С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг маргааш шийдэгдэж, Г.Шийлэгдамбын авилгын асуудал "УДААШРАХ" уу?

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг маргааш шийдэгдэж, Г.Шийлэгдамбын авилгын асуудал "УДААШРАХ" уу?

 

Төрийн өндөр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бусдаас авлига, хээл хахууль авсан, улсад болон бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж, олонх нь шүүхээр шийдэгдсэн ч давж заалдах нэрээр цаг хожиж, улмаар тэгсхийгээд намжсан цөөнгүй хэрэг байдаг. 

 

Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр өнгөрсөн 18 жилийн турш илрүүлж чадаагүй С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шүүж, ял ногдуулсан ч гэм буруутнууд хэмээгдэж буй хүмүүс давж заалдсанаар өдгөө шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй л байна. Энэ мэт шүүхээр шийдвэр нь гарсан ч давж заалдах нэрээр гацаад буй дуулиант хэргүүд хэрхэж буй талаар тоймлон хүргэе.

 

Б.БУЛГАН ДЭЭД ШҮҮХИЙН ХУРАЛД ОРОЛЦОХ БОЛОВ УУ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүх хэлэлцэх хурал зургадугаар сарын 16 буюу маргааш 09.00 цагт эхэлнэ. Эргэн сануулахад, С.Зориг агсны амь насыг хохироосон Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нарт 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр таван өдөр хаалттай хуралдсаны эцэст шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Гэвч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

 

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг 24-25 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ. Тэдэнд шүүхээс "Шүүгдэгч Б.Содномдаржааг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан гэм буруутайд, шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд, тэднийг тус бүрт нь онц аюултай гэмт хэрэгтэнд, шүүгдэгч Т.Чимгээг бусадтай бүлэглэж, шунхайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан гэм буруутайд тус тус тооцсугай” хэмээн Ц.Амгаланбаагарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн ял шийтгэл ногдуулсан билээ.

 

Гэвч энэхүү шийдвэрийг Монголын хууль, шүүхийнхэн үнэн зөв шивдэж, жинхэнэ алуурчдыг олсон эсэхэд олон нийт эргэлзсээр байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй зарим хүн тэдэнд хамаарах хэргийг "Зохиомол, энэ хэргийг хаахын тулд энэ хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа. Тодорхой баримтууд нь надад байна” хэмээн удаа дараа ярьж байсан ч сүүлийн хоёр cap гаруй хугацаанд энэ талаар дахиж цухуйлгасангүй., Түүнчлэн ял сонсоод буй иргэдийн ар гэрийнхэн ч шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж, С.Зориг агсныг амиа аддах үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хаана, юу хийж байсныг нотлон ярьцгаадаг.

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн ял сонсоод буй дээрх гурван иргэн өдгеө хорих ангиуддаа ял эдэлж буй. Дээд шүүхийн хуралд шүүгдэгчдийг биеэр байх шаардлагагүй гэж үздэг бөгөөд энэ талаар холбогдох албаныхан "Дээд шүүхийн хурал нь хэргийг хянан хэлэлцэх хурал. Энэ хуралд яллагдагч нар байлцах шаардлагагүй. Харин ялтнууд болон ар гэрийнхэн нь Дээд шүүхийн хуралд биеэр оролцох хүсэлт гаргавал оролцох боломжтой" гэсэн юм. Гэсэн ч эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш болох хуралд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн, өмгөөлөгч нар нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн аж. Мөн тэд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг шүүх хуралд биеэр оролцуулахыг хүссэн байна. Гэсэн ч Б.Булган нөхрийнх нь амь насыг хөнөөсөн эсэх нь олны дунд бүрхэг хэвээр байгаа энэ хэргийг шүүх эцсийн шатны хуралд оролцох болов уу?

