Х.Гэрэлмаа: Миний хүү Нямлхагвын үхлээр 90 саяын Гансүх шоу хийсэн

Х.Гэрэлмаа: Миний хүү Нямлхагвын үхлээр 90 саяын Гансүх шоу хийсэн

 

Тэртээ 1994 онд баг өмссөн хэсэг залуус Толгойтын Зүүнсалаанд Говь-Алтай аймгаас ноолуур, арьс шир ачиж хот орж ирсэн ГАЗ-53 маркийн машинтай ченжүүдэд буу тулган жолоочийг нь уурын зууханд хүлж орхиод хил даван зугтаасан хэрэг тухайн үед нийгэмд шуугиан тарьж байсан удаатай. Монголын цагдаагийн байгууллага тэр аяараа гэмт хэрэгтнүүдийн араас хөдлөв. Гэмт хэрэг үйлдсэн залуус Оросын хилийг яг тэр машинтайгаа давсан байдаг. Тэд цаашаа бүр Лужникийн зах руу орсон гэх бөгөөд Оросын тусгай хүчин Монголын цагдаа нар Лужникийн захыг бүслэн байж гэмт хэрэгтнүүдтэй буудалцан байж баривчилсан.  Орос Монголын хамтарсан хүчний байгууллагыг цочоосон гэмт хэрэгтнүүд бол 16-19 насны залуус болох  Г.Нямлхавга, М.Баянмөнх, Б.Гантулга, Т.Товуудорж нар байсан.

Халхын шоронгийн атаман гэгдэж байсан талийгаач Г.Нямлхагвын талаар үнэн худлаа нь тодорхойгүй яриа их байдаг  ч өдгөө тэр бүхэн  домог болон үлджээ. Тодруулбал, Г.Нямлхагва 2000-2001 оноос эхлэн бяр ухаанаар жинхэнэ халхын шоронг базаж удирдаж эхэлсэн гэдэг. Тэрбээр угаас бие хаа өндөр өсгөлүүн, шоронд хүчний дасгал хийж өөрийгөө хөгжүүлсэн байдаг. Тэр Монголын томоохон гэх бизнесмен, хөрөнгөтнүүд руу хоригдлуудын хийсэн бүтээлийг бэлэг хэлбэрээр илгээн татвар авдаг байсан гэх. Мөн хорих ангийн удирдлагууд хүчрэхээ байгаад дээрээс амийг нь хороолгох даалгавар өгсөн ч гэдэг. Бүр түүнийг хамууд нь 40 хэдэн удаа хутгалж амийг хохироож, бэлэг эрхтэнийг нь аманд зуулгаж, хоёр нүдийг нь алганд атгуулсан байсан гэх аймшигтай ч мэдээлэл гарч байсан. Гэхдээ үүнийг үнэн эсэхийг тухайн үед хэн ч нотлож батлаагүй бөгөөд амаас ам дамжсан "тэнэмэл” яриа явсаар ирсэн.

Тэгвэл талийгаач Г.Нямлхагвын ээж Х.Гэрэлмаатай хүүгийнх нь талаар ярилцахыг хүссэн ч тэрбээр ихэд цааргалсан юм. Гэхдээ "Миний хүүгийн талаар буруу зөрүү мэдээлэл их гарсандаа. Үүнд нь тайлбар хийхийг хүсдэг. Хамгийн муухай нь миний хүүгийн үхлээр "90 саяын” Гансүх гэгч шоудаж худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасанд эх хүний хувьд их эмзэглэж гомдолтой явдаг. Үүнд л зөв мэдээлэл өгөх үүднээс ярилцлага өгч болно” хэмээн зөвшөөрсөн юм.

Ингээд Бөөгийн холбооны тэргүүн удган, зурхай судлаач Х.Гэрэлмаа эгчтэй ярилцлаа.

-Сайн байна уу та, сайхан зусч байна уу?

-Сайн, сайн байна уу.

