"Бэрхийн нурамт" ХХК хууль зөрчин, малчдыг хохироож байна

 

"Бэрхийн нурамт" компани Булган аймгийн Дашинчилэн сумын нэгдүгээр багийн нутагт 2015 оноос хойш хууль зөрчин, үйл ажиллагаа явуулж байна гэх иргэдийн санал гомдол гараад байна. Тус компани анх 2013 онд багийн Иргэдийн хуралд өөрийн компанийн үйл ажиллагааг дэмжих хүсэлт гаргаж байжээ. Тухайн үед энэхүү хүсэлтийг багийн малчин иргэд дэмжээгүй байна.

 

Гэтэл "Бэрхийн нурамт” компанийн удирдлагууд малчдын гэрээр явж, архи дарс уулган, гарын үсэг цуглуулж, хууль бусаар хурлын тогтоол гаргуулсан байна Багийн Иргэдийн нийтийн хурлаар энэхүү асуудлыг хэлэлцээгүй байтал тус компанийн удирдлагууд тухайн үеийн багийн Засаг дарга болон багийн иргэдийн нийтийн хурлын даргатай хуйвалдан, хуурамчаар тогтоол гаргуулсан аж. Түүгээр ч зогсохгүй байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хууль бусаар батлуулсан байна.

 

Ийнхүү "Бэрхийн нурамт компани 2015 оноос эхлэн Дашинчилэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт олборлолт хийж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус компани олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт огт хийгээгүй бөгөөд үүний улмаас малчдын олон тооны мал унаж хохирсон тохиолдол ч гарчээ. Энэ тухай нэгдүгээр багийн иргэд ярьж байна.

 

Л.МӨНХБАТ: УУРХАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСНААС БОЛЖ МАЛ БЭЛЧИХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

-Манай багийнхан анхнаас нь л эсэргүүцээд дийлэхгүй байгаа шүү дээ. Бид дэмжээгүй. Өөрсдөө ярихдаа дээрээс зөвшөөрлийг нь авчихсан л гэдэг. Багийн хурлаар оруулахгүй дахиад 10 га газар өгнө гэдэг буруу. Уурхай үйл ажиллагаа явуулснаас болж мал бэлчих ямар ч боломжгүй болсон. Нэмж ухаад л байна уу гэхээс нөхөн сэргээлт хийсэн юм байхгүй. Уурхайн орчмоор мал бэлчих боломжгүй учраас бид малаа оторлоод л явж байна.

 

З.САНДАГСҮРЭН: ЭНЭ УУРХАЙ ХҮЧЭЭР ШАХАМ Л АЖИЛЛАСАН

-Бид анхнаас нь дэмжээгүй. Энэ компани бол багийн иргэдийн хурлыг ч хийлгээгүй. Тухайн үедээ сумын төв дээр амьдардаг багийн харъяалалтай хэдэн хөгшчүүлийг сумын Соёлын төвд авчраад, гарын үсэг цуглуулсан байдаг. Би бол бүр анхнаас нь эсэргүүцсэн хүн л дээ. Тэгээд сүүлд нь багийн хурлаар
хэлэлцүүлсэн болоод, хүчээр шахам л уурхай нь ажилласан.

 

П.ЦЭРЭНДОРЖ: АЙЛААР ЯВЖ АРХИ ДАРС УУЛГААД, ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛСАН ГЭДГИЙГ ХҮМҮҮС МЭДЭЖ БАЙГАА

-Энэ компанийг манай багийн малчид дэмжээгүй. Хурал ч хийгээгүй. Айлаар явж архи дарс уулгаад, гарын үсэг цуглуулсан гэдгийг хүмүүс мэдэж байгаа... Бүгд л мэдэж байна. Манай нутаг малын бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн. Өвс ногоо ургах нь багасч байна.

"Бэрхийн нурамт” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл үүгээр зогсоогүй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн үйл ажиллагаагаа явуулах болжээ. Энэхүү хууль зөрчсөн асуудлыг багийн малчин иргэд эсэргүүцэн, Булган аймгийнхаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан байна.

 

Мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтээр тусгай зөвшөөрөлд хамааралгүй газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон төдийгүй өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёсгой юм байна.

Гэтэл Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр, байгаль орчны улсын байцаагч Б.Давааням нар "Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал А.Ганбаттгай хуйвалдан, өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоогүй байна. Түүгээр ч барахгүй 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр захирамж гарган 10 га газрыг "Бэрхийн нурамт” ХХК-д дахин нэмж ашиглуулахаар болжээ. Сумын Засаг даргын энэхүү захирамжид багийн малчин иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

 

Н.ТӨМӨРБАТ: ЭНЭ КОМПАНИ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАЛБАЙГААСАА ХЭТРЭЭД МАНАЙ ӨВӨЛЖӨӨНИЙ АР РУУ УХААД ЭХЭЛСЭН

-Энэ компани зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрээд манай өвөлжөөний ар руу ухаад эхэлсэн. Бид энэ талаар орон нутгийн удирдлагууддаа хэлсэн. Аймгаас хүмүүс ирж хэмжилт хийж шалгасан. "Бэрхийн нурамт” компанийг тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээнээсээ хэтэрч ухсан байна гэж тогтоосон. Ингэж хууль зөрчсөн уурхайг зогсоомоор л байна. Малын бэлчээр сүйтгэгдэж байна. Өвс ургамал ч ургахаа болилоо, газрын гарц багасч байна.

 

П.ЦЭРЭНДОРЖ: 10 ГА ГАЗАР НЭМЖ ОЛГОСОН ТАЛААР БИДЭНД ЯМАР Ч МЭДЭЭДЭЛ БАЙХГҮЙ БАЙНА

-"Бэрхийн нурамт” компанид 10 га газар нэмж олгосон талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй байна. Багийн хурлаар ч энэ асуудал яригдаагүй. Өмнөх талбайг нь сунгаж өгч байгаа юмуу эсвэл шинээр нэмээд өгч байгаа эсэхийг нь мэдэхгүй байна.

 

"Бэрхийн нурамт” ХХК нь 2015 онд олборлосон алтаа 2016 онд Монгол банкинд тушаасан гэх мэдээлэл байна. Харин 2016 онд олборлосон алтаа огт тушаагаагүй, компанийн тайландаа ч тусгалгүй татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон аж. Мөн орон нутагтай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан боловч сумын хэмжээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудаа гэрээний дагуу хийгээгүй юм байна.

Ийнхүү уул уурхайн компанийн удирдлагуудын хариуцлагагүй, хууль зөрчсөн үйл ажиллагааны уршгаар хөдөөгийн малчин иргэдийн эрх ашиг хөндөгдсөөр байна. Тус компанийн энэхүү хууль зөрчсөн асуудлын талаар малчин иргэд сумынхаа удирдлагуудад удаа дараа гомдол гаргасан боловч орон нутгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй, үйл ажиллагааг нь таслан зогсоохгүй байгаа тул "Бэрхийн нурамт” компанийн хууль зөрчсөн асуудлыг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар болжээ.



Д.ТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen