Хангайн буга айлын гадаа иржээ
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн Хүйтэн нуурын ойролцоо хаваржаалж байгаа айлын гадаа энэ сарын 20-ны өдөр том эр буга иржээ. Уг буга нь уулнаас бууж гэрийн ойролцоо мал хуйтай хамт идээшилж, уул руугаа явахгүй байгааг нутгийн малчид хэлж байна. Уулын амьтан уулнаас бууж айл бараадах үзэгдэл өмнө нь огт үзэгдэж байгаагүйг бас хэлж байжээ.
Нутгийн малчид болоод багийн Засаг дарга бугыг өвчтэй эсэхийг нь үзүүлэхээр аймгийн мал эмнэлгийн эмч нарт дуудлага өгч үзүүлжээ. Малын эмч нарын хэлж байгаагаар буганд ямар нэг өвчин байхгүй, харин ямар ч шүд байхгүй, хөгшин, зөнөсөн байж болох магадлалтайг хэлж байна. Бугын сэрвээний өндөр нь 160-170 орчим см, цусан эвэр нь хоёр төө орчим ургасан, ямар нэг шарх сорви байхгүй, тарга хүч нь хэвийн том эр буга байсан гэдгийг хэллээ.
Малчдын хэлж байгаагаар өчигдөр /05.23/ өглөөнөөс харагдаагүй, уул руугаа гарсан гэжээ.
Эх сурвалж: Etoim.mn