- Ярилцлага хийхийг минь зөвшөөрсөнд баярлалаа. Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Хүүгээ өнгөрснөөс хойш бие минь их өвдсөн. Ингээд уг гээчийг авч удган болоод удаж байна даа. Хүмүүсийн сайн сайхны тусын тулд их зүйл хийхийг хичээж зорьж явна. Хүнд ярих судлах зүйл их байдаг юм байна. Одон орон, гүн ухаан судаллаа. Одоо бол бөө судлаач ажлыг хийж байна. Мөн би мод их үрсэлдэг хүн. Үрсэлсэн модоо хүмүүст бэлэглэх их дуртай. Нутаг ус, уул усаа баясгаж мод таръя гэж бодож байвал надтай холбогдож болно шүү дээ. Хүн ч, мод ч байгалийн ургамал шүү дээ.

- Халхын шоронгийн атаман Нямлхагва гэхээр хүмүүс анддаггүй юм билээ. Таны хүүгийн талаар одоо ч үнэн худлаа нь мэдэгдэхгүй янз бүрээр яригдаж бичигдээд байдаг. Хүүгийнхээ талаар ярихаар эмзэглэхгүй биз дээ?

-Нэгэнт өнгөрсөн баларсан зүйлийн тухай ярих шаардлага байна уу даа. Хүү минь өнгөрөөд олон жил болж. Гэхдээ эгч нь хүүгийн минь тухай гарсан худал ташаа мэдээлэлд няцаалт хийе гэж бодсон юм. Ялангуяа 90 саяын Гансүх гэгч залуугийн ярьсан бүхэн худлаа юм шүү гэдгийг л тодотгож хэлье дээ.

-Таны хүү багадаа ер нь ямаршуухан зан ааштай хүүхэд байсан бэ?

-Миний хүү багадаа эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд. Эмээ нь зургадугаар ангид  байхад нь өөд болсон. Жаахан эрх танхидуу талдаа. Ер нь бол их зоригтой шийдэмгий, цагаан цайлган сэтгэлтэй, найз нөхөд олонтой, омголон түргэн зантай хүүхэд байсан. Хүний өмнөөс хариуцлага хүлээх дуртай. Найз нөхдийнхөө дунд хариуцлага хүлээгээд явдаг. Жишээлбэл, нэг найз нь хүүхэд зодож байх юм бол түүнийг дуудаж авчраад "Наад хүүхдээ зодож болохгүй, харин ч өөд нь татаж гоё сайхан хувцаслаж авч яв. Хэрвээ муухай явуулах юм бол чи хариуцлагыг нь хүлээнэ шүү” гэж үүрэг даалгавар өгч, бусдыгаа удирдах чадвартай хүүхэд байсан. Ийм хариуцлагатай удирдагч занг нь цааш хөгжүүлж чадаагүй л дээ. Тэр үе зах зээлийн ороо бусгаа дарамттай  цаг үе байсан. Дээр нь миний бие их өвдсөн үе таарсан учраас хүүдээ анхаарал халамж тавьж чадаагүй гэж хэлж болно. Энэ үед л миний хүү буруу гарын хүмүүстэй нийлээд буруу замаар явсан. Тухайн үед манай ойр тойронд амьдарч байсан үл бүтэх хүмүүстэй нийлж яваад алдаа гаргасан даа.

-Яг яаж яваад ямар хэрэгт холбогдсон талаар та тодорхой ярьж болох уу?

-Хэргийнх нь талаар яриад ч яах юм бэ. Ямар гавьяа байгуулсан бишдээ тэрийг нэг их сайрхаж ярих шаардлага байхгүй.

-Авдрантын хорих ангид яг хэдэн жил хоригдсон билээ. Хэсэг бүлэг найзтайгаа нийлж хил давж дээрмийн хэрэг хийх үед яг хэдэн настай байсан бэ?

-Миний хүү анх хэрэг төвөгт орооцолдох үедээ 16 настай л байсан болов уу. Хориход 7 жил хоригдоод хамт хоригдож байсан ялтнуудынхаа гарт амиа алдсан. Хэрэг хийснийхээ төлөө олон жилийн хорих ял авсан. Тухайн үед хүн буудаж амийг нь хохироож танхайрсан Бэгзсүрэн гэгч бөх хэдэн жилийн ял авсныг мэддэггүй юм. Гэтэл миний хүү улсад нэг сая 600 мянган төгрөгийн хохирол учруулсныхаа төлөө 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Яахав, үйлдсэн хэрэг нь олон байсан байх. Оросын наймаачидтай нийлж дээрэм хийсэн хэрэг нь тухайн үед нийгэмд шуугиан тарьснаараа нэр ус нь нэлээдгүй тарж түгсэн байх. Түүнээс алддаггүй хүн гэж хаана байх билээ дээ. 

-Шүүхээр хэрэг нь таслагдаад шоронд орохдоо ээждээ юу гэж хэлж байв?

-Миний хүү хүн алж хүрээ талаагүй шүү дээ. Ээждээ "Авдрантын чангад 107 хүн ял эдэлж байна. Хүн амины хэрэгтэй 105 ялтан байдаг юм. Харин хүн алаагүй хоёр хоригдол байгаагийн нэг нь би, нөгөөдөх нь миний хам хэрэгтэн байгаа” гэж ярьж байсан. Тэгэхээр хүүг минь шууд тэр хүн амины хэрэгтнүүдтэй хамт хорьчихсон гэсэн үг. Ийм хүмүүсийн дунд өөрийн орон зайгаа олно, бусдад дээрэлхүүлэхгүй, амиа авч явна гэдэг хэцүү нь тодорхой шүү дээ. Одоо тэр хам хэрэгтэн залуу нь хорихоос гарчихсан ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдарч явна. Тухайн үед нийгэм хүнээ ойшоодоггүй байсан хатуу цаг үе. Хүн амьдрахын тулд хоолоо олж идэхийн тулд хөдөлж хөдөлмөрлөнө, тэгэхдээ л буруу замаар хөдөлсөн байхыг үгүйсгэхгүй юм даа.

-Эх хүний хувьд мэдээж хүүгийнхээ хийсэн алдааг уучилж, өмөөрнө. Гэхдээ таны хүү шоронгийн атаман  байсан хэмээн энэ  домог мэт яригдаж, тухайн үеийн шар хэвлэлүүдэд их онцолж бичсэн юмуу даа?

-Шоронгийнхон л домог болгож ярьдаг байх. Би тухайн үед өвдөж хавдаагүй, цаг үе арай өөр байсан бол, бидний амь амьдрал янз бүр болоогүй бол миний хүү буруу замаар явахгүй байсан. Хүнд хоёр зам бий. Нэг нь буруу замаар өсөх, нөгөө нь зөв замаар өгсөхийг нь бурхан хүлээж байдаг гэсэн. Миний хүү арай л нэг боломгүй замыг нь сонгочихсон юмуу даа гэж одоо ч боддог. 

-"90 саяын” Гансүх таны хүүгийн талаар янз бүрийн зүйл ярьж, олон нийтийн сүлжээгээр цацсан. Та үүнд их эмзэглэж яваа гэсэн?

-Миний ярилцлага өгөх гол зорилго бол "90 саяын” Гансүх гэгч залуу миний хүүгийн талаар худлаа ярьсныг няцаах гэсэн юм. Миний хүүгийн эд эрхтэнийг тасдаж аманд нь зуулгаад, нүдийг нь авсан байсан мэтээр анх худлаа мэдээлэл цацаж тараасан хүн нь тэр. Амийг нь бүрэлгээд хоёр нүдийг нь ухаж гарт нь бариулаад, эд эрхтэнийг тасдаж аманд зуулгасан байсан гэдэг бол огт худлаа юм шүү. Би шарилыг нь хүлээж авч хойтох буяныг нь хийсэн эх хүний хувьд үүнийг хатуу хэлж байна. Дээр нь Мөнхбаясгаланг ийм муухай хүнтэй үерхэж найзлаж байсан мэтээр ярьсанд харамсаж байна. Бүр тодруулбал, Мөнхбаясгалан шоронд очиж, Нямлхагвад байнга зодуулж балбуулдаг байсан мэтээр эрээ цээргүй ярьсанд эх хүний хувьд эмзэглэж хүлээж авсан. Яагаад гэвэл миний хүү эмэгтэй хүнийг зодох хүн биш. Эмэгтэй дүү нартаа ч ширүүн хандаж үзээгүй. Нөгөөтэйгүүр залуу хүмүүс хоорондоо ажил төрлийн холбоотой байсан байж магадгүй, яг ямар холбоотой байсныг би мэдэхгүй юм. Гэхдээ нарсанд байгаа хүн нарны хүнтэй уулзах нь тэр хүнд нар гарсантай л адил сайхан санагдаж байсан нь тодорхой шүү дээ. Харин ч би Мөнхбаясгаланд баярлаж явдаг.

-Та ер нь одоо Мөнхбаясгалантай холбоотой байдаг уу. Түүний том хүүхдийг таны хүүгийн хүүхэд гэсэн яриа ч гарч байсан?

-Баярлаж явах учиртай. Яагаад гэвэл энэ хүн олон нийттэй уулзаж явах эрхтэй хүн. Мэргэжил нь ч ийм. Миний хүү ч гэсэн хэчнээн эрхээ хязгаарлуулсан ч гэсэн хүн гэдэг үүднээсээ хэн хүнтэй уулзах эрхтэй байсан. Мөнхбаясгалан хувиараа ч очсон бай, хувьсгалын ажлаар ч очдог бай миний хүүгийн нар нь гардаг байсан нь үнэн. Дараа нь зайлуул, ажил явдлынх нь үеэр ирээд уйлж унжиж байгаад явсан даа. Миний хүүгийн талаарх ярилцлага, мэдээ мэдээллийг их цуглуулсан байдаг гэдгээ хэлж байсан. Одоо бол ямар ч холбоо байхгүй ээ. Хүүхдийн тухайд Мөнхбаясгалангаас өөрөөс нь асуу.

-Хорих ангид гурван удаа гэрлэж байсан гэдэг. Үр хүүхэд нь байдаг байлгүй дээ?

-Мэдэхгүй ээ, эгчид нь мэдэх юм үнэндээ алга.  

-Та Авдрантын хорих ангиас хүүгийнхээ цогцсыг хүлээж авч байсан гэсэн. Үнэхээр Гансүхийн яриад байгаа шиг тийм зүйл болоогүй байсан гэж үү?

-2001 оны аравдугаар сарын 26-нд хүү тань өнгөрчихлөө гэсэн мэдээ аваад би хүргэнтэйгээ, охинтойгоо, худтайгаа Авдрантын хорих анги руу шөнө явсан. Тэгэхэд хорих ангиас хүүгийн цогцсыг мишоконд хийгээд Фургонд ачсан, урд нь 69 машинтай явж биднийг угтсан. Тэгээд бид цогцсыг хүлээж аваад Зайсангийн хорих ангид авчирсан. Маргааш нь манай хүргэн авдаг ёсоор нь хүлээж аваад гэрийнхээ баруун талд засаад, ажил явдлыг өнгөрүүлсэн. Ажил явдлын үеэр хүүгээ харсан, хоёр нүд нь хоёулаа байсан, эд эрхтэн нь бүтэн байсан. Миний хүүг манцуйлж өлгийдөөд хоёр нагац нь хүний ёсоор л Нарангийн энгэрт хөдөөлүүлсэн. Дахин хэлье, хүүгийн минь эд эрхтэн бүтэн байсан шүү. Гансүх магадгүй андуурсан уу, эсвэл янз бүрийн зүүд зүүдэлснээ бодит мэт ярьж олон нийтийн сүлжээгээр цацсан байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр хүчний байгууллагыг муухай доромжилсон. Тиймээс тэр хүний гаргасан мэдээлэл болгоны тоогоор би мөнгө нэхэмжилнэ. Мөнгийг нь асрамжийн газрын хүүхдүүдийн данс руу шууд шилжүүлнэ гэж бодож байгаа. Миний хүүг муухай гүтгэсэн дээ. Нөгөөтэйгүүр Мөнхбаясгалангийн нэр хүндийг гутаах зорилготой ийм зүйл ярьсан байх даа.

-Харин тийм. Хүүг тань хамууддаа алуулах үед хорихын харгалзагч нар хараагүй,  хараа хяналт сул байсан мэтээр ярьсан байдаг?

-Тэр бол үнэн. Тухайн үед хяналт ёсзүйн хороо алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Харуул хамгаалалт байхгүй болсноос бусдыг санаатай алсан мэтээр ярьсан. Үнэндээ бол нэгнийгээ мал шиг төхөөрөөд алчихсан байхад хорихын харуул хамгаалалт мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Энэ үед Гансүх яг хажууд нь байсан юмуу, байгаагүй шүү дээ. Миний хүү Гансүхийг танихгүй ч үгүй байсан. Гэхдээ хорих ангийн ёсзүйн алдаа байсан.  Хүүтэй минь хамт хоригдсон хүмүүс өнөөдөр гараад ирчихсэн, амьдрал ахуйгаа төвхнүүлээд сайхан явж байна. Миний хүү амьд гарч ирэх боломж байсан шүү дээ. 

-Олон удаа хутгалуулж алуулах үедээ "Одоо болно оо хамуудаа, тэртээ тэргүй амь тавилаа шүү дээ” гэж инээгээд хэлсэн гэдэг нь үнэн үү. Шүүх хурлын үеэр амийг нь хохироосон хоёр залуу юу гэж мэдүүлсэн бэ?

-Би хүүгийнхээ 15 хавтаст хэргийг уншсан. Гэдэс гүзээг нь 40 удаа сэглэж хутгалсан нь үнэн. Гэхдээ "хамуудаа одоо болно” гэж хэлээгүй гэдэг. Зүрхнээс нь дээш олиж хутгалсан нь аминд нь хүрсэн. Бусад нь бол аминд хүрээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Миний хүүг алсан гэх Батаа нь цаазын ял авсан. Гэхдээ ёсыг гүйцэтгэлээ гэсэн бичиг надад ирэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ирээгүй. Уг нь бол ялын тогтоолыг надад үзүүлэх ёстой биз дээ. Үнэндээ зургаан удаа шүүх хурал хийж байсан. Сүүлд нь  Батаа"Би алаагүй” гэж цагаадсан. Гэтэл тэр хүний барьж орсон хутга л аминд нь хүрсэн юм билээ. Шүүх хурлын бүрэлдэхүүн янз бүрийн зүйл дээр эргэж буцаад байдаг юм шиг санагдсан. Харин Дээд шүүх ял нь хөнгөдсөн гээд цаазын ял өгсөн. Нэг залууг нь Баянмөнх гэдэг бөгөөд түүнд холбогдох шүүх  7 сарын 21-нд болсон. Шүүх хурлын үеэр "Сайхан хүүг тань алчихсан шүү, уучлаарай” гэж хэлсэн. Нөгөөх нь надаас бүр уучлалт ч гуйгаагүй. Дараа нь дахин шүүх хурал болох өдрийн өмнөх өдөр нь Баянмөнхийг орных нь дэвсгэр даавуугаар хоолойг нь боомилж амийг нь хохироосон байдаг. Өөрөө өөрийгөө боомилж амиа егүүтгэнэ гэж байхгүй шүү дээ. Бас нэг зүйлийг хардаад байгаа. Батаад холбогдох хэргийг шүүх цагаатгасан. Тэгэхээр түүнийг шүүхэд нөлөөлсөн байх гэж боддог.

-Батаа гэж залуу таныг аллага зохион байгуулсан гэж хууль хүчний байгууллагад хэлсэн гэдэг билүү?

-Харин тийм бүр нэг хачирхалтай зүйл болсон шүү дээ. Шүүх хурлын үеэр Батаа "Энэ Гэрэлмаа гэгч эмэгтэй айхтар хүн. 7 сарын 25-ны өдөр Ганцхудаг дээр очиж аллага зохион байгуулсан. Энэ хүн Баянмөнхийг паарнаас боож алуулсан гэж шүүх хурал дээр хэлсэн. Би Ганцхудаг руу юу гэж явах уу, дээр нь намайг юу гэлээ гэж нэвтрүүлж хүн алуулах вий дээ. Намайг бол шууд гүтгэсэн. Түүний хэлсэн ярьсан худлаа мэдээллээс болсон уу, ямартаа ч шүүх бүрэлдэхүүн надад их онцгүй хүйтэн хөндий харьцаж байгаа нь илт мэдэгдсэн. Тухайн үед үнэхээр хэцүү байсан. Сайхан хүүгээ хамт хоригдож байсан хүмүүст нь алуулчихаад, шүүх хурал дээр өөрөө гүтгүүлнэ гэдэг хэцүү юм билээ. Шүүх бүрэлдэхүүн Батаагийн талд шийдвэр гаргасан гэдгийг би эх хүнийхээ хувиар тухайн үед мэдэрсэн дээ.

-Г.Нямлхагва хориход байхад төрийн томчуудыг атгадаг байсан, наймаагаар дарамталж мөнгө төгрөг авдаг байсан. Сүүлдээ бүр хүчрэгдэхээ  байгаад дээрээс алуулах захиалга өгсөн гэдэг. Энэ талаар танд мэдэх зүйл байна уу?

-Тэрийг бол би мэдэхгүй. Төр захиргааны зарим томоохон албан тушаалтнуудтай холбоотой байсан, шоронгоос удирдаж байсан гэж ярьж бичдэг юм билээ. Мэдсэн байлаа ч би хэлэхгүй. Яагаад гэвэл нэгэнт өөд болсон хүний талаар одоо ярьж бичээд байх шаардлага байхгүй болов уу.

-Амиа алдсаны дараа хүүгийн тань хүрэмний халааснаас их хэмжээний мөнгө гарч ирсэн. Нямлхагва ганцаараа хорих ангид тансаг амьдардаг байсан мэтээр ярьж бас л их цуурч шуугиж бичсэн дээ?

-Тийм мөнгө гарч ирээгүй. Өөрийнх нь хэрэглэж байсан эд хэрэглэлийг надад хүлээлгэж өгсөн. Тансаг амьдардаг байсан тухайд гэвэл мэдэхгүй. Би тэр болгон эргэж очиж чаддаггүй байсан. Хааяа нэг очихдоо хүүдээ чихэр, шоколад л авч очно. Тэр үед би ажил төрөлгүй, мөнгө төгрөг ховор байсан үе. Эргээд очихоор "Ээж минь сайн байж байгаарай, өөр хүсэх зүйл алга” гэж ярьдаг байсан. Хүү минь өөрийнхөө ухаанаар л өөрийнхөө тэндэх амьдралыг болгоод явсан байх.

Манай хүүхэд ганцхан шоронгийн хоригдол бишээ. Сайн муу үйлээсээ шалтгаалж, дээдэс доодсгүй шорон оронд орж л байдаг. Шоронд орсон хүн бүр муу байна гэж байхгүй ээ. Үгүй яах вэ дээ, эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз. Дээр үед том мундаг баатрууд алдаж шорон оронгоор явж эцэстээ өршөөлд хамрагдаж явсан түүх бий. Тэгж байж алгын чинээ газраа авч үлдсэн улс гүрэн гэдгийг мартаж болохгүй ээ. Ямар ч байсан мах цусанд нь шингэсэн дайчин үзэл бодол хүн бүрт байгаа байх. Үнэнийг хэлэхэд манай хөрсөн дээр буухгүй гадны үзэл бодлыг миний хүү эсэргүүцэж тэмцэж ирсэн дээ.

-Оршуулгынх нь үед найз нөхөд гэж олон хүн цугласан. Их олон найз нөхөдтөй хүн байсан гэдэг?

-Тийм. Тухайн үед би сайн анзаараагүй. Миний хүүхдүүд ахын найзууд нь гэж 80 гаруй хүн ирсэн гэж ажил явдлын дараа нь дурсаж байсан. Хүүг өнгөрчихлөө гэж сонсоод Хөх хотоос нэг найз нь ажлаа орхиод шууд ирж ажил явдлыг нь өнгөрөөж байсан. Одоо намайг энд тэнд явж байхад хүмүүс таниж, мэнд мэднэ. Цагаан сараар ирж золгоно. Зарим нэг нь "Та талийгаач Нямлхагвын ээж үү” гэж асууж ирээд л мэнд мэддэг юм. Нэг удаа эмнэлэгт ортол их эмч эмэгтэй "Та сайн байна уу, би талаагчийн найз нь байна” гээд сүйд болж билээ. Их л олон найз, танилтай хүн байжээ гэж боддог юм. Найзууд нь намайг их хүндэлдэг.

-Амиа алдсаных нь дараа хорих ангийн удирдлагууд нь танд юу гэж хэлж байв?

-Нас барсных нь дараа тэмдэглэлийн дэвтэр дээр нь байсан утас руу залгаж Хөх хотод онгоцноос бууж байсан нэг найзад нь хэл дуулгасан юм билээ. Тэгээд тэр нь манай хүргэнд хэл дуулгасан. Тухайн үед тус ангийн орлогч Нямсүрэн нь миний хүүгийн цогцсыг аваад ирж байсан. Хөшөө босгож, оршуулгын зардал гаргах ажилд нь Авдрантын хорих ангийн зүгээс хийж өгч тусалсан. Миний хүү өрөөндөө чонын зураг шүтдэг байсан. Түүнийх нь зургийг жаазлаад цогцостой нь хамт явуулсан байсан. Тэгээд би хүндэтгээд нэгэнтээ миний өврөөс гараад түмний хүүхэд болсон. Найз нөхөд нь хүндэтгээд энэ бүгдийг явуулсан байна.Үүнтэй нь хамт явуулъя гэж бодоод чонын зурагтай нь хамт оршуулсан. Дараа нь нэг сонин  дээр "Эх нь хүүгээ чонын зурагтай  хамт оршуулжээ” гээд элдэв янзаар бичсэн байна лээ.

-Дорнод аймагт нэгэн малчин айл таны хүүгийн зургийг томоор нь угаалчихсан бурхан мэт тахиж шүтсэн байдаг гэсэн. Тэр ямар учиртай айл юм болоо?

-Тийм. Настай хоёр хөгшин зургийг нь тахьчихсан байсан гэсэн. Миний хүүгийн найзууд зургийг нь харчихаад "Энэ танай хүүхэд үү” гэж асуусан чинь "Өө, манай хүүгийн амийг аварсан юм гэнэ лээ. Манай хүү бурханаа гэж шүтдэг юм. Зайлуул өөд болсон гэж дуулсан” гээд зургийг нь залчихсан байсан гэсэн. Тэр настай хөгшүүл ганц ачтай бөгөөд тэр нь хэрэг төвөгт орооцолдож яваад миний хүүтэй таарсан юм шиг байгаа. Тэгээд бурхан гэж ойлгодог гэсэн.

-Таны хүүг айлын ганц хүүхэд байсан мэтээр бичсэн байдаг. Гэтэл та дүүтэй, ахтай гэж ярилаа. Хүүгийн эцэг нь ямар хүн байсан бэ?

-Миний хүү томын удаах хүү байсан. Дээрээ нэг ахтай, дороо 11 дүүтэй. Би 13 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо байгаа нь долоон хүүхэд байна даа. Аав нь их нуруулаг томоотой, шүхрийн спортын мастер хүн байсан. Өндөр нуруутай, сийлбэр урладаг гарын ур дүй сайтай хүн байсан. Одоо өөд болоод удаж байна. Би одоо бага хүүтэйгээ амьдардаг.

-Толгойтын атаман Нямлхагва гэдгээрээ их алдартай байсан байжээ?

-Уг гарал нь Өмнөговь аймгийнх. Өссөн газар нь яах аргагүй Толгойт мөн. Ер нь сэтгэхүй нь хөгжсөн түргэн хөдөлгөөнтөй хүү байлаа. Нэг юм хэлэхээр аль хэдийнэ цаад учрыг нь ойлгочихсон байх жишээний. Тийм л айхтар гүйлгээ ухаантай хүүхэд байсан даа. Хүү минь өөд болоод 17 жил болсон байхад одоо хүртэл  нийгэмд хүүгийн миний талаар  янз бүрийн ташаа мэдээлэл гараад байгаад эх хүний хувьд эмзгээр хүлээж авдаг. Тэгэхээр зөв мэдээлэл өгөхийг хичээлээ.

О.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen