэлсэн ч генсекээ булаацалдаж эхэлсэн бололтой

 

Ардчилсан намын VI дугаар их хурал өчигдөр болж өндөрлөв. Их хурлын зорилго нь шинээр сонгогдсон намын даргыг батламжилж тамга тэмдэгийг нь гардуулахаас гадна зарим томилгоонуудыг хийхээр төлөвлөж байсан. Намын даргаа батламжилж, анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болголоо. Ингэснээр өмнөх Үндэсний зөвлөлдөх хороо Үндэсний бодлогын хороо болж нэрээ өөрчлөн, 380 төлөөлөгчтэй байх юм.

 

Харин өчигдрийн хурлаар олон нийтийн анхаарлыг татаж байсан намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг хэн нэгэнд өгч чадсангүй. Хурал эхлэхийн өмнө шинээр сонгогдсон намын дарга С.Эрдэнэ "өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог хийнэ" гэж хэвлэлд мэдэгдэж байсан ч харамсалтай нь чадсангүй. Фракцгүй нам болох ахлам тавигдлаа гэгдэж байсан тэдний яриаг генсекээ тавьж чадаагүй нь үгүй хийж орхилоо гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм.

 

Мөн дээрээс нь нэмэгдэж өчигдрийн их хурлыг намын хурал гэхээс илүүтэй Шонхор талыг баримтлагчдын болон шинэ сандал суудал горилогчдын хурал гэж сошиал ертөнцөд бичиж байв. З.Энхболд намын дарга хүлээлгэж өгсөн ч шууд бус утгаараа намын эрх мэдлийн тойрогт байсаар байх болно. Учир нь өчигдөр шинээр томилогдсон намын дарга С.Эрдэнэ бол Шонхор фракцын төлөөлөл. Өнгөрсөн сонгуулиар түүнийг хамгийн их дэмжиж ажилласан эрхэм бол З.Энхболд юм. Тэрбээр Шонхор фракцын чиглүүлэгч бөгөөд С.Эрдэнэ бол тус фракцын салшгүй нэг ойлголт билээ. Харин сүүлийн өдрүүдэд намын даргын эрх мэдлээ солилцох мөчдөө өөр өөрийн хүнээ генсек болгохоор зүтгүүлж эхэлсэн гэнэ.

 

Намын дарга С.Эрдэнэ Ц.Туваан, З.Энхболд Г.Байгалмааг зүтгүүлж байгаа бол намынхаа удирдлагуудтай хамтарч ажиллана хэмээн мэдэгдсэн Ж.Батзандан О.Магнайг генсект нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл намын дотоод уур амьсгал мөн л УИХ-ын сонгуулийн өмнөх шинэ эрх мэдлийн төлөө талцан хуваагдаж эхэлжээ. Гэвч учир мэдэх хүмүүсийн ярьж байгаар намын даргын эрх мэдлийн хүрээнд Ц.Туваанд илүү боломж байгаа ажээ. Мөн үүнээс гадна ҮЗХ-г өөрчлөн байгуулж, нэрийг нь сольж байгаа нь Н.Алтанхуягийн Алтангадас тэргүүтэй бусад фракцуудын эрх мэдлийг хязгаарлах гэсэн алхам болж өнгөрлөө. Өнгөрсөн жилүүдэд Алтангадас фракцынхан олонх болж эрх мэдлийн төвийг атгаж ирсэн. Харин ирэх жилүүдэд З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй Шонхор фракцынхан АН-ын эрх мэдлийн жолоог атгаж өөрсдийн багаа бүрдүүлэх боломж бололцоо нь бүрдлээ.

 

Үүнийг ч нотлох мэтээр АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга, Х.Тэмүүжин, Д.Дорилгожав гэх тэргүүтэй лидерүүд нь ирсэнгүй. Энэ нь нөгөө талаараа шинэ даргыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл гэлтэй. Тиймээс С.Эрдэнэ даргад одоо гурван том ажлыг нэн түрүүнд хийх хэрэгтэй боллоо. Нэгдүгээрт З.Энхболд болон намынхантай тохирч генсекээ томилох, хоёрдугаарт намынхандаа бүрэн хүлээн зөвшөөрөгдөх, гуравдугаарт эв нэгдлээ алдаж "шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг" болсон намын дотоод уур амьсгалаа өөрчлөх юм.

 

 

Б.Анир

http://www.zaluu.com/read/g575d464


 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen