Монгол Улс Дампуурлын тухай хуулиа шинэчилнэ

 Монгол Улс Дампуурлын тухай хуулиа шинэчилнэ

Өнгөрсөн жилээс ОХУ-д хувь хүний дампуурлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. ОХУ-ын эрх баригчид эдийн засгийн хямралтай энэ үед ард түмнийхээ өрийн ачааллыг хөнгөлөх зорилгоор анх удаагаа хувь хүнд дампуурлаа зарлах боломж олгосон байна. Харин манай улсад төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Дампуурлын тухай хууль 1997 оноос хойш үйлчилж байна.Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбар хөгжихийн хэрээр уг хуулийн хэрэгжилт муу байгаа талаар аж ахуйн нэгж эрхлэгчид гомдол мэдүүлэх болжээ. Тиймээс Дампуурлын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатайг албаныхан хэлж байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гарсан ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж, хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэх, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэрэгжилтийн үр дагавар хэр байгаа талаар судалж байгаа аж.Дампуурлын тухай хуулийн эрх зүйн орчин сайн байх нь тухайн улс орны санхүүгийн хөдөлгөгч гол хүч болдог байна. Харин манай улсын хувьд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн эрх ашиг хангагдахгүй байх нөхцөл байдал үүсчээ. Уг нь Дампуурлын тухай хууль дан ганц нэхэмжлэгч биш, гурван талын ашиг сонирхлыг хамгаалсан байдаг аж.Тиймээс "Төлбөрийн чадваргүйд тооцох эрх зүйн орчинг сайжруулах нь” төслийн хүрээнд Дампуурлын тухай хуулийг шинэчлэх, энэ төрлийн хэргийг шийдвэрлэх шүүгч болон оролцогч талуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, банк, санхүүгийн байгууллагын зээл төлүүлэх, өр барагдуулах үйл ажиллагааг сайжруулах ажил хийх юм байна.


1997 оноос хэрэгжиж байгаа уг хуульд өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно хэмээн тусгасан байдаг. Түүнчлэн дампуурлын хэрэг үүсгэснээс хойш тав хоногийн дотор шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, 30 хоногийн дотор хариуцагчийг төлбөрийн чадвартай болох эсэхийг тогтоодог байна. Харин энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen