Аймгийн Шүүх, Прокурор болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа
Дорнод аймгийн Прокурорын газраас санаачилан Шүүх, Прокурор болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнийг аймгийн аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулж, аймгийн прокурор Т.Ууганбаатар удирдан явуулж, "Эрүүгийн хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан байна. Зөвлөгөөнд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний албаны нийт 45 албан хаагч, хуульчид оролцсон бөгөөд орлогч прокурор Б.Арсланбаатар прокурорын байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагааны зорилт, 2017 оны эхний 05 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын талаар, шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил хариуцсан туслах прокурор Ц.Цэрмаа эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар тус тус мэдээлэл, бусад байгууллагын удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл, зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх саналаа танилцуулж оролцсон байна. Зөвлөгөөнөөр аймгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрэх, цаашид хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулах замаар эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх талаар санал, шүүмжлэл өрнүүлэн, зөвлөгөөнөөс үндсэн 5 асуудлаар хамтарсан шийдвэр гарган, өдөр тутмын үйл ажиллагаандаа нэг мөр ойлгож, хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.