 

Үүнээс гадна уг хэргийн захиалагчийг ял сонсоод буй иргэдийн хэргээс тусгаарлан шалгах Ажлын хэсэг өнгөрсөн нэгдүгээр сард томилогдсон. Тэд өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан, хэргийн шалгалт ямар шатандаа яваа талаар өнөөг хүртэл нууцалсан хэвээр байна. Угтаа бол С.Зориг агсныг хөнөөхийг захиалсан этгээд хэн гэгч болохыг хууль, хяналтын байгууллагынхан тоггоосон учраас хэргийг нь тусгаарласан гэсэн үг. Гэвч өнөөг хүртэл захиалагчийн талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй, албаны эх сурвалжууд энэ талаар мэдээлэл өгөхөес татгалзсан хэвээр байгаа билээ. Зарим албаны эх сурвалж "Энэ хэрэгт захиалагч гэж байхгүй. Ахуйн хүрээний аллага байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ хэргийг ямар нэг аргаар хаах ёстой гэсэн даалгавар ирсэн гэж хуулийнхан ярихыг сонссон” гэж буй. Зарим нь "Энэ хэрэгт өнгөрсөн 19 жилийн турш чимээгүй байсан, бүр яллагдагчаар татагдаж, жил шахам хугацаанд хоригдож байсан С.Зориг агсны гэргий Б.Булган, мөн 1998 онд С.Зориг агсны гэрт малгайгаа мартсан, өнгөрсөн оны есдүгээр сард энэ хэрэгт яллагдагчаар татагдаад удалгүй яллагдагч биш болсон Э.Бат-Үүл нарыг захиалагч нь байх магадлал өндөр” хэмээж буй. Гэвч өдгөө тэдний хэргийг хэрэгсэхгүй болсон хэмээн хаагаад, хоёр шатны шүүх хуралд аль нь ч оролцоогүй билээ. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн маргаашийн хурлаар С.Зориг агсныг хөнөөхийг захиалсан эттээдийн талаар асуудал яригдах эсэх нь мөн л тодорхойгүй хэвээр байна.

 

АЛБАН ӨРӨӨНДӨӨ 500 САЯ ТӨГРӨГ "ХАДГАЛАХ” ГЭЖ БАЙСАН ГЭГДЭХ Г.ШИЙЛЭГДАМБА НАРЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ШҮҮНЭ

Өдгөөгөес хоёр жил гаруйн өмнө авлигын хэргээр олныг гайхшруулан, албан өрөөнөөсөө ТЕГ-ын алба хаагчдад баригдсан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Түүнээс өөр хэн нэг жирийн албан тушаалтан, төрийн албан хаагч ийм хэргээр хуулийнханд саатуулагдаж, гэмт буруутай нь тогтоогдсон бол аль хэдийнэ зохих ёсны шийтгэлээ аваад, ял эдэлж буй. Гэвч Г.Шийлэгдамба нар энэхүү хэргийг шалгах явцыг ийн "удаашруулж” чадаж буйн цаана улс төрийн нэр нөлөөгөе ашиглаж байгаа гэх хардлага олны дунд байгаа юм.

 

Тэрбээр ЭМ-ийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2015 оны арваннэгдүгээр сард албан өрөөндөө бусдаас 500 сая төгрөг авч байхдаа хуулийнханд саатуулагдсан юм. Түүнтэй хамт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарыг өнгөрсөн хугацаанд шалган, яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ. Тодруулбал, Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар буруутган ял төлөвлөөд байгаа юм. 268.2-т Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин Төрийн нарийн асан Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1- д зааснаар яллаж буй. 269.1-д албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртзл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2- т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан билээ.

 

Тэдэнд хамаарах хэргийг энэ сарын 12- нд шүүх хурлын тов гарсан ч 10 хоногоор хойшилсон юм. Тодруулбал, Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа хуралд ирэх боломжгүй тул шүүх хурлыг энэ сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

Г.ДЭНЗЭН ДАВЖ ЗААЛДСАН Ч НЭМЭР БОЛСОНГҮЙ

Өнгөрсөн дөрвөн жил гаруй хугацаан дахь улс төрийнхөнтэй холбоотой дуулианы нэг эзэн нь яах аргагүй ЗГХЭГ-ын дарга, "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн билээ. Албан тушаал, эрх мэдэл, танил талаа ашиглан улсаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр ял сонсоод буй Г.Дэнзэн нар анхан шатны шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсныг өнгөрсөн 13- нд хэлэлцлээ. Гэвч тус шүүхээс яллагдагчдад хамаарах хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тодруулбал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан тушаалаа урвуулан ашиглаж, "Эрдэнэс Тавантолгой" компаниас 17 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган Г.Дэнзэнд 3.6 жил, "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн ял ногдуулаад байгаа юм. Түүнчлэн бусад холбогдогчид тэнсэн харгалзах ял оноож, нийтэд нь 5.5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад байгаа юм.

 

ЦАГДАА ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС БОРЛУУЛДАГ БАЙСНЫГ ЗАРЛАВ

Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногт "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлтгэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болсон. Энэ үеэр нэгэн мэдээлэл олны чихэнд хүрсэн нь төрийн цагдаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, бусдад дамлан худалддаг, хадгалдаг байсныг дэлгэсэн явдал байв. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар "Бриллиант” шөнийн клубын орчмоос "41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн нэгэн этгээдийг баривчилсан байна. Хэргийн газрын үзлэгээр сэжигтнээс 0.5 грамм айс буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарч иржээ. Сэжигтнийг шалгахад, Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алба хаагч Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг диллер байсан аж. Тэрбээр хар тамхины хэрэглэгчдэд өөрийгөө цагдаа хэмээн сүрдүүлж, зарим тохиолдолд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл үнэгүй авч байсныг нь чуулганы үеэр танилцуулсан юм. Сэжигтэн Б баривчлагдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Хар тамхины хэрэглэгч төдийгүй зарим талаараа энэ бодист хамааралтай болсон байсан тул өөрийгөө татаж авахаар цагдаагийн албанд орсон. Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” гэсэн талаар ч мэдээлсэн билээ. Энэхүү хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.

 

ГААЛЬ, ТАТВАРЫН 36 БАЙЦААГЧ АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Монголын шүүхийн практикт төдийгүй авлига, хээл хахуулийн хэргийн илрүүлэлтэд ховорхон үзэгдлийн нэг болох гааль, татварын 36 байцаагч, албан хаагч нар ижил хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн, шүүхээс ял сонссон явдал энэ сарын 7-нд гарсан. Уг хэрэгт Замын-Үүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Б.Цэен, Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга Т.Мөнхчулуун, Замын-Үүдийн Хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг нарын 7-8 байцаагч анх холбогдсон байдаг. Улмаар хэргийг шалгах явцад байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан хэргээр уг хэрэг 36 эзэн холбогдогчтой болсон юм.

 

Хэргийн талаар тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнгөрсөн 2016 оны гуравдугаар сарын 30-нд Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж, хахууль авсан байцаагчдыг үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт холбогдсон байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй богино хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаа амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байсныг нь үйлдэл дээр нь илрүүлсэн гэсэн үг. Угтаа бол дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон юм. Тэдэнд хамаарах хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс энэ сарын 7 хүртэл үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргасан. Шүүхээс Замын-Үүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Б.Цэенд гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, 6.6 жил хорих, Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга Т.Мөнхчулуунд мөн адил гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6.6 жил хорих, гаалийн байцаагч И.Н-д гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж зургаан жил хорих, мөн гаалийн байцаагч М.Э-д нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5.1 жил хорих ял, гаалийн байцаагч Б.О-д гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жил хасаж, 6.6 жил хорих, гаалийн байцаагч Н.Б-д нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5.1 жил хорих ял ялаар тус тус шийтгэсэн байна. Түүнчлэн гаалийн байцаагч Д.Н-д гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг нэг жил хасаж, 2.6 жил хорих ял ногдуулж, уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзах, мөн 3.5, 3-7 жилийн хорих ял ногдуулсан 19 хүнд 1.6 жил хорих ял ногдуулж уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзах шийдвэр гаргасан байна. Мөн гаалийн байцаагч Б.Ө-д Эрүүгийн хуулийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүллснийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. 


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen